“Зөрүүд эрийн номхотгосон нь” киногоороо олны танил болсон жүжигчин Адриано Челентано, Клаудия Мори нар 1964 оны 01 дүгээр сарын 14-нд сүй тавьснаас хойш 53 өвөл, хавар, зун, намар болжээ. “Өнөөдөр ч бид бие биедээ хайртай хэвээрээ” хэмээн тэд алтан хуримынхаа урилга дээр бичсэн байх аж.

Тэдний дурлалын түүх зураг авалтын талбай дээр эхэлж, ид шидийн мэт өнөөдөр ч үргэлжилсээр байна. Угаасаа ч хамтдаа байхаар бүтээгдсэн мэт тэр хоёр хязгааргүй аз жаргалтайгаар он цагуудыг хамтдаа элээжээ.

1963 онд “Ямар нэгэн хачирхалтай хэлбэр” киноны зураг авалт дээр танилцсан Адриано Челентано, Клаудия Мори нар анх бие биеэ нэг их онцолж анзаарч байгаагүй гэдэг. Челентаногийн хэтэрхий биеэ тоосон байдал залуу жүжигчин бүсгүйг цааш нь түлхэж байсан биз ээ. Эмэгтэйчүүдийн анхаарлыг байнга татаж явдаг Адриано ч Клаудия өөрийг нь тоохгүй байгаад галзуурах дөхөж, түүний анхаарлыг татах гэж янз бүрээр оролдож эхэлсэн байна.

Харин угийн дотроо бодолтой эмэгтэйн хувьд Клаудия Челентаног хүнд хань болох найдвартай эр хүн гэж огт харахгүй байлаа. Хэтэрхий хөнгөмсөг, бас буурь суурьгүй зангийнхаа гайгаар Адриано сайхан бүсгүйн анхааралд огт өртөхгүй байв. Харин тэр нэг учрал тохиогоогүй бол өнөөдөр бид Челентано, Мори хэмээх бат бэх хайраар холбогдсон хосын түүхийг ингээд уншиж суухгүй байсан нь лавтай. Тэрхүү учрал бол…

Хувь заяаг өөрчилсөн тэр нэгэн өдөр Клаудия зураг авалтын талбай дээр дэнгийн хагас бүрхүүлийг санамсаргүй хагалж орхижээ. Гэтэл хагарсан бүрхүүлийн хэлтэрхий Челентаногийн нүүрийг зүсчих нь тэр. Клаудия Челентаногийн өмнө маш их буруутай зүйл хийсэн мэт санагдаж, жүжигчин эрээс уучлалт гуйж эхлэв. Энэ үед л залуусын дунд хайрын гал дүрэлзэж, тэрхүү гал нь өнөө хэр нь бөхөөгүй явна. Тэр цагаас хойш жүжигчид бие биеэсээ алхам ч холдсонгүй.

Анхандаа бүсгүй Адрианог хөнгөмсөг болохоор удаан үерхэж чадахгүй биз гэж бодож байжээ. Гэвч тэр тийм байсангүй. Нэг удаагийн тоглолт дээр романтик аяз тоглосны дараа халуухан цустай итали эр Клаудияд хайраа илчилсэн байна. Шар хэвлэлүүд аз жаргалтай өдрийг нь нураачих вий гэсэндээ тэд үүр цайх үед хуримаа хийжээ.

Тэр цагаас хойш аль хэдийн 53 жил өнгөрсөн ч Адриано Челентано, Клаудия Мори нар бие биедээ ухаангүй дурласан хэвээр байгаа юм.

Клаудиягийн хувьд жүжигчний мэргэжлээ хамгийн эрэлттэй эрийн эхнэрийн үүрэгтэй хослуулахад нэлээд хүнд байв. Тиймээс ч ажлаа орхиод гэр бүлдээ анхаарлаа тавихаар шийдэж, Челентанод гурван хүүхэд төрүүлж өгчээ.

Халуун дулаан, тав тухтай, айлын дайтай айл болгосон Клаудия нөхөртөө ажил мэргэжлээрээ ахихад нь ч тус дэм болж байв. Мори Адрианод ажилд нь тусалж, түүний зар сурталчилгааны  зөвлөх, имижмейкер нь болжээ. Челентано олон тооны шагнал хүртэхэд эхнэр Клаудиягийн оролцоо нь хамгийн их байсан юм.

