Их Британийн нийслэл Лондон хотын Альберт-холл концертын зааланд Британийн кино, телевизийн урлагийн академийн кино наадмын шагнал гардуулах BAFTA 71 дэх удаагийн ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ наадмыг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг урьдчилсан байдлаар хэлдэг үйл ажиллагаа ч гэж үздэг. Уг нь Америкийн кино академи бүх зүйлээ өөрсдийнхөө шалгуураар хийдэг боловч мэдээж дэлхийн чиг хандлагаас ухарна гэж юу байх билээ.
Энэ удаагийн BAFTA-д Мартин Макдонахын “Миссури, Эббингийн хил дээрх гурван билборд” драм тэргүүлэгч байлаа. Уг бүтээл есөн номинацид нэр дэвшиж, тавыг нь хүртэж чаджээ.
Тэр дундаа “Гурван билборд” нь Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” хэмээх агуу бүтээлийг давж, “Шилдэг кино” ангилалд ялагч болсныг онцлох нь зүйтэй.
Үүнээс гадна Макдонахын уг бүтээлийн Британийн шилдэг кино, шилдэг эмэгтэй жүжигчин (гол дүрийг бүтээсэн Фрэнсис Макдорманд хүртсэн), шилдэг туслах эрэгтэй жүжигчин (Сэм Рокуэлл хүртсэн) шагналыг түүж, Макдонах өөрөө шилдэг өвөрмөц кино зохиолын шагналыг авчээ.
Дашрамд дурдахад уг кино “Алтан бөмбөрцөг”-өөс ч томоохон үнэлгээ авч, шилдэг драмын кино шагналыг хүртсэн. Мөн “Шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн” буюу бусад кино наадмын “Шилдэг кино”-той дүйцэхүйц шагналыг АНУ-ын Гильдия наадмаас хүртжээ.
Гильдия наадамад оны шилдэг киногоор “Усны хэлбэр” хэмээх уран зөгнөлт кино тодорсон. Уг кино “Алтан бөмбөрцөг”-т ч тэр, BAFTA-д ч тэр шилдэг найруулагчийн шагналыг авсан байна. Үүгээрээ дель Торогийн ажил хэр үнэлэгдэж байгаа нь харагдана.
“Усны хэлбэр” мөн BAFTA-д “Шилдэг дуу” шагналыг хүртсэн. Уг дууг хөгжмийн зохиолч Александр Депла бичсэнийг дурдах нь зүйтэй. Мөн “Шилдэг уран сайхны дэглээч” шагналыг авсан байна.
BAFTA наадамд ялагч нь анхнаасаа тодорхой хоёр номинаци байсан юм. Эллисон Женни “Тоня бүгдийн эсрэг” киноны Лавона Голдены дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин болсон бол Хэри Олдман “Харанхуй цаг” драмын кинонд Уинстон Черчиллийн дүрийг амилуулснаараа BAFTA-гийн эзэн болжээ.
Тэгвэл гадаадын киноны ангилалд Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Укийн “Зарц эмэгтэй” эротик триллер киногоор тэргүүлсэн байна.
Ирэх сард болох “Оскар”-ын улаан хивсний ёслолын үеэр үзэгчид мөн л хар хувцастай оддын жагсаалын харах төлөвтэй байна. “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр жүжигчид, найруулагчид бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийг дэмжих зорилгоор ийнхүү хараар хувцаслан ирсэн билээ. Энэхүү кампанит ажил “Time’s Up”, “Me too” хэмээх нэртэй болсон. BAFTA-гийн үеэр ч зочид төлөөлөгчид “Алтан бөмбөрцөг”-ийн нэгэн адил олонх нь хараар жигдэрчээ. Жүжигчин Фрэнсис Макдорманд л гэхэд хөгжилтэй, тод өнгийн даашинзтай ирснээ шагнал гардуулах ёслолын үеэр хар өнгөөр жигдэрсэн хамт олноо дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Кэмбрижийн гүнгийн ахайтан хар хувцас өмсөөгүй цөөн хүмүүсийн нэг боллоо. Гэхдээ “The Telegraph”-ийн загварын редактор Бетон Холтын ажигласнаар хатан хааны гэр бүл улс төрийн агуулгатай ямар нэгэн кампанит ажилд нэгдэх нь ховор байдагтай холбоотойгоор ийнхүү хувцасласан гэнэ.
BAFTA бол “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын өмнөхөн кино салбарт олгодог хамгийн сүүлчийн том шагналын нэг билээ. Америкийн кино академиас 90 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаагаа ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөсөн байна. Энэ онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн Олимпийн наадам болж байгаатай холбогдуулан наадмын ажиллагаа төлөвлөгдсөн цагаасаа хойшилж хийгдэхээр болжээ.
1 comment
urlag bol batlan hamgaalah yam