Засгийн газар ОУВС-тай хамтан “Extended facility fund” хөтөлбөр хэрэгжүүлж 440 сая ам.долларын зээл авахаар болсон. Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд УИХ 2017 оны улсын төсөвт тодотгол хийх ёстой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.03.24) УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа юм байна.
ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төсөвт тодотгол хийснээр төсвийн орлого 2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан гэж Сангийн сайд мэдэгдэж байсан юм.
Мөн суудлын автомашины онцгой албан татвар, хадгаламжийн хүүгийн орлого, импортын тамхинд ногдох гаалийн болон автобензин, дизель түлшний албан татвар, орлогын удирдлагыг сайжруулан хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ.
Засгийн газар ирэх сарын 10-даар хуралдах ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө шийдвэрээ эцэслэх үүрэг хүлээсэн тул энэ удаагийн төсвийн тодотгол УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэгдэх бололтой.