Менингококкт өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна. Энэ өвчин нь хавар газар авах хамгийн өндөр магадлалтай байдаг бөгөөд ихэвчлэн 1-12 хүртэлх насны хүүхэд өвчилдөг юм. Энэ сар гарсаар уг халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдэж Завхан аймгийн Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд авлаа.
Энэ сарын 18-нд тус сумын Цэцэрлэг багийн Орших гэдэг газар хаваржиж буй иргэн н.Цогтбаатарын охин таван настай Ц.Сувд-Эрдэнэ гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан зовиуртайгаар сумынхаа эмчид дуудлага өгчээ. Сум, багийн эмч нар өвчтөнд анхны үзлэг хийж, менингококкт халдвар гэж үзэн, Завхан аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээ хийж, халууныг бууруулж, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулжээ. Тухайн үед хүүхэд өндөр халуунтай тууралттай, зовиур ихтэй байжээ. Өнгөрсөн даваа гаригт охиныг Завхан аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал нь хэвийн болсон ч цаашид оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх юм байна.
Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна. Халдварын нууц хугацаа 5-10 хоног үргэлжилдэг аж. Тиймээс энэ бүс нутагт дэгдэлтийг даамжруулахгүй байх зорилгоор энэ сарын 18-наас 29-ний өдрүүдэд хорио цээрийн дэглэм тогтоохыг тус аймгийн Онцгой комиссоос гаргажээ.