Людмила Путинагийн “тэргүүн хатагтай”-д тохирохгүй стиль

2018-11-29 18:19
ludmilaa

2014 оны 04 дүгээр сард Кремлиэс Владимир Владимировичийг эхнэрээсээ албан ёсоор салсан тухай мэдээлж байсан билээ. Харин яагаад гэсэн асуултад тун сонин хариулт өгсөн.

“Хүн болгоны хувь зохиол өөр өө” гэж.

Харин дараа нь Оросын Ерөнхийлөгч хуучин эхнэрээ амьдралаасаа авч хаяхгүй, тэр урьдын адил өөрийг нь болон үр хүүхдүүдийг нь дэмжиж явах болно гэж байлаа. За, энэ ч хоёр хүний асуудал гэж бодоод өнгөрье.

Харин нэг зүйл сонирхол татдаг нь Людмила Путина 9 жилийн турш “тэргүүн хатагтай” статустай явсан хэрнээ Жеки Кеннеди, ядаж л ЗСБНХУ-даа тэргүүн загварлаг эмэгтэй байсан Раиса Горбачевагийн стилийн хаана нь ч хүрээгүй билээ. Уг нь түүнд боломж бололцоо бүрэн байсан…

Ховор авьяас

Людмила олны өмнө гарч ирэхдээ дандаа л хүмүүсийг ангайлгаж орхидог. Эсвэл хувцас, үснийх нь өнгө, эсвэл оёдол эсгүүр, бүр гутал, зүүлт гээд юм бүгд нь маргаан дагуулдаг. Уг нь бие хаа сайтай болохоор хэлбэр галбиргүй шуудай шиг юмны оронд өөр хувцас өмсөж болохоор л байсан. Гүржийн дизайнер Янис Чамалди Людмила Александровнаг зөв пропорцитой биетэй, зөв тэгш цээж, нарийн бэлхүүс, өргөн гуятай гэж дүгнэжээ. Гэвч энэ аятайхан биеэ дандаа зохимжгүй хувцсаар нуудаг байв.

Аймшигтай үс засалт

Путина залуудаа урт сайхан, өтгөн үстэй байжээ. Харин сүүлд түүний ихэнх үс засалт улам оворжуулж харагдуулдаг байв. Ялангуяа эрэгтэй хүүхдийнх шиг богино, өд мэт хөнгөн үс нь үнэхээр зохидоггүй байв.  Өнөө үед эмэгтэйчүүд нэг их урт биш хэрнээ сонгодог үс засалтаас татгалздаг болсон. Путинагийн хувьд үе үе үснийхээ өнгөнд шинэчлэл хийдэг нь ч зохидоггүй байв. Харин хамгийн гайгүй сонголт нь гэвэл шоколадан бор шаргал өнгө байлаа.

 

Стилистүүд хаачив?

Энэ бүгдэд түүний стилистүүдийн багийг буруутгаж болно. Гэвч Людмила Александровна нэгэн ярилцлагадаа өөрөө өөрийнхөө стильд анхаардаг, энэхүү хариуцлагатай асуудалд хэнд ч найддаггүй гэжээ. Тэр ч бүү хэл тэрбээр Кремлийн оёдолчинд хандаж, бэлэн костюм, даашинзан дээр түүний сонирхлыг нэмж өгөхийг хүсч байсан гэдэг. Тэгээд л этгээд хачин зах, эмжээрүүд бий болдог гэнэ. Тэрбээр даавууг хараад л хаана, юу байх ёстойг шууд мэддэг гэжээ.

Тэрбээр “Үнэнийг хэлэхэд би моод сонирхдоггүй. Миний хүрээнийхэн яаж хувцаслаж байгааг хараад л тэндээсээ өөрт тохирохыг сонгочихдог юм. Өвөрмөц, тод хувцсанд дуртай. Даавуу өөрөө л ямар нугалаа, захтай байх вэ гэсэн төсөөллийг өгдөг” гэжээ.

Тэрбээр хурц тод, этгээд зүйлд дуртай, бусдад таалагдахыг хичээдэг ч хувцасны туслалцаатайгаар өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй байжээ. Түүний загварын мэдрэмжгүй байдаг нэг шалтгаан нь Людмила Александровна гэрийн эзэгтэй бөгөөд нэлээд хаалттай эмэгтэй байв.

Магадгүй түүний загварын мэдрэмжгүй байдал гэр бүл салалтад ч нөлөөлсөн юм бил үү, хэн мэдэх билээ.