Хотын даргын захирамжаар “Нийслэлийн нийтийн тээврийн автобуст байгалийн шатдаг хийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Улаанбаатар байгалийн хий”, БНСУ-ын “Үжин Ар Ди Си” гэсэн гурван компанийн түншлэл энэ төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Төслийг хэрэгжүүлэх нийт өртөг 28.4 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилт шийдэгдсэн.
Энэ оны II улирлын хагасаас ОХУ-аас байгалийн шатдаг хий импортлох төлөвлөгөөтэй байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид зарлажээ. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэлийг нийслэлийн хэмжээнд 21 байгууллагын 1,000 орчим том оврын автобусаар 700-800 мянга орчим хүнийг тээвэрлэж хотын иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байна. Тээврийн салбарын СО2 ялгарлын хэмжээ 2012 онд 59 сая гаруй тонн байсан бөгөөд үүний 18 хувийг нийтийн тээврийн автобус “бүрдүүлдэг”. Үүнээс харахад нэг иргэнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр нийтийн тээврийн салбар өндөр байгааг илтгэж байна гэж төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлажээ.
Улаанбаатарчууд бид агаарын бохирдлыг бууруулах ажилд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгээд байгаа. Товчхондоо утааг мөнгө угаах хэлбэр болгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхөд сураггүй болсныг УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарласан. Тиймээс дараа, дараагийн энэ төрлийн төсөл хөтөлбөрт няхуур хандах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Автобусыг хийн түлшинд шилжүүлэх төсөл манай улсад анхных биш. Нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ гэсэн яг дээрх шиг утга агуулгатай мэдээлэл бүх хэвлэлээр гарч байсан нь 2011 он. Гэвч өнөөдөр нийтийн тээвэрт нэг ч автобус хийн түлшээр явахгүй байгаа учир төсөл хэрхэн төгссөнийг тайлбаргүйгээр ойлгосон болов уу. Тиймээс долоон жилийн өмнөх хийн түлшний төсөл хэрхэн эхэлж, төгссөнийг эргэн саная.
АВТОБУСЫГ ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЭХ 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ИНГЭЖ САЛХИНД ХИЙСЖЭЭ
2009 онд агаарын бохирдлыг нийтийн тээврийн хэрэгслээр дамжуулан бууруулж болох ажлыг санаачлан хууль, тогтоомжийн хүрээнд авч үзсэн. Тодруулбал, УИХ-аар 2009 онд Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн батлахад “Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлт үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгааны эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэл ашиглана” гэх заалтыг оруулсан байдаг.
Энэ хүрээнд УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт мөн л том оврын 800, бага оврын 1,500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэхээр зааж байв. Үүний эхлэл болгож “Цэвэр агаар” сангаас нийтийн тээврийн автобусанд шатдаг хийн нэмэлт төхөөрөмж суурилуулах 3.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын тендерийг 2011 оны наймдугаар сарын 19-нд зарлажээ. Уг тендерт “Тур телеком” гэх компани Украйны нэгэн компанитай хамтарч тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах эрхийг авч, тухайн оныхоо арванхоёрдугаар сард ажлаа эхлүүлсэн байна.
Гэрээ ёсоор төхөөрөмж суурилуулах 400 автобусаас 250 нь “Автобус-1”, “Автобус-2” болон “Цахилгаан тээвэр” компанийнх байж. Харин үлдсэн нь хувийн долоон компанийн автобус байв. “Тур телеком” компанийн оруулж ирсэн төхөөрөмж нь гаднын цөөхөн улсад хэрэглэгддэгээс гадна манай улсын нийтийн тээврийн автобусуудад тохироогүй. Дээр нь төхөөрөмжүүдээ өндөр үнээр үнэлсэн гэх хардлага ч байдаг юм билээ. Тодруулбал, нэг автобусанд тавих төхөөрөмж 5.6 сая төгрөг буюу 3250 евро, суурилуулах хөлстэйгөө нийт 8.5 сая төгрөг гэж тооцоолжээ. Харин уг төхөөрөмж нь олон улсын зах зээлд энэ үнээсээ гурав дахин хямд байдаг тухай зарим хэвлэл онцолсон байдаг.
“Тур телеком” компани эхний ээлжинд төрийн өмчит компаниудад төхөөрөмжөө суурилуулж эхэлжээ. Автобус компаниудын хэлж буйгаар төд удалгүй хүндрэл гарч эхэлсэн гэнэ. Гүйцэтгэгч компанийн хамтрагч нь Украйны компани байсан учир тоног төхөөрөмж нь тус улсынх. Харин манайхны автобусууд Солонгосын “Daewoo” маркийнх. Тиймээс “Daewoo”-гийн автобусанд зориулсан тоног төхөөрөмж биш учир наад захын боолт бэхэлгээ тохирохгүй, цаашлаад аюулгүй ажиллагааны стандарт байгаагүйгээс төсөл бүдрэх эхний шалтгаан болжээ.
