“Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэдэг үндэслэлээр хоёр жилийн өмнө өндөр насны (55 настайдаа) тэтгэврээ тогтоолгосон авга ахтайгаа сая Цагаан сараар уулзахад ёстой л “үгээ хэлчихсэн” бухимдангуй сууж байв. Зүтгүүрийн засварын мастер түүнийг удирдлагууд нь “Хуулийн дагуу таны гавьяаныхаа амралтад суух нас болжээ” хэмээн боловсон аргаар шахан зайлуулсан тухай анхнаасаа “гомдолтой” байсан хүн л дээ.
“30 жил төмөр замд ажиллахдаа төр, түмэндээ хүчээ өргөх боломж нөөц надад дахиад ч байгаа гэж боддог байв. Гэтэл “Хуулиараа ийм юм” гээд тэтгэвэрт гаргалаа. Гэртээ суусан чинь ач, зээ нар харах үүрэг ногдов. Үнэндээ эрчүүд бидний хувьд хөдөлмөрийн хамгийн хүнд нөхцөл гэдэг чинь энэ л юм байна” гээд гундуухан хуучлах авга ахыгаа өрөвдөх ч шиг.
Нэг найз нь 60 нас хүртлээ улсад ажиллахдаа эрүүл саруул байсан атлаа тэтгэвэр тогтоолгож, гэртээ суугаад дөрвөн сарын дараа цус харвасан нь мөн л дэггүй ач хүү нартаа “бурантаглуулсных” гэдгийг тэр нэмж хэлсэн билээ.
СОНГОЛТТОЙ БОЛСНЫ ДАВУУ ТАЛ
Эр хүн хамт олноосоо хөндийрч, гэрт бүгээд, үр хүүхэд, ач зээ нарт ноолуулахаар сэтгэлээр амархан унаж, гунддаг гэх ахын минь бодолтой адил хүн олон байдаг юм билээ. Амьдрал дээр ч энэ мэт жишээ бишгүй бий. Гэтэл нөгөө талд нь мэс заслын эмч, сувилагч, цэцэрлэгийн багш гэх мэт хүмүүс мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад тэтгэвэрт эрт гарахын түүс болдог. Тиймээс хүн өөрийн бие болоод оюун санаа, эрдэм чадал, боломж нөөцөө мэдэх хойно хэдийд тэтгэвэрт гарах хугацаагаа сонгох эрхтэй байх нь их чухал юм шиг санагддаг.
Цагаан сарын өмнөхөн баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинэ хуулийн гол амин сүнс нь энэ ажгуу. “Тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэх нь зөв, буруу” гэсэн шүүмжлэл талцал дагуулсан өнөөх “нэг жилийн настай хууль”-ийн шинэчилсэн найруулга шүү дээ.
“Хоёр жилийн дараа 55 нас хүрээд хурдхан тэтгэвэртээ гарах юм шүү” хэмээн хүлээж ядаж байсан цэцэрлэгийн багш эмэгтэйг дахиад нэг жил хүүхдүүдийн чимээ шуугиан дунд тэсээд ажилла гэж тулгаснаараа 2017 онд шинэчлэн найруулсан хууль хуудуутай болсныг одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос эхлээд олон хүн анхааруулж байсан. Нэгэн цэцэрлэгийн ахмад багш томоогүй хүүхдүүдээ ширүүхэн зандрах гэтэл хиймэл үүдэн шүд нь сугарч унаад, бяцхан шавь нарынхаа өмнө эвгүй байдалд орсон тухай сонсож л байв.
Инээд гэхэд хэцүү, ханиад ч гэхэд бэрх иймэрхүү тохиолдол амьдралд бишгүй учраас л цоорхой багатай хуулийн зохицуулалт хэрэгтэй. Өмнөх хуульд заасан шиг ердийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг жилд зургаан сараар нэмсээр 2037 он гэхэд бүх хүнийхийг 65 болгоно гэж хатуу тулгахгүй, хүсвэл наана нь гавьяаныхаа амралтыг эдлэх эрх олгож буйгаараа энэ удаагийнх онцлог гэнэ.
