Онцлох мэдээ

“20.000 ХУВЬСАГЧТАЙ” САНХҮҮГИЙН ЛУЙВАРЫН СХЕМ БА ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ Цуврал (2)

Бичсэн Б.Булгамаа

Уурхайн инженер, эдийн засагч С. Авирмэд гуай 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийг дүгнэн бичсэн дараах нийтлэл бичигдэхээс зургаан жилийн өмнө АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд өөрийн Засгийн газартаа тус хуулийг хэрхэн дүгнэн тайлагнаж байсныг энд сийрүүлье.

2006 оны 12-р сарын 4. Мягмар гариг. Монголын шинэ хууль гэх дэлгэрэнгүй тайлан 45 зүйл бүхий 40 хуудастай. Тухайн үедээ нууц материал байсан АНУ-ын дипломат шугамын мэдээллийг wikileaks.org сайт ил болгосноор дэлхийн хэн бүхэн унших боломжтой, нээлттэй болсон.

Марк Минтон 2006 оны Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийг эдийн засгаа сүйтгэх хууль болжээ хэмээн дүгнэжээ. Тэрээр энэ хууль эдийн засгаа “хөдөлгөх” ач холбогдолтой байх атал сүйрүүлэх үзэл санаатай болсон гэж. Минтон энэ хуулийн талаар дэлгэрэнгүй тайлагнах болсон шалтгаанаа “АНУ-Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд ач холбогдолтой тул АНУ-ын засгийн газрын агентлагуудын нөөц бололцоог бүрдүүлэхэд тус дөхөмтэй” хэмээжээ.

2006 оны хууль 1997 оны хуулиас нэг зүйлээр адилхан байгаа нь лицензийг замбараагүй тараах заалтын тухай Авирмэд гуайн нийтлэлд тодорхой шүүмжилсэн байгаа. Минтон мөн л энэ хуулиар лиценз тарааж байгааг Авирмэд гуайтай адил шүүмжилсэнг уншигч та анзаарна. Энэ хоёрын бичсэн он жил, зорилго нь тэс өөр ч нэг л ижил агуулгатай. Тэр нь төрийн эрх барьж байсан Монголчууд өөрийн жижигхэн амин зуулгаа  сайжруулахын тулд эх орон газар шороогоо хэрхэн худалдаж байгааг харуулна. Гэхдээ үүнийг хууль гаргаж байгаад хийсэн.

Минтоны тайланд: “Бүхэлдээ энэ хуулийн айдас төрүүлэх хэсэг нь стратегийн ач холбогдолтой орд газар гэсэн ойлголт орж ирсэнтэй холбоотой. Учир нь Төр стратегийн орд газар хэмээн тодорхойлсон энэ уурхайнуудаа 51 хүртэл хувь эзэмших бөгөөд энэ эзэмшлийнхээ зардлыг өөрсдөө гаргах эсэх нь тодорхойгүй, хэдэн хувийг эзэмших юм бэ? гэдэг нь тодорхойгүй байгаа нь гадаадын уурхай эрхлэгчдийн санааг зовоож байна. Энэ заалт нь арбитрийн шүүх рүү явах асуудлыг ихэсгэж, эрх баригчдийн эрх мэдэл, авилгыг өөхшүүлсэн хууль болжээ. Гэхдээ бүх зүйл муу биш бусад заалтууд гадаадын уурхай эрхлэгчдэд татварын таатай орчинг бий болгосон” гэж дүгнэжээ.

Минтоны тайланг бүрэн эхээр нь хавсаргасан болохоор гол гол анхаарал татсан хэсгүүдээс тоймлон орчуулав.

Стратегийн ач холбогдол бүхий 49 орд газрын жагсаалт ямар үндэслэлтэй, ямар шалгууртай, хэрхэн тооцох зэрэгт ямар ч шалгуур,  үндэслэл байхгүй. Хэдийгээр Засгийн газрын гишүүд стратегийн орд газар гэдгийг Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчин, бүс нутгийн нөлөөллийн жигнэсэн дундаж үзүүлэлтээр тодорхойлж байгаа гэж хэлсэн боловч ямар нэгэн баталгаажсан баримт бичиг байхгүй юм.

Мөн стратегийн орд газар мөн эсвэл биш хэмээн тодорхойлохыг УИХ шийдэх бөгөөд үүнд улс төрийн нөлөөлөл орохгүй гэж байгаа ч итгэхэд бэрх байна. Жишээ нь Бороо гоулд Монгол компанийн мэдээлснээр улс төрийн нөлөө бүхий УИХ-ын гишүүн, бизнес эрхлэгч Су. Батболд (нэг сар хүртэл Үйлдвэр худалдааны сайд байсан) Бороогийн удирдлагуудад тэдний алтны шинэ уурхайн төсөл Стратегийн орд газрын жагсаалтад орсон гэж хэлээд тэд одоогийн төслүүд дээр үүсээд байгаа татварын нөхцөл байдлыг өөрчлүүлэхийн тулд Засгийн газартай хийсэн гэрээгээ цуцлахыг хүсч байгаа бол жагсаалтаас хасч болно гэсэн санал тавьснаас үүдэж стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтаас хасагдсан гэж Минтон бичжээ. Энэ нь улс төрийн нөлөөлөл байгааг нотолж байна гэсэн утгатай байна.

Тендэр зохион байгуулалтын тухай: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь энэ хуулийн дагуу хайгуулын мэргэшсэн компаниудад хайгуул хийх эрхийг зөвхөн тендерээр шалгаруулдаг болсон. Харин хайгуулын лицензийг зөвхөн дамнан борлуулах зорилгоор  Монголчууд голдуу авч Барууныхан, Орос, Хятадад дамлан зардаг. Энэ зохицуулалт  хязгаарлагдмал нөөцтэй уул уурхайн олборлолт хэтэрч байгааг харуулж байна. Шинэ хуулийн хамгийн том хохирогч бол иргэд бөгөөд уул уурхайн урт хугацааны эзэмшлийн эрхийг дамлан худалдаж  нэг удаа баяжсан Монголчуудын хохирогчид юм. Сонирхолтой нь төр нь ч бас хохирогч болно. Учир нь урт хугацааны эзэмшлийн эрхтэй, санхүүжилт сайтай фирмүүд үүнийг харуулах болно. Энд ялагч нь санхүүжилт сайтай болон төрийн санхүүжилттэй барууны, орос, хятадын компаниуд юм.

Өөр нэг хэсэг ялагчид нь хэн урт удаан хугацааны эзэмшлийн эрхийг авахыг шийддэг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Үйлдвэр худалдааны яамны эрх мэдэлтнүүд юм. Эдгээр эрх баригчид авилга  өгөх, арбитрийн шүүхэд хандах шаардлагатай болох тийм нөхцөлийг бүрдүүлж уул уурхай эрхлэгчдэд төвөг учруулж байна.

Нийт ажиллагсдын 10-аас дээшгүй хувьд гадаадын иргэд ажиллуулах тухай заалтыг барууныхан компаниуд нэг их эсэргүүцэхгүй байна. Учир нь хямд хөдөлмөр эрхлэгчид компанийн зардлыг бууруулдаг.

Цувралын 1 дэх  нийтлэлд төрийн албан хаагчид өөрсдөө эх орныхоо эрх ашгаас урваж байгаа тухай байсан бол энэ удаа 2006 оны хуулийг санаатайгаар Монгол Улсын эрх ашгийн эсрэг гаргажээ гэдгийг нотлон харуулахыг зорилоо.

Минтоны тайлан бүрэн эхээр wikileaks.org/plusd/cables/06ULAANBAATAR870_a.html  уншаарай

авирмэд “20.000 ХУВЬСАГЧТАЙ” САНХҮҮГИЙН ЛУЙВАРЫН СХЕМ БА ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ  Цуврал (2)

Оюу толгойн луйвар ба Баабартан

  Өмнөх http://updown.mn/50001.html

 Үргэлжлэл  Цуврал (2)

2012-04-09 Бичсэн С.Авирмэд, Уурхайн Инженер Эдийн Засагч, Доктор

2006 оны хууль буюу “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов”

“Хувьсгал” ялаад арав гаруй жил, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсыг гийгүүлэх төлөвлөгөө арваад жил хэрэгжиж байгаа ч улс орон дорвитой хөгжсөнгүй. Харин цөөхөн хэсэг баячууд улам баяжихад ядуусын тоо өсөөд хүн амын гуч гаруй хувьд хүрсэн байна. Монголын түүхэнд байгаагүй траншейны нинжа гэх “хүн сүрэг”, бичиг үсэггүй харанхуйчууд, янхан, архичны тоо л эрс нэмэгдэв. Монгол хэлэнд байгаагүй “авилга” гэх үгс бий болжээ.

Энэ нийгэм нэг л “биш” гэх яриа газар авлаа. Хэрэв хүсвэл дээр тоочсон алдаа дутагдлыг газар авахуулахгүй засаж болно. Харин 1997 оны хуулийн хар гайгаар лиценз хэмээх алгын чинээ цаас ертөнцөөр  нэг тараасан нь хэзээ ч нөхөгдөшгүй заяагдмал баялгаа эргэлт буцалтгүй алдаж байгаа юм биш байгаа даа! гэх  шаналан Монгол хүн бүрийг зовоож байлаа.

 “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Болд, Номт, Бямбаа, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Баярхүү Ганбаатарууд, Энхбат, гол ус ариун дагшин байгаль нутгаа өмөөрсөн “Онги  гол”-ын Мөнхбаярыг дагасан хөдөө орон нутгийн эх орончид “Шударга иргэдийн фронт”-ын Арслан, “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ний Батзандан, Магнай, Ичинноров, “Иргэдийн алъяанс төв”-ийн Занаа, Сүхгэрэл, “Ахмадын чөлөөт холбоо”-ны Баасан инженер Лхагважав, Улс төрийн сониныг эрхлэн гаргаж байсан сэтгүүлч Уянгаа зэрэг эх орончид олон жилийн турш тогтмол үйл ажиллагаа явуулж үндсэндээ нэгдмэл байр суурьтай байн, байн зөвлөлдөн уулзаж, хамтын шийдвэр гаргаж, үүний үр дүнд олон удаа жагсаал цуглаан, улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцсэнээр гаднын шунал тангуудын гар хөл, эх орны баялгийг үнэгүйдүүлж худалдах гэсэн санаархлыг тухай бүрд нь зогсоон барьж чадсан юм.

Үүний нотолгоо нь 2003 онд Оюутолгойн гэрээ байгуулах гэсэн Фрийдландын санаархлыг зургаан жил саатуулж шинэ их өр үүсгэх хугацааг наад зах нь зургаан жилээр хойшлуулж чадсан. Геологи уурхайн салбарын тэргүүлэх том эрдэмтэн Ж.Бямба, Ч.Хурц, М.Дамдинсүрэн, Монголын нэртэй эрдэмтэн нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, эдийн засгийн ухааны доктор Пүрэвбаатар, Д.Бямбасүрэн, Дашзэвэг, Монголын хамгийн том хуульч доктор Чимид, Сайд асан хуульч Цог, Олон улсын эдийн засагч Эрхэмбаяр зэрэг нэр нөлөө бүхий эрхмүүд эвсэл хөдөлгөөнийхөнд зөвлөгөө өгч тусалдаг байлаа.

Харин нөгөө талд зарим нэг их гүрэн олон улсын байгууллагууд, үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигт үйлчилдэг Монголын эрх ашгаас урвасан, төрийн эрх барьж байгаа хоёр намын удирдлагаас бүрдсэн нэгдмэл бүлэглэл, гадаадын хөрөнгө оруулалттай болон Монголын томхон алтны уурхайн эздийн санхүүжүүлдэг “Монголын уул уурхайн үндэсний ассоциац”, МҮХАҮТ мэтийн цөөн байгууллага бидний эсрэг буюу Ашигт малтмалын хуулийг Монголын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлүүлэхгүйн төлөө сурталчилгаа хийдэг байв.

Бидний ард мөнгөгүй ядуу Монголын ард түмэн баттай зогсож байсан. Бид зөвхөн тэдний дэмжлэгт л итгэдэг байсан. Ийм нөхцөл байдал үүсээд байхад Ашигт малтмалын тухай хуулийг гарцаагүй өөрчлөх нөхцөл байдал үүслээ. УИХ-ын гишүүн О.Энхсайхан ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш бидний хэсэг эрдэмтэд,  хөдөлгөөнийхөнд  дээрээс дэмжих хүчгүй боллоо. Энэ хуулийг шинэчлэн найруулах ажлыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороог тухайн үед тэргүүлж байсан АН-ын Л.Гантөмөр хариуцаж авсан бөгөөд тэрээр төрийн ордонд энэ сэдвээр нэг уулзалт зохиож, үндэсний мэргэжилтнүүдээ үл тоож, цөөн тооны гадаадынхныг сонссон болоод гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлбөрийг багасгах тухай улиг болсон зүйлээ ярьсаар цаг нь дууссан уу? зориуд зохион байгуулсан уу? тэгсгээд өнгөрсөн.

Энэ хооронд УИХ дахь олигарх Жаргалсайхан, Мо дарга хочтой Батбаяр зэрэг гишүүд төрийн өмчийг дэмжих хэрэггүй, хувийн өмчийг нийгэмчлэх нь буруу, муу сайн коммунистууд, хуучин цагийн өвгөчүүл гэх мэтээр биднийг гоочилсноос бид барьцалдаж авахдаа тулж энэ уулзалт өндөрлөсөн. Үүнээс хойш Ашигт малтмалын хуулийн тухай яриа 5 сар хүртэл таг мартагдсан. Хожим сонсоход Одхүү ахлагчтай УИХ-ын ажлын хэсэг АМТХ-ийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байсан юм билээ. Энэ тухай хэвлэлийн мэдээ цухас гарахаас хэтрэлгүй 6-р сартай золгов. Үнэндээ Одхүү Доктор Хурц бид хоёртой мөр алгадаж нэг удаа уулзахдаа цаг үеийн асуудал ярьж маазраад “газар шороо”-ны Болдтой бас нэг уулзахдаа хөл бөмбөг ярьж бага насаа дурсаад өнгөрсөн байдаг. Ингэж цаг нөхцөөсөөр 2006 оны 6-р сарын 13-нд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэж улмаар чуулганаар хэлэлцүүлж 7-р сарын 9-нд УИХ-аар батлагдсан байдаг. 1997 оны хар хуулийг ядахдаа жоохон ч гэсэн цайруулах гэсэн боловч бүр дордуулж нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон юм.

Эдгээр худалдааны дэлгэрэнгүй материал бидэнд хадгалагдаж байдаг бөгөөд үүний үндсэн дээр хуучин хуулиа долоо дордуулсан гэх дүгнэлт хийхээс гадна хамгийн гол нь улс орон ард түмний эрх ашгийн эсрэг хэн гэмт үйлдэл хийв? шулуухан хэлбэл урвагч хэн бэ? гэдгийг энд тайлбарлахаар шийдсэн юм.

Энэ тухай би  “Ордны хуйвалдаан буюу хөшигний цаадах үзэгдэл ” гэдэг өгүүлэлдээ тодорхой бичсэн.

  1. 2006 оны хууль нь нийтийн өмч баялгийг ямар ч хяналтгүй тараан өгөх,  ашигт малтмалын тухай мэдээлэлд ойр байдаг гадаад дотоодын хэсэг бүлэг этгээд энэ их баялгийн дийлэнхийг хуваан хүртэх боломж олгосон тэр үзэл баримтлал 1997 оны хуулиас энэ хуульд өвлөгдөн үлдсэн байдаг. Тэрхүү баялгийг цөөн тооны хүмүүс илүү завших боломж олгосон нь энэ хууль сайжраагүй гэдгийг харуулна.

Энэ ноцтой алдаа завхрал нь хуулийн 5-р зүйлээр баталгаажсан. Энэ зүйлд эрдсийн баялаг төрийн өмч, нийтийн өмч мөн гэдгийг зарим зүйл заалтаар үгүйсгээгүй. Харин хуулийн 4.5, 5.5 дугаар заалтаар үүнийг холион бантан болгоод зогсоогүй, хувьсгалаас өмнө хайгуул хийсэн, зөвхөн стратегийн ордуудыг Монголчууд эзэмшиж болох бас болохгүй, харин 90 оноос хойш хайгуул хийсэн ордууд Монголын нийт ард түмний өмч биш бусдын тэр тусмаа гадаадынхан өмч мөн хэмээгээд тухайлбал “Оюу толгой”-г Айванхоу, Рио Тинтогийн эзэмшилд өгөх далд утгатай заалтыг хийж өгсөн байдаг.

Ашигт малтмалын нөөц тогтоох геологи хайгуулын ажлыг төрийн санхүүжилтээр ба хувийн санхүүжилтээр хийснээр нь хоёр хувааж 5.4 ба 5.5 заалтыг тус тусад нь ялгасан байдаг. Энэ нь төрийн өмчөөр хайгуул хийсэн бол тухайн ордын баялгийг ашиглах үед төр ард түмэнд оногдох хувийг 50 хүртэл  (51 хувь нь өмчийн эзэн болох Үндсэн хуулийн заалтыг үгүйсгэж байна) эзэмшинэ гэж хуульчилсан. Харин хувийн өмчөөр хайгуул хийсэн бол тэрхүү хайгуул хийсэн этгээд 66-гаас илүү хувийн ашиг хүртэж, Монголын ард түмэнд 34 хүртэл хувийг оногдуулахаар хуульчилсан. Энд хоёр ноцтой үр дагавар гарч ирж байгааг уншигчид ажиглаж байгаа байх. 90-ээд оноос хойш нөөц тогтоох хайгуулын ажлыг төрийн санхүүжилтээр хийхээ больсон. Манай улсын одоогоор тогтоогдоод байгаа бүх эрдсийн баялгийг бүгдийг нь лицензээр тараагаад өгчихсөн. Энэ нөхцөлд төр түүнийг эзэмших эрхгүй болж буй бөгөөд зөвхөн хувийн хэвшлийнхэн хайгуул хийснээр эзэмших болж байна. Гэхдээ Монголын ард түмний баялгаас хүртэх ашгийн ихэнх нь гадаад, дотоодын хувь хүмүүсийн гарт очно. Монголчууд баялгаа ашиглаж сайхан амьдарна гэсэн мөрөөдөл биелэгдэхгүй. Үүнийг Оюутолгойн гэрээний нөхцөл нотолж байна.

Баабартан ашгийн 70 хувь нь Монголчуудад оногдоно гэж “буудсан”. Баярцогтонгууд Монголын талд 53 хувь, гадаадынханд 47 хувь үлдэнэ гэж улиг болтол айлдсан. Менежмент, удирдлага, өмчийн эзэмшил гаднын гарт орсон нөхцөлд ашиг доод хэмжээндээ жилд нэг доллар болсон түүнийхээ 57 хувийг танайд хувиарлалаа гэж тохуурхахыг хэн байг гэх юм бэ?.

Үнэндээ Оюутолгойг сайн менежментээр ашиглавал жилд 500 саяас нэг тэрбум долларын ашиг гарна. Түүний тал нь 3 сая Монголд, тал хувь нь Фрийдландын цөөхөн хүнд оногдоно гэдэг нь баялгийн шударга хувиарлалт мөн гэж үү? 5.5-р заалт ийм нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Нөгөө талаас хамгийн том ялгаа буюу Монголчуудад оногдох хэсгийг багасгаж Фрийдландад оногдох ашгийг наад зах нь 16 хувиар ихэсгэсэн байгаа. Гэтэл ашгийн 16 хувь гэдэг бол хэдэн зуун сая доллар билээ.

  1. Уурхайн үйлдвэрийг санхүүжилтээр нь ялгаж зааглаад байгааг та бүхэн 5.4, 5.5 заалтаас төвөггүй ажиглаж болно. Төрийн өмчөөр хайгуул хийсэн ордыг түшиглэж уурхай байгуулахдаа шууд хөрөнгө оруулах буюу банкны санхүүжилтээр хөрөнгө оруулах, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол хувьцаагаар санхүүжүүлэх гэсэн байна. Үүнийг дахиад л Оюутолгойн үйлдвэрийн санхүүжилтийн жишээн дээр ойлгож болно. Фрийдланд гуай Оюутолгойн баялгийг барьцаалж  гадаадын бирж дээр олон тэрбум доллар босгож  түүнийгээ юунд зарцуулсныг ялангуяа сүүлийн хоёр жилийн зарцуулалтыг ТУЗ-ын гишүүн Багабанди, Цагаан нар илүү тодорхой хэлж өгөх учиртай. Гэвч тэр хоёроос “юм” гарахгүй. Хувьцаа борлуулсан орлогоос Монголын ард түмэн биш, далайн чанадын эзэд ашиг хүртэж байгаа биз. Бид нөгөө л бахь байдгаараа нийтээрээ 40 хувь ядуурч харин гадаад, дотоодын цөөхөн хүн баяжиж байгаагийн нэг шалтгаан нь энэ.
  2. Сүүлийн арван жилд үйлчилж байгаа хуулийн бас нэг ноцтой алдаа бол лиценз шилжүүлэх, барьцаалахыг ямар ч хяналтгүй чөлөөтэй болгосон явдал юм. Чухам энэ заалтын үндсэн дээр хэдэн зуу мянган жилийн турш хав дараастай байсан өнөө болоод ирээдүй үеийнхэнд оногдох асар их баялаг гараас гар дамжин шилжүүлж байна гэх нэрийн доор “хар захын далд наймаа”-ны хэрэгсэл болсоор. Энэ үйл ажиллагааны үр дүнд хэдэн арав, хэдэн зуун мянган доллар далд эдийн засагт эргэлдэж байна. Энэ нь хэдийгээр чөлөөт зах зээлийн нэг зарчим гэж зарим нь үздэг ч төрийн нийтийн өмчийн наймаа далд хийгдэх ёсгүй. Оросын холбооны улсын “газрын хэвлийн тухай” хуулинд “Месторождение не явлеятся предметом купли и продаж” гэж хуулийн эхэнд тунхагласан байдаг. Энэ нь “Ашигт малтмалын ордыг худалдаа наймааны хэрэгсэл болгох ёсгүй” гэсэн утгатай заалт юм.

Үнэндээ 5.4 ба 4.5 нь зөвхөн “Ашигт малтмалын ордыг эзэмших” тухай буюу “ нэг юм”-ны тухай заалт юм. Гэтэл үүнийг санаатайгаар хэд хэдэн хэсэг болгож өөр хоорондоо ялгаатай зүйл мэт болгож,  лицензийг хяналтгүйгээр шилжүүлэх барьцаалах заалтуудыг 2006 оны хуульд баталгаажуулахад “өндөр хүчин зүтгэл” гаргасан төрд шургалсан хэсэг этгээд бий. Тэд энэ үйлдлээ санамсаргүй хийгээгүй “эдийн засгийн алуурчдын” гар хөл болж, Монголын эдийн засгийг хорлон сүйтгэх зорилготой санаатай үйлдэл гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ.

Уучилж боломгүй энэ нүглийг хэн үйлдсэн юм бэ? Одоо хүртэл алдаагаа засах нь байтугай, худал хулгайн замаар төрд шургалсан этгээдүүд хэн бэ?

Энэ хүмүүс бол тухайн үеийн УИХ-ын гишүүн МАХН–ын гишүүн Л.Пүрэвдорж, өнөөгийн УИХ-ын гишүүн АН-ын Б.Батбаяр, Г.Бахүү, Л.Гантөмөр, ИЗН-ын дарга УИХ-ын гишүүн С.Оюун нар Монгол улсын эрх ашгаас урваж үндэсний аюулгүй байдал эдийн засгийн тусгаар тогтнолд аюул занал учруулсан хуулийн дээрх заалтуудыг “шахаж” амжсан байдаг. Эдгээр дотроос хамгийн том нүгэл хийсэн этгээд бол олон жил төрийн толгойд зайдагнаж байгаа, өөрийгөө бараг л УИХ дахь ганц уурхайн инженер –геофизикч гэж зарлах дуртай тухайн үед хамт ажиллаж байсан зарим нөхдийнх нь тодорхойлсноор хотын авгай нарын дэлгүүр хэсэх, хөдөөний чавганцын шээх газраас хол маршрутад явж үзээгүй Одхүү гишүүн энэ хуулийг өөрийн үзэмжээр зангидаж энэ том нүгэл хийх боломжийг бүрдүүлээд зогссонгүй 7-р сарын 8-ны өдөр энэ хууль УИХ-ын гишүүдээр батлагдсаны дараа 9-нд шилжих шөнө мөнөөх 5.5 заалтын “ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж байсныг “орд эзэмшигч” болгож засахыг үл анзаарсан нь эдийн засгийн алуурчдын гар хөл болчихсон юм болов уу? гэж бодоход хүргэдэг.

