Өөр улсын тамирчин болсон ч эх орноо гэсэн сэтгэл нь харь болохгүй

Гурван монгол жүдоч (Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн) иргэншлээ солин, АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон нь спортын ертөнцөд нэлээд шуугиан тарьж байна. Хэдийгээр спортын салбар өндөр хөгжсөн зарим оронд ингэх нь хэвийн үзэгдэл ч Монголд тун содон үйл явдал. Ялангуяа олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргадаг, манай хамгийн топ спортын төрлийн тамирчид ийм шийдвэр гаргасан нь хүмүүсийн анхаарлыг бүр ч татаж байгаа.

Монголчууд бөхийн спортын тамирчдадаа хэчнээн хайртай, ямар их хүндэлдэг билээ. Тэр хэрээр бусад орноос харамлаж, тэдний шийдвэрийг янз бүрээр хүлээж авсан болов уу. Үүнийг зарим хүн “Тамирчны амжилт залуу насных. Амьдралаа бодсон нь дээр” гэж дэмжиж байхад “Төдийгөөс өдий хүртэл Монголын жүдо бөхийн гурван жинг өнгөлж, томоохон тэмцээнд оролцчихоод эх орноосоо нүүр бурууллаа. Өнгө, мөнгө хөөлөө” хэмээн шүүмжлэх цөөнгүй хүнтэй таарлаа.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, гурван жүдоч иргэншлээ сольж, АНЭУ-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй ч тийш явах нь ерөнхийдөө тодорхой болжээ. Хөрөнгө, чинээ, хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг АНЭУ тэдэнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард санал тавьсан юм байна. Гурван жүдоч МЖБХ-ны хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст зөвшөөрөхөөр шийдэж, иргэншлээ солих хүсэлт Ерөнхийлөгчид гаргасан аж.

Хүсэлтийг нь Төрийн тэргүүн дэмжсэн болохоор хүсэл нь биелэх магадлал тун өндөр. Одоогоор жүдочид хэдий хэмжээний цалин авахыг албаныхан нууцалж буй ч баян орон Монголтой харьцуулахааргүй өндөр амласан нь ойлгомжтой.

АНЭУ легионер тамирчдаа цалинжуулдаг жишгээр бол жилд дунджаар 68 сая төгрөг өвөртлөх аж. Үүний сацуу тэднийг байр, хоол, авто машинаар хангаж, тэмцээн, бэлтгэлийнх нь зардлыг бүрэн даах гэнэ.

Бэлтгэл, тэмцээн гэсээр өөр зүйлд өөрийгөө хөгжүүлэх боломж хомсоороо спорт хатуу. Бэртэл гэмтэл зэрэг амжилтад нь чөдөр болох зүйл мундахгүй, хэчнээн хичээсэн ч олимп, дэлхийн медальтан болно гэх баталгаагүй. Тэгээд бас залуу насны л ажил. Тамирчны замналаа өндөрлөсний дараа спортоос өөр эзэмшсэн мэргэжил, сурсан зүйлгүйн балгаар хэн ч биш болж үлдсэн, сэтгэл санаагаар унан буруу замаар орсон олон тамирчны гашуун түүх бий.

Энэ талаас нь бодохоор гурван жүдочийн шийдвэрийг буруутгах аргагүй. Харин ч монгол тамирчдын ур чадвар дэлхийд үнэлэгдэж, танигдаж, тэднийг “уруу татаж” байгаа нь сайшаалтай. Тэд АНЭУ-ын саналыг уухайн тас зөвшөөрөөгүй, эргэлзэж, тээнэгэлзэх гээд юм юм л давхцаж, “тарчилсан” байх. Жүдочид энэ шийдвэрийг гаргаснаар олон монгол тамирчин бусдын хараанд өртөх, хөгжилтэй орны далбаан доор зодоглох үүд нээлцэн, жимийг нь гаргалцах нь.

