Өнөөдөр Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв, Замын цагдаагийн алба хамтран мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээнд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.
2016 оны Cap шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба 1089 дуудлага мэдээлэл хүлээн авч, зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэж байжээ. Нийт зөрчлийг тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчсөн, урсгал сөрсөн, хамгаалах бүс, хүүхдийн эориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй, тээврийн хэрэгслийн хурдны хязгаар хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг шалтгаанууд эзэлсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон аж.
Сар шинийн баяраар ЗЦА өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд авто замын хөдөлгөөний зохицуулалтад Цагдаагийн академийн сонсогчид, хөдөлгөөнт эргүүлийг дайчлан ажиллаж, хөдөлгөөнт камерыг ашиглах юм байна. Мөн иргэдийн Сар шинийн баяраар идээ ундаагаа өргөдөг уул овоонд цагдаагийн албан хаагчыг тусгайлан ажиллуулж, зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгөх гэнэ. Тус газар баярын өдрүүдээр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг нийт иргэдэд уриалав.