“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. Өмнөд Солонгос спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болох юм. Одоогоор Монголын үндэсний олимпийн хорооны төлөөлөгч Пёнчанд очоод байгаа бөгөөд баг тамирчид болон албаны хүмүүсийн түрүүч маргааш БНСУ-ыг зорино. Гүйлтийн цанын хоёр тамирчин энэ удаа эх орноо төлөөлөн оролцох бөгөөд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ анх удаа олимпод оролцох гэж байна. Тэрбээр өмнө нь “Турин 2006”, “Ванкувер 2010” наадамд тамирчнаар оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш гүйлтийн цанын дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Пёнчан хотод болох өвлийн XXIII олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг танилцуулъя.
“ПЁНЧАН 2018” МОНГОЛЫН БАГ: (2018.02.9-25)
Багийн ахлагч: Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 оны зуны олимпийн наадамд жүдо бөхийн тамирчнаар оролцож байсан бөгөөд тугчаар ажиллаж байсан
Тамирчин: ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг
Дасгалжуулагч: Х.Хаш-Эрдэнэ (Гүйлтийн цанын тамирчин, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч)
Төлөөлөгч: Э.Очирсүрэн (Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон)
ХУВААРЬ:
Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д, эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д уралдана.