“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, баталгаа гарган Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан ноцтой хэрэг гарсан билээ.
Уг зээлийг авсан гэх иргэн Ш.Батхүүгийн зээлийн гэрээнд С.Баярын удирдсан Засгийн Газрын үед тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий Захирал, Төрийн өмчийн хорооны дарга, УБТЗ-ын дарга нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан болохыг олон улсын Арбитрийн хоёр шатны шүүх бүрэлдэхүүн “Стандарт” нотолсон юм.
Үүнтэй холбогдуулан АТГ-аас тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар дээрх хүмүүсийн мэдүүлгээр тухайн үеийн эрх баригчдыг шалгахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байгаа гэнэ. Энэ нь тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга бөгөөд Төрийн Өмчийн Хорооны дарга байсан Д.Сугар нар юм.
С.Баяр нь “Ж.Батзандан намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа” гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөөд байсан билээ.
Гэсэн ч эсрэгээрээ С.Баярыг уг хэрэгтэй холбогдуулан шалгаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Дашрамд дурьдахад анх “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэг сөхөгдөх үед Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг дуурайлгаж, уг хэргийг ганцаараа үйлдсэн, бусад нь хамаагүй гэж мэлзэж байсан. Гэвч дээрх гарын үсэг хуурамч биш болохыг олон улсын Арбитрын шүүх тогтоосон юм. Харин тухайн үед хариуцлагатай алба хашиж байсан зарим хүмүүс уг хэрэгт тухайн үеийн эрх баригчид холбоогүй гэж мэлзэхгүй нь бололтой.
Эх сурвалж: Sonin.mn
1 comment
Хормойн бузар болсон Баяр бурханы гэсгээлээс хаашаа зайлхав.