ДАВС БУЮУ НАТРИЙН ХЛОРИД
Хүн хүнсээрээ давс авч байх хэрэгтэй. Давсийг натрийн хлорид (NaCl) нэгдлээр хүнсэндээ хэрэглэдэг. Давсанд агуулагдах натри нь хүний биеийн бүтцийн гол элемент болдог. Натри нь эсийн гаднах шингэн болон цусны сийвэнд агуулагдаж бие махбодид усны хуваарилалтанд оролцох үүрэгтэй. 70 кг масстай хүний биед 140 гр натри агуулагддаг ба хоногт 2 гр натри хүний биед шаардагддаг.
Хүнсний давс хэлбэрээр нь тооцвол 5 гр натрийн хлорид (NaCl) шаардлагатай. Хүний биед аливаа даавар, шимт бодис, эрдэс, витамин зэрэг нь ихдэх ч хэрэггүй дутах ч хэрэггүй тэнцвэртэй байж гэмээнэ бодисын солилцоо хэвийн явагддаг байгалийн шүтэлцээтэй. Иймд натри чухал үүрэгтэй ч гэлээ ихэдвэл хор болно. Харин Монголчууд бидний давсны хэрэглээ аль түвшинд байгаа бол?
СУУРЬ СУДАЛГАА
2011 онд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” суурь судалгаа хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот, хөдөөгийн 4 аймгийн 25-64 насны 1,040 хүнийг хамруулан хийж, Монгол хүний давсны бодит хэрэглээ, давсны эх үүсвэр болж буй хүнс, хоолыг тогтоосон юм.
Монголчуудын 83.2 хувь давс хэртрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хоногт 5гр хоолны давс хэрэглэж байх гэсэн зөвлөмж хэмжээнээс 2.2 дахин их буюу Монголчууд дунджаар 11 гр давс хоногт хэрэглэж байна. Зүйрлэвэл хоолны жижиг 2 халбага давс болж байгаа юм.
Тэгвэл энэхүү 2 халбага давсыг ямар хүнснээс авдаг талаар судлаад үзэхэд нийт давсны хэрэглээний 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос, 20.3 хувийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс авдаг байна. Судалгаагаар давс их хэрэглэдэг нь тодорхой боллоо. Тэгвэл өдөр тутам ийнхүү давсаа хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндийн ямар эрсдэлд хүргэх вэ?
ДАВС БА ЭРҮҮЛ МЭНД
Давс хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэдэг гэдэгт та итгэх үү? Артерийн даралт ихсэлтийн улмаас хөгжиж буй орнуудад жилд дунджаар 7 сая хүн нас барж, энэ нь нийт цус харвалтын шалтгааны 51 хувь, зүрхэнд цус хомсрох өвчний 49 хувийг тус тус эзэлж байна. Давсны хэрэглээ Монголд 7.8-20.9 гр/хоног, Хятадад 7.4-16.9 гр/хоног байгаа нь Азийн орнуудаас хамгийн өндөртөө орж байна.
Хүн амын давсны хэрэглээг хоногт 5 гр хүртэл багасгахад цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар тус тус бууруулах боломжтой. Ингэж чадвал бүсийн хэмжээнд 600 мянган хүн, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг цус харвалт, зүрхний шигдээсээс үүдэлтэй нас баралтаас сэргийлнэ хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.
2016 оны байдлаар Монголын хүн амын нас баралтын 33.3 хувийг зүрх судасны тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний байранд бичигджээ. Эндээс дүгнэхэд бид давсны хэрэглээгээ бууруулвал цаг бус нас баралтаа бууруулах боломжтой. Финлянд улсын жишээг сонирхуулья. Тус улсын засгийн газраас явуулсан кампанит ажлын үр дүнд хүн амын давсны хэрэглээ 18 гр байсан нь 14 гр болж, хүн амын дунд артерийн даралт болон цус харвалтаас үүдсэн нас баралтын тохиолдол 80 хувиар буурсан байна.
БУУРУУЛАХ АРГА ЗАМ
Хэмжээгээ багасга
Дээр өгүүлсэн судалгааны дүнгээс харахад давсны хэрэглээнийхээ 46.2 хувийг цайнаас, 33.5 хувийг хоолноос авч байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ дүнг нэмээд үзвэл 79.7 хувь болж байна. Эндээс харахад давс хэтрүүлэн хэрэглэх нь бидний дадалтай шууд хамааралтай болж байна. Цай, хоолондоо бид л өөрсдөө давсаа хийдэг шүү дээ.
Тэгвэл 2 халбага давс хийдэг байсан бол тэрийгээ 1 халбага болгож яагаад болохгүй гэж. Хэрвээ та 2 халбыг 1 халбага болгон өөрчилснөөр хайртай дотны хүмүүсээ артерийн даралт, тархинд цус харвах, зүрхний шигдээс эмгэгээр цаг бусаар нас барахаас хамгаалж чадна. Таны үйлдэл таныг гэр бүлийнхэнтэй чинь урт удаан амьдруулна гэдгийг санаж дадлаа өөрчлөхийг хичээнгүйлэн хүсье.
Давсны төрлөө өөрчил
Монгол нэрээр шошголсон нунтаг цагаан давс аль улсад ямар үйлдвэрт үйлдвэрлэснийг нь тогтоод нэг уншихад гэмгүй гэдгийг хэлье. Дэлхий нийтээрээ химийн гаралтай хүнснээс татгалзаж байгаа энэ цаг үед Монголчууд бид яагаад химийн үйлдвэрт үйлдвэрлэсэн цагаан давс хэрэглэх ёстой гэж?