Гэхдээ үүний зэрэгцээ монгол хүний үнэлэмжийг өсгөж, дэлхийд гайхуулж байна гээд хэт хавтгайруулсны улмаас гайгүй гэсэн тамирчнаа харийн оронд алдах аюул буйг хайхрахгүй байж боломгүй. Өнөөдөр гурван тамирчин шинэ боломж эрэлхийлэн, ахуй амьдралаа өөд нь татахаар харийг сонгосон ч үүнээс илүү улсын эрх ашиг чухал гэдгийг ч тунгаах нь зүйтэй болов уу. Бэл бэнчинтэй орнуудад энэ мэтээр тавиад туугаад байвал юу болох вэ гэдгийг ч бодох хэрэгтэй.

Энэ байдал хэт хавтгайрч, туйлширвал ирээдүйд бид хамаг шилдгээ алдан, дундаж амжилт гаргадаг цөөн хэдхэн тамирчинтай үлдэхийг үгүйсгэх аргагүй. Ингэж бичихээр зарим хүн “Тийм олон тамирчин эх орноосоо явахгүй байлгүй” хэмээн бодож магадгүй. Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал улам хавтгайрах эрсдэл ихтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд зөвхөн жүдочдоос дөрвөн тамирчин иргэншлээ сольж, өөр орныг сонгосон нь үүний илрэл болов уу. Гурван жилийн өмнө Г.Отгонцэцэг Казахстан улсын туган доор тэмцээнд оролцох болж, өнгөрсөн онд гурван бөх Азербайжаныг сонгосон.

Спортын замнал нь өндөрлөж, эсвэл Г.Отгонцэцэг шиг амжилтаараа жингийнхээ шилдэгт дарагдсан тамирчин өөр боломж эрэлхийлж иргэншлээ солихыг буруутгах аргагүй. Алсдаа ямар амжилт гаргах, ур чадвар нь хэрхэн өсөх нь тодорхой байхад нь гурван залуу жүдочоо Азербайжанд “худалдсан” нь яавч зөв шийдвэр биш гэж бодном. Тэднийг байтугай зургаан жил шигшээ багт бэлтгэл хийсэн Г.Отгонцэцэгийг бид танилгүй, харийн орны нэрийн өмнөөс олимп, дэлхийн медальтан болсных нь дараа харамсаж, халагласан.

Монголдоо л хамгийн дэмжлэг сайтай гэгддэг жүдогийнхон хөрөнгө, чинээтэй орныг сонирхох болсонд спортын хорхойтнууд шүүмжлэлтэй ханддаг. Спортоор хичээллэж буй өсвөрийн захын тамирчнаас мөрөөдлийг нь асуухад “Олимп, дэлхийн медальтан болж, эх орныхоо нэрийг дуурсгах” хэмээн хариулах нь лавтай.

Гэтэл тэдэнд үлгэр жишээ болох учиртай туршлагатай зарим тамирчин харийн орны халамжид багтахыг илүүд үзсэний балгаар “Бэлтгэлээ сайн базааж байгаад, чинээлэг орны тамирчин болохыг хүсдэг. Бэлтгэл, тэмцээний зардал гээд санаа зовох зүйлгүй амар болно” гэх бодолтой болох вий дээ. Тамирчны амжилтад жингийн өрсөлдөөн, бэлтгэл хангагч хэчнээн чухал билээ. Жингийнхээ дундаж тамирчин гэж илүүчилж байгаад олимп, дэлхийн медальтан бэлтгэх хэмжээнд өрсөлдөж, хурцлах тамирчингүй болчихвол яана вэ.

Төрөөс олигтой дэмждэггүй, үеэ элээсэн хэрэглэл, материалаар бэлтгэл хийдэг ч бусад орноос тавьсан их хэмжээний цалингаас татгалзан, эх орондоо үнэнч үлдээд амжилтад хүрсэн монгол тамирчин цөөнгүй. Хамгийн тод жишээ нь хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг. “Би Монголын тамирчин, Мөнхжанцангийн Анхцэцэг хэвээрээ үлдмээр байна. Дахиад ямар ч орноос хэчнээн ч төгрөгийн санал тавьсан зөвшөөрөхгүй. Төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал. Тэрнээс биш мөнгө чухал биш. Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Минийх ч бас тийм.

Харин тэр үед “Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг хүсдэг” хэмээгээд дөрвөн ч орноос тавьсан саналаас татгалзан, монголчуудынхаа бахархлыг төрүүлсэн тэрбээр өнгөрсөн жил дэлхийн медальтан болж, бусдадаа үлгэрлэсэн. Хүндийг өргөлтийн ДАШТ-ий үеэр Япон улс дасгалжуулагч Ц.Хосбаярт, Узбекистан улс тамирчин Э.Билэгсайханд, азербайжанчууд Г.Ануужинг өөрийн болгох санал тавихад татгалзсан гэнэ лээ. Бодибилдинг, фитнесийн дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт БНХАУ их хэмжээний цалин амлаж, тамирчнаа болгох санал тавьсан ч эх орондоо үлдсэнээр нь бахархахгүй байх аргагүй.

Дэлхийн дэвжээнд гурван удаа түрүүлэхэд нь Гавьяат цолоор шагнаагүй, төрөөс дэмждэггүй гээд Монголдоо гомдвол гомдохоор л болсон тэр. Ерөөсөө тамирчдад тэднийх шиг ямар ч амжилт, алдар хүнд, эд баялгаас илүү эх орон эрхэм гэх сэтгэл, ухамсар чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Монголын төр, харьяа яамнаас спортынхныгоо олимпын болон олимпын бус төрлийнх гэж ялгавартай ханддаг, тэнцвэртэй бус дэмждэг нь үнэн.

Самбо, жүдогийн хоёр тамирчин дэлхийн аварга болоход адил шагнаж, ижил урамшуулдаггүйд олимпын бус төрлийнхөн гомдолтой явдаг. Энэ нь тамирчдын амжилт, эх орноосоо нүүр буруулахад нөлөөлөх эрсдэлтэй. Үндэсний шигшээ багийн тамирчин сард 380-450 мянган төгрөгийн цалин авдаг юм билээ. Хамаг шилдгээ гадаадад алдчихаад халаглаж суухгүйн тулд төр, засгаас дөмөгхөн дэмжиж, дорвитойхон цалин өгөхгүй бол горьгүй нь.

Энэ талаар хэн, юу хэлэв

ИРГЭНШЛЭЭ СОЛИХ НЬ ЗАРИМ ТАМИРЧИНД АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖ ЮМ

Ч.ДАМДИНШАРАВ (Ардын багш, олимпын хүрэл медальт):

-Аливаа зүйл хоёр талтай. Монголдоо онцгойрч, олимп, ДАШТ-д оролцож чаддаггүй тамирчин шинэ боломж хайн гадаадын орны саналыг хүлээн зөвшөөрөхийг би буруутгахгүй. Энэ бол олон улсын жишиг. Би олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа хүнд бэртэн, аргагүйн эрхэнд спортын замналаа өндөрлөсөн.

Үнэхээр харамсалтай юм билээ. Тэгэхээр тамирчин бүхэн амжилт гаргана, замналаа дуустал зүтгэнэ гэх баталгаагүй. Тиймээс гадаад орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаад хуримтлуулсан туршлагаараа монгол тамирчнаа дасгалжуулбал болохгүй гэх газаргүй.

ЧӨЛӨӨТИЙНХӨНД ГАДААДААС ОЛОН САНАЛ ИРДЭГ

З.ДҮВЧИН (Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-ий мөнгөн медальт):

-Тухайн тамирчныг орлох хэмжээний ундаргатай бол шинэ боломж хайн, гадаадын орныг зорих нь зөв. Цалин, дэмжлэгээс авахуулаад тамирчинд ашигтай л даа. Гэхдээ тэгэх нь залуу тамирчдад юу үлгэрлэж, ямар дуурайл болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Амжилт гаргангуутаа л хөрөнгө, чинээтэй орны ивээлд багтах бодол төрөхөөс болгоомжлох нь зүйтэй. Одоогоор чөлөөтийнхнөөс хэн нэгэн иргэншлээ солиогүй болохоор тухайн тамирчин, дасгалжуулагчид ямар мэдрэмж төрдгийг хэлж чадахгүй нь.