Өөрөөр хэлбэл, төхөөрөмж нь манай орны нөхцөлд ажиллаж болох туршилт хийгдээгүй, ажиллуулах журам стандартгүй ирснийг нийтийн тээврийнхэн тухайн үед онцолж байв. Түүнээс гадна нийтийн тээврийн жолооч нарын ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох соёл нь хийн түлштэй автобус жолоодоход аюулгүй ажиллагааны баталгаа байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
Улмаар Зам тээврийн яам /тухайн үеийн/-наас “Төслийг үг дуугүй үргэлжлүүл” гэсэн лүндэн буулгаснаар төхөөрөмжийг монголчилж 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн тус бүр хоёр автобусыг туршиж үзжээ. Анх хийн түлшинд шилжүүлэх төхөөрөмжийг “Автобус-1” болон “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компани суурилуулж, турших ёстой байв. Гэвч “Автобус-1” компанийнхан татгалзаж, бүх ажил “ок” болсны дараа компанидаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж хэлж байна.
Туршилтаар “Цахилгаан тээвэр”-ийн хоёр автобусны дизель түлшний зарцуулалт 10 хувиар буурсан бол “Автобус-3”-ийнханд хэмнэлт гараагүй гэнэ. Харин “Тур телеком” компаниас дизель түлшний зарцуулалт 20, 30 хувиар буурсан хэмээн мэдэгдсэн гэнэ. Түүнчлэн агаарт хаягдаж байгаа түлшний хаягдал 97 хувиар буурч байна дүгнэжээ. Компаниуд ажлын дүнгээ салбарын яаманд танилцуулахад харилцан адилгүй дүгнэлт гарсан учраас дахин туршилт явуулахыг үүрэгджээ.
Харин үүнээс хойш төсөл урагшлаагүй зогсжээ. Ажлын ид дунд төхөөрөмж суурилуулагч “Тур телеком” компанийнхан “Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах шаардлагатай боллоо” хэмээн ажлыг зогсоон, таг чиг болжээ. Харин Нийслэлийн тээврийн газрын холбогдох хүмүүс “Бидний оролцох ажил биш. Зам тээврийн яам, гүйцэтгэгч компани хоорондын гэрээт асуудал” хэмээн өөрсдөөсөө түлхсээр энэ төсөл замхарсан юм. Харин компани аль хэдийнээ санхүүжилтээ авчихсан гэдэг.
“ТӨСӨЛ УДААШРАХ МАГАДЛАЛТАЙ”
Өнөөдөр энэ асуудлаар нэг ч хүн хариуцлагын ширээний ард суугаагүй, тайлбар хийгээгүй хав дарагдсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 3.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсний хариуцлагыг хүлээлгээгүй, автобус хийн түлшинд шилжээд бага ч болтугай үр дүн гаргаагүй байхад өмнөхөөс 10 нугалсан өртөгтэй ажил үр дүнтэй хэрэгжиж хотын утаа буурах эсэхэд эргэлзэх хүн олон байна.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөлд итгэх олон нийтийн хандлага асуултын тэмдэгтэй байна.Нийтийн тээврийн компаниудад төсөл хэрхэн үргэлжилж байгааг зарим эх сурвалжаас тодруулахад нэг компани дээр туршиж эхэлсэн. Хийн түлшний колонктой нийтийн тээврийн ганц компани байдаг нь “Эрдэм транс” компани. Бусад компаниуд хийн түлшний колонкгүй учир төслийн явц удааширч мэднэ гэж байна.
Түүнээс гадна төслийн талууд гарын үсэг зуралцсан, санхүүжилт шийдэгдсэн, шинэ компани байгуулсан, нийтийн тээврийнхэнтэй уулзалт зохион байгуулаад амжсан байхад зарим нэг мэдээлэл тодорхойгүй байна.
Энэ төсөл ямар хугацаанд хэрэгжиж хэчнээн автобус байгалийн хийгээр явдаг болох, ингэснээр агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулах гээд зайлшгүй тодорхой байх ёстой, олон нийт мэдэх ёстой мэдээллүүд бий. Төслийн цаасан дээр энэ тухай дурдагдсан байж болох ч одоогоор ийм мэдээлэл хараахан алга байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин