Өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 06-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” шатахуун түгээх станцыг бүлэг залуус дээрэмдсэн хэрэг гарч байсан билээ. Тодруулбал жижиг цагаан автомашинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утсыг дээрэмдээд зугтаасан байдаг. Тэднийг зугтсаны дараа шатахуун түгээгч Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мэдэгдсэнээр улсын хэмжээнд гэмт этгээдүүдийг зарлан мэдээлж, орон нутгийн замуудад цагдаагийнхан отолт хийсний үр дүнд дээрэм хийсэн залуучуудыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулсан юм. Уг хэрэгт 21 настай Д, 18 настай Б, О, Г, Ч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад тухайн этгээдүүд шатахуун түгээх станц дээрэмдээд зогсохгүй энгийн иргэдийг дээрэмдсэн хэргүүд ч үйлдсэн байсан нь тогтоогджээ. Тодруулбал шатахуун түгээх станц дээрэмдэхээс дөрөв хоногийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрны гадна талд хохирогч Ц, Э нарт хүч хэрэглэн довтолж хохирогч Ц-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Э-ийн “Самсунг” маркийн гар утас, түрийвч, биет 20,000 төгрөг дээрэмдэн зугтсан байна.
Түүнчлэн шатахуун түгээх станцын түгээгчийн зодож, дээрэмдээд зугтах замдаа орой 23:00 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сум, Дойт багийн нутаг дэвсгэрт иргэн Г, М нарт хүч хэрэглэн довтолж тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түрийвч болон жолооны үнэмлэх, банкны виза карт бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн байх юм. Ингээд ч зогсохгүй тэдний унаж явсан “…” ХХК-ийн өмчлөлийн 69.. АРА улсын дугаартай “Х-Пронтер” загварын авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээж хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Хоёр жил орчим хугацаанд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байсан дээрх хэргийн өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал гэмт этгээдүүдэд тус бүрт гурван жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Medee.mn