“65 хүртлээ ажиллах гэсээр байтал замдаа хамаг “араа шүд”, “эрэг боолт” нь суларч, гээгдсээр ажлын талбараас шууд авс руу орох юм байна л даа” гэж тухайн үед хошигнож байсан монголчууд сүүлдээ харин энэ хууль юу болсон, яаж өөрчлөгдсөнийг анзаараагүй өнгөрөх шиг болсон. Тиймээс тэтгэврийн насанд ямар өөрчлөлт орсныг тоймлон хүргэе.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр болсон билээ. Шинэ хуулиар эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн (ердийн нөхцөлөөр) өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд ямар өөрчлөлт орж буйг дээр жишээлэн үзүүлэв.
1986 ОНД ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ШИНЭ ХУУЛИАР 61-ТЭЙДЭЭ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ЭРХТЭЙ
Манайд ердийн, хүнд, халуун хортой, газрын доор гэсэн дөрвөн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоодог. Шинэ хуулийн өөрчлөлт нь зөвхөн ердийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүмүүст л хамаатайг юуны түрүүнд дуулгая. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдүүлэх болсон.
Гэхдээ уг хуулийг хэрэгжүүлэхдээ тухайн даатгуулагчийн төрсөн онд нь үндэслэхгүй бол зохицуулахад түвэгтэй, “нугалаа” гарах магадлалтай юм билээ” хэмээн ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн хэлсэн.
Жишээ нь, 1977 онд төрсөн, хөдөлмөрийн ердийн нөхцөлд ажилладаг эрэгтэй хүн зайлшгүй 65 хүрч байж тэтгэвэр тогтоолгох бол 1976 оныхон 63 нас, есөн сартайдаа гавьяаны амралтаа авах эрхтэй аж. Харин 1986 онд төрсөн, гурваас доош хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд шинэ хуулиар жилд гурван сар нэмэгдсээр 61 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдэх юм билээ.
Саяхныг хүртэл ийм эмэгтэйчүүд 55-тайдаа тэтгэвэрт гардаг байсан бол одоо зургаан жил нэмэгдэх нь. Мөн өөрсдөө хүсвэл 65 хүртлээ буюу 2051 он хүртэл ажиллах эрхтэй. Тэгвэл манай авга ах шиг энэ жил 57 настай эрчүүдийн хувьд хүнд нөхцөлд ажилладаг байлаа ч өөрийнх нь бие л хүчирдэг юм бол 61, цаашлаад 65 хүртлээ хамт олныхоо дунд хөдөлмөрлөөд явах бүрэн боломжтой гэсэн үг.
ЯМАР ХҮМҮҮС 50, 55 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРАХ ВЭ
Алдарт эх болон хүнд, халуун хортой нөхцөлд ажилладаг хүмүүс буюу ердийнхөөс бусад нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрэгтэй, эмэгтэйчүүдийн тухайд өмнөх хугацааг нь хэвээр байлгахаар шийджээ. Тодруулбал, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрвөөс дээш хүүхэдтэй эх (хүүхдүүдээ зургаан настай болтол нь өсгөсөн) 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол 50 настайдаа өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан болон 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй хугацаанд нь мал малласан эмэгтэйчүүд 50 хүрээд өөрөө хүсвэл гавьяаныхаа амралтыг эдлэх боломж нээлттэй аж. Харин эрчүүдийн хувьд 20-иос доошгүй жил шимтгэл төлөхдөө 10-аас доошгүй жил нь газрын доор болон халуун хортой нөхцөлд ажилласан бол 50 настайдаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжтой юм.
Түүнчлэн хүнд нөхцөлд ажилласан болон 20-иос доошгүй жил шимтгэл төлөхдөө 15 жилээс доошгүй хугацаанд нь мал малласан эрэгтэйчүүд хүсвэл 55 хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн (үүний долоон жил зургаан сараас доошгүй хугацаанд нь халуун хортой нөхцөлд ажилласан) эмэгтэй бүр 45 настайдаа тэтгэвэрт гарах эрхтэй ч өөрөө хүсвэл дахиад 10-20 жил сунгах боломжтой. Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөх энэ эрх дээрх хүмүүсийн тухайд ч нэгэн адил бөгөөд ямар ч дарга, захирал, эрхлэгч байлаа гээд үүнд халдах учиргүй, хуулиар баталгаажсан юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
1 comment
2018-05 сард 55 нас 3 сар хүрчлээ,25 жил ажилласан эмэгтэй үргэлжлүүлээд ажилаа хийж байгаад дуртай үедээ гарч болох юм байна.тийм үү?