Вьетнамын парламент эдийн засгийн тусгай бүс гурваар нэмэх хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Ханойд ард түмэн эсэргүүцэн томоохон жагсаал зохион байгуулагджээ. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан зуу гаруй иргэнийг баривчлаад байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
Эдийн засгийн тусгай бүс гэдэг нь 99 жилийн хугацаатайгаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар түрээслүүлдэг бөгөөд одоогоор 18 бүс байгаа дээр нэмж 3 бүс гаргах хуулийн төсөл боловсруулсан аж. Эдгээр эдийн засгийн тусгай бүсийг ихэнхийг Хятадын хөрөнгө оруулагч нар эзэлдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хятадын засгийн газраас Вьетнамд оршин суугаа иргэддээ Хятадыг эсэргүүцэгчдээс болгоомжлохыг анхааруулсан байна.
Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук түрээсийн хугацааг багасгасан хэмээн ард түмэндээ мэдэгдэхдээ нийгмийн амгалан тайван байдлыг хадгалахын тулд хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж санал хураахаас татгалзсан байна.
Күанг Нинх, Ханх Ноа мужууд болон Пхи Күос арал зэрэг гурван шинэ бүсэд 99 жилийн түрээслэхээр хуулийн төсөлд тусгасанаас Күанг Нинх муж нь Хятадын Гуанси мужтай ойр байрладаг аж. Эсэргүүцэгчид хэрвээ ялангуяа Күанг Нинх мужыг Хятадад түрээслэх юм бол Вьетнамын ард түмэн маш хүчтэй хариу үйлдэл үзүүлэх болно хэмээжээ.
Эдийн засгийн шинэ бүсийн асуудал Өмнөд Хятадын Тэнгисийн маргаанаас үүдэлтэй харин коммунист намын удирдлагууд Хятадад газар нутгаа найр тавьж байгаа нь ард түмний дургүйцлийг өдөөн турхирч байна. 1979 оноос хойш Өмнөд Хятадын Тэнгисийн маргаан үргэлжилж байгаа бөгөөд Пакаск аралд өнгөрсөн 5-р сард Хятад цэргийн сургуулилт хийсэн, газрын тосны өрөмдлөгийн ажил хийсэн зэрэгт мөн ард иргэдийн дургүйцлийг улам дэвэргээд байна гэж хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үеэр мөн улсын хурал нь кибер аюулгүй байдлын тухай хууль санаачлан хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа нь мөн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ хууль батлагдвал интернет хэрэглэгчдэд мэдээлэл олж авах эрх хязгаарлагдана гэж үзэж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Булгамаа
UPDOWN.MN