Чөлөөтийн бөхчүүдэд гадаадын орноос олон санал ирдэг. Монголын спортынхон өнөөдөр хувийн зардлаар тэмцээнд оролцон, бэлтгэл хийж байна. Тэгэх боломж, бололцоотой нь хэд билээ. Санхүүгийн хүндрэлийн улмаас амжилт гаргах бололцоотой л тамирчнаа олон улсын тэмцээнд сойдог. Тэмцээнд оролцолгүй гэртээ үлдсэн тамирчинд ямар бодол төрөх нь ойлгомжтой.

Төрийн дэмжлэг дутсанаас урам нь хугарч, спортоо орхисон нь цөөнгүй. Энэ нь эргээд бусад орны тамирчин болчиxвол тэмцээн, бэлтгэлийн зардалд санаа зовохооргүй болно гэх бодолтой болгоод байх шиг. Тиймээс төр, засгаас зөв бодлогоор дэмжиж, оновчтой зохицуулах нь чухал.

МОНГОЛЧУУД ГАДААДААС ЛЕГИОНЕР АВАХ БОЛОМЖТОЙ

М.БӨХБАТ (МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга):

-Гадаадын орноос Монголын жүдочдод зөндөө санал ирдэг. Тэр бүрийг нь хүлээж авна гэж юу байх вэ. Улсынхаа эрх ашгийг юуны түрүүнд тавьсандаа тэр. Бусад орноос тэр тамирчныг өөрийн болгоё гэж санал тавьдаг. Бид ярилцаж, тухайн тамирчинтай зөвлөн, жингийнх нь өрсөлдөөн, залгамжлах тамирчдыг нь сайн судалж байгаад хэрхэхээ шийддэг. Хэчнээн төгрөгийн цалин өгсөн ч МЖБХ-нд ямар нэгэн хувь ногдохгүй. Бусад орны саналыг хүлээж авснаар тухайн тамирчинд боломж олгож байгаа хэрэг.

Монголд спортын салбар хөгжөөгүй, тамирчид харь улсын нэрийн өмнөөс өрсөлдөх нь цөөн болохоор хүмүүс эмзэгээр хүлээж аваад байх шиг. Спортын салбар өндөр хөгжсөн оронд энгийн үзэгдэл шүү дээ. Тухайн тамирчин иргэншлээ солилоо гээд харийн хүн болчихгүй. Г.Отгонцэцэг иргэншлээ сольсны дараа Монгол, Казахстан орны хамтын ажиллагаа улам бэхжсэн.

Монголчууд ч бас гадаадаас тамирчин авч болно шүү дээ. Өвлийн спортын төрлөөр л гэхэд сайн тамирчныг өөрийн болгоод олимп, дэлхийгээс медаль хүртэж яагаад болохгүй гэж. Монгол тамирчин иргэншлээ солих асуудал хэт хавтгайрах вий гэхээс бид болгоомжилж, тэнцвэртэй байдлыг нь хадгалахын тулд нэлээд ажил хийхээр төлөвлөсөн.

Эх сурвалж: 

2 thoughts on “Өөр улсын тамирчин болсон ч эх орноо гэсэн сэтгэл нь харь болохгүй

  1. 3 2018-02-26 13:57 at 13:57

    3 урвагч ДҮЛЗЭНГҮҮД

    Хариулах
  2. Нэргүй 2018-03-06 08:41 at 08:41

    Женко юм л бол баянхонгорынхоо тамирчныг тэмцээнд явуулах гдг бас нутаг усны дов жалгын ялгаварлал гарчнаа инээдтэй. Энэ 3 дажгүй мундаг тамирчид отгонцэцэгийн дайтай арай л хүрч чадкү болвуу. Монгол эрчүүд бүсгүйчүүдээ хэзээ ч хаана ч юугаараа ч гүйцдэггүй юм хойно

    Хариулах

3-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн