Байгалийн гамшиг, эдгэршгүй өвчний улмаас бус өөрсдийн буруугаас өнгөрсөн онд 356 хүн нас баржээ. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордсон аж. Өдгөө Монгол Улсад архинд донтох гүн эмгэгтэй, холбогдох байгууллагын хараа хяналтад орж, удаа дараа хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн 911 хүн бий гэх.
Ийм эмгэгтэй хүн олширч, нас нь залуужиж буй аюулын хажуугаар зориулалтын бус, найралгад нь спирт орсон шингэн ууж бөөнөөрөө хордох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Ялангуяа сүүлийн жилүүдэд Дорнод аймагт ийм харамсалтай хэрэг олшров. Цөөн хэдэн баримт дурдъя.
2014 оны тавдугаар сар. Тус аймгийн Цагаан-Овоо суманд таван хүн “Чойбалсан” хэмээх архинд хордов. Уусан архинаас нь дээж авч, шинжлээд “Стандартын горим алдагдсан” гэх дүгнэлт гаргажээ. Учир нь тэдний уусан архины шилэн дэх шавхруунаас тунадас илрүүлжээ. Үйлдвэрлэгч компани нь ариун цэвэр, эрүүл ахуйн горим алдаж, ус, шил, саваа дутуу ариутгаснаас хүмүүс хордсон гэсэн үг. Аймгийн холбогдох албаныхан хариуцлага алдсан компанид торгууль ногдуулж, зөрчлөө арилгах албан даалгавар өгснөөр уг хэрэг хаагдсан түүхтэй.
2016 оны арваннэгдүгээр сар. Халхгол суманд 21 хүн архинд хордсоноос дөрөв нь амиа алдсан. Тэд “Петро чайна дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчин байсан бөгөөд техникийн спирт уусан нь холбогдох албаныхны шалгалтаар илэрхий болсон юм. Тодруулбал, нас барсан дөрөв, гүн хордлогод орсон таван хүн техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон нь ШШҮХ-гийн дүгнэлтээр тогтоогдсон. “Тагийг нь онгойлгоход архи шиг үнэртсэн. Тэгээд л уучихсан” хэмээн амьд үлдсэн хүмүүс тухайн үед цагдаагийн байгууллагад мэдүүлж байв. Зарим эх сурвалж “Нэг хүн Хятадаас согтууруулах ундаа авчирч худалдсанаар дээрх 21 хүн хордсон” гэж ярьдаг ч үүнийг эцэслэн тогтоогоогүй.
…Тэр бүртээ БНХАУ-д үйлдвэрлэсэн “Бажу” хэмээх архийг гар дээрээс болон гэрээр худалдаж буй зөрчил илрүүлдэг ажээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны есдүгээр сард таван иргэнээс 144 ийм архи хураан авсан байна. Гялгар уут болон хуванцар саванд савласан эл архи стандартын шаардлага хангахгүй, эрүүл мэндэд хортой, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг холбогдох албаныхан тогтоосон юм билээ. Нэг бүрийнх нь үнэ 4000-5000 төгрөг байдаг тул үүнийг хэрэглэдэг хүн тус аймаг олон бий гэнэ…
2018 оны нэгдүгээр сар. Дорнод аймгийн нутаг, Цавт хэмээх газарт өвөлжиж байсан айлд арван хүн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон хэрэг гарсан. Тэдний нэг болох, Улаанбаатар хотын харьяат, 47 настай Т нь Дашбалбар сумын эмнэлэгт хүргүүлэх замдаа нас барсан талаар бид мэдээлж байсан. Тэд хөлчүүрхэж, мөн л техникийн спирт (антифриз) уусан гэдгийг албаныхан өгүүлсэн юм. Химийн бодисын хордлого хүний биеэс багадаа 21 хоног, цаашлаад зургаан сарын дараа бүрэн гардаг тул амьд үлдсэн есөн хүнийг аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөн долоо хоногийн хугацаанд хэвтүүлэн, эмчилсэн.
2018 оны хоёрдугаар сар. Дашбалбар, Баян-Уул, Хэрлэн сумын гурван иргэн архинд хордож, нас баржээ. Цагаан сарын баярын үеэр тэднийг архи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Ууж болохгүй шингэн балгаад хордож нас барсан хүний тоогоороо Улаанбаатар хот болон Дорнод аймаг бусдаасаа “толгой цохидог” болохыг албаныхан хэлж буй. Адил төстэй олон хүчин зүйл бий учраас тэр аж. 2016 онд гаргасан судалгаагаар Дорнод аймгийн нийт иргэний 41.5, Улаанбаатар хотын 24.8 хувь нь ядуу гэсэн дүн гарчээ. Уг нь аймгуудын 2017 оны өрсөлдөх чадварын индексийн судалгаагаар Дорнод аймаг нэлээд дээгүүр жагссан байдаг.
Нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо зургаагаар нэмж, дөрөвдүгээр байрт жагсана гэдэг чамлахааргүй амжилт. Гэвч ийн амжилт гаргасан нь ажлын байр нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдсэндээ бус, чанаргүй зээлийн эргэн төлөлт сайжирсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн тодорхой ажилгүй, гиюүрсэн иргэд нь бор дарс хүртэж, өдөр хоногийг аргацааж буй ажээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар өдгөө Дорнод аймгийн хөдөлмөрийн насны хүмүүсийн 14.7 хувь нь “лааз өшиглөдөг” гэнэ. Нийт хүн амд нь харьцуулбал тоон үзүүлэлт 30 хувь давах аж. Голдуу газар тариалан эрхэлж, уул уурхайн цөөн хэдэн компанид хүчин зүтгэдэг иргэд намар, өвлийг ичээндээ орсон амьтан аятай гэртээ бүгж өнгөрөөдөг гэж аймгийн удирдлага хэлсэн юм. Энэ байдал нь сархад хүртэж, улмаар халамцан, хортой шингэн уухад нөлөөлдөг бололтой.
Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж буйгаас үүдэн хүмүүс архины хамааралтай болох магадлалтайг тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж хэлсэн юм. Ер нь ганц Дорнод аймагт ч бус, Монгол даяар нүүрлээд буй аюулын нэг нь энэ гэхэд сүржигнэсэн болохгүй.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 32 259 гэмт хэрэг гарсны 12.5 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдсанаас үүдэлтэй байж. Харин архинаас үүдэлтэй зөрчил нийт хэргийн тал хувийг эзэлнэ. Агсам тавьж, гудамж талбайд танхайран, бусдын эд хөрөнгийг эвдсэн гээд согтуугаар гаргасан зөрчил Дорнод аймагт гарсан нийт хэргийн 60 орчим хувийг эзэлдэг гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
“Архинаас үүдэлтэй гэмт хэрэг цөөнгүй гардаг нь үнэн. Аймгийн Цагдаагийн газар архидалтын эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд зөрчил багасаж байгаа. Сумдад очиж уулзалт, зөвлөгөөн зохион байгуулахаас авахуулаад хийсэн ажил цөөнгүй. Үр дүнд нь архинд хордож нас барах тохиолдол мэдэгдэхүйц багассан. Хил гаалийн хяналт шалгалтаа ч бид чангатгаж байгаа” гэж тус аймгийн цагдаагийн байгууллагын эх сурвалж ярив. Гаалийн хяналтаа сайжруулна гэдэг хилээр оруулж буй архи, согтууруулах ундааг хянах гэсэн санаа.
Дорнод аймаг хойгуураа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэдэг. Энэ нь овжин зарим хүнд стратегийн ач холбогдолтой байдаг бололтой. Эл байдлыг ашиглан эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн оруулж, борлуулдаг учраас тэр. Тодруулж хэлбэл, үхэлд хүргэх аюултай, “архи” нэртэй хор хилээр давуулдаг байж болзошгүй гэсэн үг. Энэ нь архинд хордох хүний тоо ч нэмэгдэхэд нөлөөлдөг аж.
Тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийнхан жилд хэд хэдэн удаа зах, худалдааны төвүүдийг шалгадаг гэнэ. Тэр бүртээ БНХАУ-д үйлдвэрлэсэн “Бажу” хэмээх архийг гар дээрээс болон гэрээр худалдаж буй зөрчил илрүүлдэг ажээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны есдүгээр сард таван иргэнээс 144 ийм архи хураан авсан байна. Гялгар уут болон хуванцар саванд савласан эл архи стандартын шаардлага хангахгүй, эрүүл мэндэд хортой, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг холбогдох албаныхан тогтоосон юм билээ.
Нэг бүрийнх нь үнэ 4000-5000 төгрөг байдаг тул үүнийг хэрэглэдэг хүн тус аймаг олон бий гэнэ. Цагдаагийн алба хаагчид гаалийн байгууллагатай хамтран хяналтаа сайжруулж буй ч уг зөрчил гарсаар байгаа нь хэр эрэлттэйг нотлох биз. “Хяналт, шалгалтаа сайжруулсны үр дүнд ийм зөрчил нэлээд багассан. Нэг үе гарал үүсэл нь тодорхойгүй архи замбараагүй худалддаг, хүмүүс ч архинд хордох тохиолдол олон байсан. Өдгөө эрс цөөрсөн. Яваандаа бүх зөрчлийг арилгана” гэж албаны хүмүүс нь ярьж байна.
Эдийн засгийн сул байдал, хуулийг уландаа гишгэдэг том толгойтнуудын уршгаар нэг аймаг архинд живэхэд ойрхон байгааг үүнээс мэдэж болохоор. Цагдаагийн байгууллагаас авахуулаад холбогдох хүмүүс арга хэмжээ авдаг ч эл байдал мөд арилахгүй нь тодорхой. Аймгийн төвийн нэг багт архины хамааралтай 30 гаруй хүн байна гэдэг анхааралд авахгүй байж боломгүй үзүүлэлт шүү дээ. Хийх ажилгүй тэдэнд архи уух, тэр дундаа хямд “хор” залгилахаас өөр сонголт алга.