Монголчууд бид дэлхийд олдохгүй байгалийн гаралтай Жамц давстай ард түмэн шүү дээ. Одоогоос 400 сая жилийн өмнө эртний нууруудад үүссэн давсан уултай ард түмэн гэдгээ сана. Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудад жамц давс элбэг. Тэр дундаа Увс аймагт давсан уул бий. Нутгийн ард түмэн эртнээс энэхүү давсан уулаа шүтэн Шүдэн уул хэмээн нэрийдэж жамц давсаа хэрэглэж ирсэн уламжлалтай. Жамц давсны найрлагадаа натрийн хлорид (NaCl) агуулахаас гадна олон төрлийн эрдсийг нэгтгэсэн байдаг нь эрүүл мэндийн тустай.
Магни агуулсан байдаг учир хоол, ундыг гашууруулдаггүй зөөлөн амтлаг болгодог, Калци агуулсан учир ясны бүтцэд, Кали агуулсан учир булчингийн үйл ажиллагаа, Иод агуулсан учир бамбай булчирхайн үйл ажиллагаанд тустай билээ. Иймд химийн гаралтай давс бус байгалийн гаралтай дэлхийд олдошгүй жамц давсаа хэрэглэж заншаарай. Харин тун хэмжээгээ тохируул.
Далд давсны хэрэглээг сана
Цай, хоолонд хийх давсаа бид өөрсдөөс хамааралтай бууруулж болно. Харин биднээс хамааралгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсэнд давс агуулагддагыг санах хэрэгтэй. Үүнийг далд давсны хэрэглээ гэж нэрлэдэг. 100 гр-даа 0.6 гр-аас их давс (натрийн хлорид) агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг давс ихтэй хүнс гэж ангилдаг. Монголчуудын өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний 100 гр дахь давсны агууламжийг танилцуулья.
Төрөл бүрийн талх 100 гр-даа 1.09 гр давс, хагас утлагат хиам 2.01 гр давс, элэгний нухаш 1.45 гр давс, давсалсан адууны мах (каз) 2.17 гр давс, далайн байцаа 2.4 гр давс, алаг салат 1.6 гр давс, төрөл бүрийн цуу 19.26 гр давс, кетчуп 2.6 гр давс, чипс 2.37 гр давс тус тус агуулдаг болохыг “Хүн амын давсны хэрэглээ, бууруулах арга зам” судалгаагаар тогтоосон байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд давс ихтэй хүнсний ангилалд багтаж байгааг анзаарсан байх. Иймд далд давс ихээр авдаг эдгээр хүнсийг зохистой хэрэглээрэй.
ЦАЙНЫ СОЁЛ, УЛАМЖЛАЛ
Монголчууд цайны соёл, уламжлалтай ард түмэн. Азийн ихэнх орнуудад мэндлэхдээ хоолоо идсэн үү? хэмээн хоорондоо мэнд мэддэг бол Монголчууд цайгаа уусан уу? хэмээн мэндэлдэг уламжлалтай. Монголчууд бидний уламжлан ирсэн цай дотроо маш олон янз. Хар цай, сүүтэй цай, хийцтэй цай, борцтой цай гээд маш олон төрөлтэй. Тиймдээ ч бид цайнаасаа шим тэжээлээ авч иржээ.
Нийтийн хоолны газруудаа ихэвчлэн “цайны газар” гэж нэрлэж ирсэн энэхүү уламжлалаас үүдэлтэй. Цайндаа олон төрлийн орц найрлага хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах нэг үндэс билээ. Монголчууд цайны орц найрлагадаа сулийн гурил, хужир, будаа, арвайн гурил, шар тос, сүүл, борц зэргээр амт оруулдаг учир жамц давсыг амт оруулах төдий бага хэмжээгээр хийж иржээ. Говьд ургадаг сулийг дээр үеэс амуу тарианы төрөлд тооцож хүнс тэжээлдээ хэрэглэж иржээ.
Сулийн гурил нь тэжээллэг чанар сайтай учир хөхүүл эхэд сүү оруулах, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа зэргийн үед тамир тэтгэж илааршуулах увдистай. Цайны хужир нь шүлтэг чанартай тул буруу хоололт, хорт зуршил зэргээс биед үүссэн хүчиллэг орчныг саармагжуулж эсийн хэт задралаас хамгаалах үйлдэлтэй учир Монголчууд цайндаа хийж хэрэглэж заншжээ. Цайны хужир нь цайг өтгөн сайхан аагтай болгодог. Иймд уламжлалт цайны жороо судлан хэрэглээндээ нэвтрүүлэх нь эрүүл мэндэд сайнаас гадна давсны хэрэглээгээ бууруулах нэг нөхцөл бүрдэх билээ.
Монос Хүнс компани уламжлалт цайны орц найрлага, арга технологиор хэрэглэхэд хялбар өег хийцтэй цайг үйлдэврлэж худалдаанд гаргажээ. Өег цай нь найрлагадаа Говь-Алтайн сулийн гурил, болсон шар будаа, Ховдын халтар арвайн гурил, Цайдам нуурын цэвэршүүлсэн хужир, Шүдэн уулын Жамц давс, хар цайны ургамлын ханд зэргийг агуулсан органик бүтээгдэхүүн болжээ. Энэхүү цайнд агуулагдах 12 гр бүхий 1 ширхэг савладтанд 0.0006 гр жамц давс оржээ. 100 гр дахь хэмжээгээр тооцвол 0.005 гр жамц давс агуулж байгаа нь давс багатай ангилалдаа орж байгаа нь сайшаалтай.
Эрүүл мэндэд тустай давсаа хэрэглээндээ нэвтрүүлж, давсныхаа хэрэглээг бууруулах нь та болоод таны гэр бүлийг урт наслуулах эрүүл мэндийн чухал дадал юм шүү. Эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн: Цахим Эмч Б.Баярбямба