Бүх цаг үе, ард түмний агуу аялагчдын жагсаалт ганцхан хүний нэрээр эхэлдэг. Тэр бол XIII зууны сүүлчээр өрнөдөөс гарч алс холын дорныг зорьж, Монгол, Хятадын их хааны ордонд олон жил суурьшин, Япон, Зүүн өмнөд Ази, Перст очиж үзсэн анхны европчуудын нэг Марко Поло. Түүний аяллын дурсамж, сэтгэгдлээс бүтсэн “Орчлонгийн элдэв сонин” нэртэй бичмэл дэлхийн хэвлэмэл номын түүхэнд хамгийн алдартай нь болж чадсан юм. Цаг хугацаа улиран одох тусам түүхэн хүмүүсийн бодит баримт бүдгэрдэгийн адил Марко Пологийн төрсөн он сар өдөр, хаана нутаглуулсан зэрэг мэдээллүүд баларч, зөвхөн түүний өөрийнхөө талаар ярьсан, үзэж туулсан сонин хачнаа тэмдэглэсэн хэсгүүд л хүн төрөлхтөнд өвлөгдөн үлджээ. Жон Баптист Рамузио (1485-1557) XV зуунд Марко Пологийн товч намтарыг бичиж түүхэнд үлдээсэн бөгөөд энэхүү намтараас харахад алдарт аялагч маань 1254 онд Венецид төрсөн байх юм.
Марко Пологийн аялагч болсон түүх
Аялагч дорно дахинтай худалдаа наймаа хийдэг Венецийн худалдаачны гэр бүлд төржээ. Маркогийн эцэг Николо ах Матфеот болон өөр нэг ахынхаа хамт дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд 1260 онд Судак (Крым) руу ээлжит худалдаа наймааны аянд морджээ. Тэд энэ аялалаараа Бухарт хүрсэн ба энэ нь гайхах зүйл огт биш байлаа. Учир нь бүх цаг үеийн худалдаачид алс холын замд гарч, арилжааны шинэ шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоохыг илүүд үздэг шүү дээ. Бухарт ирсэн тэд Персээс Ханбалык буюу одоогийн Бээжин рүү чиглэх худалдааны жинтэй нэгдэж, урт хугацааны аянд гарав. Наймаачдын гол зорилго нь Хятад болон дорнын бусад орнуудтай арилжаа наймаа хийх боломж эрэлхийлсэн явдал байж.
Жингийнхэн 1266 оны өвөл Бээжинд хүрсэн ба ах дүү нар тухайн үед Хятадыг эзлээд байсан Монголын Эзэн хаан Хубилайд бараалхжээ. Хаан ч Европоос ирсэн худалдаачдыг найрсаг хүлээн авч, харилцаа холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Иерусалимд орших Христийн авснаас тос авчирч өгөхийг хүссэн гэдэг. Хаан болон наймаачин ах дүүсийн дунд өрнөсөн энэхүү яриа батлагдаагүй ч монголчууд ямар ч шашинд хүндэтгэлтэй ханддаг ард түмэн учраас ийм хүсэлт гаргасан байх магадлал өндөр гэж эх сурвалжууд үздэг байна.
1269 онд ах дүү нар Венецид эргэн иржээ. Хэдэн жилийн дараа тэд ээжилт худалдааны газраа нээхээр дахин дорныг зорьжээ. Пологийн гэр бүлийнхэн хувийн худалдааны ашиг сонирхлынхоо хажуугаар Венеци, Хятадын хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх дипломат үүрэг даалгавар гүйцэтгэсэн гэхэд болно. Ах дүүс замдаа Иерусалимаар дайрч, алс дорнын хаандаа зориулж Христийн авснаас үхсэнийг амьдруулагч тос олохоор зориг шулууджээ. Николо аян замдаа 17 настай хүүгээ дагуулан явсан нь Марко Поло байлаа. Ийнхүү Марко Поло аялагч болох эхлэл нь тавигдсан юм.
Аялагч Монголын эзэнт гүрэнд
Пологийн гэр бүлийнхэн ямар замаар Иерусалимаас Бээжин хүрсэн нь тодорхойгүй ч тухайн үед жинчид явж өнгөрдөг замыг сонгон зорьсон газартаа ирсэн нь ойлгомжтой биз ээ. 1275 онд тэд Хубилай хааны өргөөнд хүрэлцэн иржээ. Марко Пологийн хэлсэн бүхнээс үзэхэд их хаан залуу хүүг ихэд тоож, дэргэдээ авч, зарим ажлаа түүнд итгэн гүйцэтгүүлж, улс орны хэмжээний томоохон үүрэг даалгавар даалгадаг байсан аж. Үнэндээ энэ бүхэнд итгэхэд бэрх. Учир нь тухайн үед Марко Поло дөнгөж 20-иодхон настай байсан. Гэхдээ тэр Европын язгууртнуудад хамаарахгүй элч, хөндлөнгийн хүн байсан учир хааны үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд тохирох нэгэн байсан ч байж болох л юм.
Түүний хэлснээс үзэхэд Хубилай хаан Марког гурван жилийн турш Янчжоу хотын амбан захирагчаар ажиллуулж байсан гэнэ. Мэдээж эзэн хаантай шадар хүний хувьд Поло Монголын Эзэнт гүрний олон газарт худалдаа наймаа болон бусад асуудлаар очих боломж гарсан байж таарна. Тэрээр нийтдээ 17 жилийг Монголын эзэнт гүрэнд өнгөрөөсөн гэдэг. Эзэн хаан түүнийг явуулахыг хүсээгүй ч гүнжээ Персийн шах Аргун хунтайжид өгөхөөр болжээ. Үнэт эрдэнэ болсон охиноо хуурай газраар явуулах нь аюултай байсан тул хаан 14 хөлөг онгоц бүхий флотыг илгээхдээ Пологийн гэр бүлийг тусгай төлөөлөгчөөр хамтад нь явуулсан аж.
Хөлөг онгоцууд Ормуз хүрэх замаараа Япон болон Зүүн өмнөд Азийн олон газраар дайрч, Суматра, Цейлон аралд ч иржээ. Поло Перст ирээд Эзэнт гүрний хааныг таалал төгссөн тухай мэдээг авчээ. Үүгээр Пологийн гэр бүлийн үүрэг дуусгавар болж, төрөлх нутагтаа ирсэн гэдэг. Тэд 1295 онд Венецидээ эргэн иржээ. Марко Пологийн хувийн амьдралын талаар нарийн дэлгэрэнгүй зүйл бараг байдаггүй. Венецичүүдийн яриагаар тэрээр Монголын Эзэнт гүрний хааны гүнж, үзэсгэлэнт Хао Донгод сэтгэлтэй байсан гэлцдэг.
Домог ёсоор тэр дорнын уламжлалаар гэрлэж, залуу эхнэр Марко Полог дагаж аялдаг байсан гэнэ. Гэвч Венецид ирсэн Хао Донг европчуудтай огт төсгүй царай төрхөөсөө болж язгууртны нийгэмд багтаж чадаагүй бөгөөд нөхрийнхөө нэр хүндийг ихээр гутаадаг байсан аж. Тиймээс Марко Полог шоронд ороход түүний нэг үеэл эгч нь Хао Донгод нөхрийг нь шоронд үхсэн гэж хэлжээ. Сэтгэлээр унасан Хао Донг хэнд ч хэлэлгүйгээр хувцсаа шатааж, цонхоор суваг руу үсэрсэн байна. Өдгөө энэ газрыг Венецийн хамгийн нууцлаг газар гэлцдэг. Энд үе үе Эзэн хааны гүнжийн гунигт дуу сонсогддог гэдэг бөгөөд шөнийн тэнгэрт шатаж буй эмэгтэй хүний дүрс ч харагддаг гэж ярьцгаадаг. Өөр нэгэн эх сурвалжаас үзвэл Марко Поло Донате хэмээх эмэгтэйтэй гэрлэж, аз жаргалтай амьдарч байсан бөгөөд гурван охинтой байсан гэдэг.
Марко Пологийн номын тухай
Марко Поло олзлогдон шоронд сууж байхдаа азтай тохиолдлоор Рустичана хэмээх зохиолчтой танилцсан ба тэрээр зохиолчид Монголын эзэнт гүрэн болон дорнын орнуудад амьдарч байсан дурсамжаа хуваалцаж, “Орчлонгийн элдэв сонин” ном бүтжээ. Марко Пологийн хувьд заяа тун таатайгаар эргэсэн. Тэрээр олзноос суллагдаж, үлдсэн амьдралаа Венецид өөрийн гэртээ элбэг хангалуун өнгөрөөжээ. Аялагч 1324 онд тэнгэрт хальсан гэнэ. Түүний бүтээсэн ном хэдэн зууны турш эрэлт хэрэгцээтэй байж, танин мэдэхүй, лавлагааны чухал материал болсоор ирсэн. Энэ номыг түшиглэн дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн олон олон аялал эхэлсэн гэлцдэг.
Марко Пологийн гол гавьяа бол европчуудын анхаарал сонирхлыг Монгол, Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Ази зэрэг орны зүг татсан явдал. Түүний ном европын адал явдалд дуртай шинэ газар нээгчдийн ширээний ном болсон ба Хритофер Колумб л гэхэд Энэтхэг рүү гарах баруун замыг хайх аялалдаа Марко Пологийн туршлагыг ашиглан, олон ажиглалтаа тэмдэглэж үлдээсэн нь Севилийн музейд одоо ч хадгалаастай байдаг. Марко Пологийн ном хэдэн арван жилийн турш Дорнын түүх, газар зүй, угсаатан судлалын цорын ганц эх сурвалж болж, XIII-XIV зууны далайн аялагчид, газрын зураг зохион бүтээгчид, зохиолчдод томоохон нөлөө үзүүлсэн байдаг.
“Орчлонгийн элдэв сонин” номын LXXXVI бүлгээс:
…Их хаан чухал шаардлагаар 12 мянган морьтныг дэргэдээ хамгаалалтад байлгадаг. Эдгээр морьтныг quesitam (ке-зитам) гэж нэрлэдэг бөгөөд францаар морьтон, үнэнч албат гэсэн утгатай юм. Их хаан хэн нэгнээс айсандаа тэднийг дэргэдээ байлгадаггүй. Хамгаалалтын морьтон цэргүүдийг дөрвөн дарга толгойлж, дарга бүр гурван мянган хүнийг захирна. Гурван шөнө, гурван өдөр гурван мянган морьтон Их хааны ордонд амьдардаг. Энд тэд идэж, уудаг ч гурав хоногийн дараа буцаж, дараагийнх нь ээлж ирнэ. Харуулууд ингэж гурван шөнө, гурван өдрөөр тогтмол хааныг манаж, солигдоно. Энэ байдал бүтэн жилийн турш үргэлжилнэ.
Найрын үеэр Их хаан ширээнд дараах байдлаар сууна. Түүний ширээ бусад ширээнээс илүү өндөр байх бөгөөд тэр урд зүг рүү харж, ширээний хойд хэсэгт сууна. Түүний зүүн хэсэгт хамгийн ахмад эхнэр нь, баруун гар талд нь арай доогуур хөвгүүд, үр ач, хааны удмынхан сууна. Тэдний толгой Их хааны хөл хэсэгт байхаар доогуур. Харин бусад түшмэл өөр ширээнд, түүнээс доогуур сууна. Эхнэрүүд бас ийм байдлаар сууна. Их хааны хөвгүүдийн эхнэр, хүүхдүүд, төрөл төрөгсөд зүүн талд, тэднээс доогуур ноёд, баатруудын эхнэрүүд сууна.
Их хааны тогтоосон дүрмийн дагуу бүгд өөр өөрсдийн суух газраа сайн мэднэ. Их хаан бүгдийг харж байхаар ширээнүүдийг байршуулах бөгөөд ширээ нь тоогүй олон. Энэ өргөөний гадуур 40 мянга гаруй хүнийг дайлж цайлна. Энд их хэмжээний нөөц зоогтой ирэх бөгөөд харийн орнуудаас ховор эд зүйлс авчирна. Эрх мэдэлтэй хүмүүс илүү ихийг авчрах бөгөөд Их хааныг хурим найр хийхэд хүрэлцэн ирдэг.
Их хааны суух өргөөний гол дунд цэвэр алтаар хийсэн том аяга байршуулсан байна. Түүн дотор торхтой дарс байрлана. Том аяганаас дарс болон бусад ундааг алтан саваар дамжуулан юүлэх бөгөөд нэг аяганаас 8-10 хүнд хүрэлцэх дарс гарч ирнэ. Ийм савыг хоёр хүний дунд тавьдаг. Хүн бүр өөрийн гэсэн бариул бүхий хундагатай. Үүгээрээ алтан судлаас дарс юүлж уудаг. Хоёр эхнэрийн дунд ч бас том савтай дарс, хоёр хундага тавина. Сав суулга, хундага нь мэдээж үнэтэй. Алтан мөнгөн сав Их хаанд маш олон бий. Хараагүй хүн хэд гэдэгт нь итгэхгүй.
Их хааны хоол, ундааг олон албат өгнө. Харин тэдний ам, хамрыг гоёмсог торгон, алтан даавуугаар халхалсан байгаа нь сэтгэл, үнэр нь Их хааны хоол, унданд хүрэхгүй гэсэн санаа. Их хааныг ууж байхад хөгжмийн зэмсгүүдийг тоглож, Их хаан хундагаа гартаа авахад бүх албат, тэнд буй хүмүүс өвдөглөн сөхөрч, доош мэхийдэг. Их хааныг уусны дараа, уух тоолонд ийм зүйл давтагддаг. Хоолны талаар юу ч хэлэхгүй. Маш их гэдэгт итгээрэй. Тэнд эхнэргүй албат, баатрууд гэж үгүй. Харин эхнэрүүд нь хамтдаа идэж уудаг.
Орчуулсан Б.ЦЭЛМЭГ