Сүүлийн хэдэн жил Цагаан толгойн 35 үсгээс Щ, Ъ, Й, Ь гэх мэт үсгүүдийг хасна, хасахгүй гэж ярьж хэлэлцсээр байгаа. Учир нь үг, өгүүлбэр зүйд өргөн хэрэглэгдэхгүй байна гэсэн утгаар нь хасах нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж нөгөө хэсэг хэл шинжлэлийн эрдэмтэд хасах шаардлагагүй гэж үзжээ. Тухайлбал, “Монгол хэлний тухай” хуулийн 21-р зүйлийн 2-т “Зөвлөл есөн гишүүнтэй байна.
Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-нд зарлиг буулгаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон билээ.
Шинээр байгуулагдсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл тавдугаар сарын 29-нд болсон анхны хуралдаанаараа “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцуулж, хэвлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ толь монгол хэлний 37486 үгийг багтааж, үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангиллыг тогтоон, үг хувилах байдлыг кодоор илэрхийлсэн бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орнууд, нийслэлийн зөв бичлэгийг [Гадаад Харилцааны Яамны зөвшөөрсөн] жагсаасан томоохон толь болсон байна.
Өнөөгийн кирилл цагаан толгойн нэг ч үсгийг хасаагүй бөгөөд зөв бичих дүрмийг өөрчлөөгүй болно. Ер нь дэлхийн улс орнууд ийм тольтой байж, академичаасаа эхлээд үйлчлэгч хүртэл бичих зүйлээ журамладаг номтой билээ. Энэ толийг монгол хэл бичгийн хорь гаруй эрдэмтэн хоёр жилийн турш бүтээж, зөв бичих дүрэм дээрээ тохиролцсон болно. Иймд 1941 онд кирилл үсэг зохиогдсоноос хойш болон 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь” зохиогдсоноос хойш үргэлж гардаг зөрөөг энэ толиор бүрмөсөн журамлах бололцоотой боллоо.