Би та бүхний алдааг илчилснээс хойш зургаан зун, зургаан өвөл өнгөрлөө. Би зургаан жил тэвчлээ. Сү. Батболдын хулгай луйвар хийснийг яг үнэнээр нь хэлэлгүй бас олон жил тэвчсэн. Эдгээр хүмүүс энэ нүгэлдээ санаа зовж гэмших нь байтугай харин ч эх оронч төрийн түшээгийн чухал царай гаргаж, телевизээр байн, байн гарч зарим нь бүр 25 дугаар сувгийн “долоон чавганцын дуусдаггүй яриа”-ны баатар болж олонх нь дахиж төрийн толгойд зайдагнахаар мөрөөдөж байгаа бололтой. Та бүхэн энэ нүглээ наманчилж ард түмнээсээ уучлалт гуйж ажиллахгүй бол юун нэр дэвших, зохих ял шийтгэл хариуцлагаа хүлээхгүй юмаа гэхэд насан туршдаа урвагч хэмээх гуншингаас салахгүй байх шүү гэдгийг сануулъя!. Судлаач Болорболдын номонд тэмдэглэсэн тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай гэсэн нь та бүхний 2006 оны хуулинд шургуулсан заалтуудыг ямар оновчтой илэрхийлж байна вэ? Үүнийг Оюутолгойн луйврын гэрээн дээр тайлбарлавал бүүр ойлгомжтой болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. Гөлийсөн шаарнуудад заавал хариуцлага тооцож авсан хөрөнгө мөнгийг нь улсын орлого болго.

  2. Дэлхий ертөнц даяар хөрөнгө оруулалтыг татах хүчтэй өрсөлдөөн өрнөж байна. Хаана хөрөнгө оруулалт татна тэнд хөгжил ирнэ гэдгийг хаа сайгүй ойлгодог болж байна. Үүний нэг тод жишээ бол ОюуТолой үйлдвэр юм. Энэ хөрөнгө оруулалтыг дагаж сүүлийн 8 жилд монголд асар их бүтээн байгуулалт ундарсан. Монгол улсын жилийн төсөв 2-3 тэрбум доллар. Гэтэл 2012 – 2016 онуудын хооронд АН нам засаглах үеэр гэхэд л төсвөөс гадуур 7 тэрбум долларын .хөрөнгө оруулалтыг монголчууд дотооддоо хийсэн байх жишээтэй. Энэ бол ОюуТолгойн хаялга монголд хэрхэн нөлөөлсний жишээ.

  3. ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум доллараар боссон. Энэ бол асар их мөнгө. Энэ мэтчилэн бусдын мөнгийг татаж улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд зориулахын тулд хөрөнөгийн оруулагчдын сэтгэлийг татах хэрэгтэй. Тэдэнд юу таалагдаж байна, юу эс таалагдаж байна гээд саналыг нь харгалзан үзсэн нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирнэ. Таалагдахгүй төсөлд тэд хөрөнгө оруулахгүй. ОюуТолгой төсли йн харилцан ашигтай болгохын тулд РиоТинто бараг 7 жил, магадгүй 10 жил хүлээсэн. Монголын болзол тэдэнд дэндүү ашиггүй, таалагдахгүй байсан учраас тэр. Хэн хэндээ харилцан ашигтай болзол байвал 7 жил 10 жил ярилцах шаардалага байхгүй. Жилийн дотор, сарын доторч хөрөнгө оруулалт орж ирж болно.

  4. Социализмын үед үйлдвэр байгууллаа гэхэд улс мөнгө гаргаад үйлдвэр барьдаг байсан. Яг түүн шигээ хөрөнгө оруулалт гэхээр нэг мөнгөтэй нөхөр халааснаасаа бөөн мөнгө гаргаад үйлдвэр барьдаг гэсэн ойлголт зарим хүмүүст байх шиг. ОюуТолгой үйлдвэр гэхэд 7 тэрбум доллараар боссон. Энэ мөнгө хэний ч халаасанд байгаагүй. Энэ мөнгийг хөрөнгийн бирж дээрээс босгосон. Ийм их мөнгийг иргэдийн гар дээрээс татахын тулд асар их сурталчилгаа хэрэгтэй. Монгол бол найдвартай, баталагаатай түнш, таны өнөөдөр өлсөн мөнгө маргааш танд ашиг болж ирнэ гэдэгт дэлхийн хэдэн сая хүмүүсийг үнэмшүүлж итгүүлэх хэрэгтэй. Энэ бол тийм амар бүтэх ажил огт биш.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close