Манай улс анх удаа далайн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ. Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. Олон Овоогийн өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжинд хүргэх аж. Энэ нь олон улсын бооомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байрууд шинээр бий болох боломжтой.
УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өсөх юм байна. Энэ нь цаашид Тяньжиний үнээр буюу илүү өндөр үнээр нүүрсээ борлуулах давхар боломж нээгдэж буй юм. Терминалын бүтээн байгуулалтыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлж нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна .
Энэ терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай. Нэг ачилтаар 28 вагон ачна. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарснаас хойш 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.
Хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэн, зургаадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулах аж. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд 2.6 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл хоногт 300 вагон буюу 19,500 тонн ачаа тээвэрлэх аж.