Адриано Челентано, Клаудия Мори нарын гэр бүлийн харилцаа үлгэрийн мэт дардан шулуун байсангүй. Царайлаг нөхрийг нь өдөр шөнөгүй ээрч хоргоох сайхан хүүхнүүдийг Клаудия тун тайвнаар хүлээн авдаг байв. Челентано ч тэр бүр үнэнч эр нөхөр байж чадаагүй юм. Тэрбээр Орнелла Мутитэй холбоотой болсон нь тухайн үедээ жинхэнэ дуулиан тарьж байв.

Энэ харилцаа нэлээд гүнзгийрч, Орнелла нөхрөөсөө салж, Челентаног мөн эхнэрээсээ салахыг тэсэн ядан хүлээж байлаа. Сэтгүүлчид ч томоохон салалт болох нь гээд шуугилдан бичиж байсан боловч тийм зүйл болсонгүй.

Хэсэг хугацааны дараа Клаудия Мори нөхрөө уучилж, түүнийг гэр бүлдээ эргэн ирэхийг зөвшөөрчээ.

“Тохиолдлын араар тавилт бол салах шалтгаан биш. Уучилж болох зүйл. Эр хүнд тохиолдлын холбоо гэдэг нь машинаа техникийн үзлэгт оруулахтай адил зүйл юм” хэмээн Клаудия бүсгүй тайлбарлажээ.

Өнөөдөр Челентаногийн гэр бүлд амар амгалан байдал ноёрхож, эхнэр нөхөр хоёр Миланы хотын захад даруухан харшид чимээгүйхэн аж төрж байна. Челентано, Мори нар дуулиан шуугиантай үдэшлэг, элдэв арга хэмжээнээс холхон байхыг хичээдэг. Үүний оронд аз жаргалтай хос хувийнхаа жүчээнд байдаг морьдоо арчилж, теннис тоглож, үр ачаа өсгөсөн шигээ аж төрж байна.

Адриано эхнэртээ зориулж, эхнэрийнхээ хөшөөнөөс ундарч урсдаг гоёмсог усан оргилуур хүртэл хийлгэжээ. Энэ усан оргилуур гэр бүлийнх нь цэцэрлэгт хүрээлэнг чимж байдаг.

Адриано Челентано, Клаудия Мори нарын түүхээс харахад мөнхийн хайр гэж үнэхээр байдаг гэдэгт итгэхээс өөр аргагүй. Гал, ус гээд бүхий л саад бэрхшээлийг даван туулж, өөрийн сонголтын төлөө эцсээ хүртэл тэмцэх ёстой гэдгийг амьдралын туршлагаараа харуулж чадсан, ийм л гэгээхэн хайр юм. Бүсгүй хүний мэргэн ухаан, эр хүний хайр халамж байгаа цагт хайр гэдэг мөнхийн үнэн ажээ.

By updown

9 thoughts on ““Зөрүүд эр”-ийн хайрын хагас зуун жилийн түүх”
  1. Мөнхийн хайрыг мөнхийн тэвчээрээр бий болгодгийг ухаарахгүй бол салж сарниад явах нь тов тодорхой.Клаудиа Моригийн тэвчээр л энэ амьдралыг бий болгосон болохоос Челентано агуу хайраар бий болгочихсон юм огт биш.Тэр бол байдаг л нэг эр хүн.Эр хүн бүр хүүхэмсэг гээд хэлчихэд алдахгүй.

  2. ухаалаг бүсгүй байна,тэгэхэд одоо манай хүүхнүүд нөхрөө нэг хүүхэнтэй холбогдонгуут л улс даяараа цацаж байна шүү дээ,жинхэнэ хань унтаад өнгөрдөг эмэгтэй 2-н дунд асар их зөрүү байгаа,

  3. Хайр сэтгэл, шохоорхол хоёрт дэндүү хатуу болзол тавьж байгаа нь маш буруу. Журам сахих, уучлах, алдаагаа засах боломжийг олгох, нэг удаа өнгөөрх, мартах гээд олон гарц байгаа. ер нь эрчүүд нь хэцүү хүмүүс шүү. Тэд ихиихэн шохооорхомхой юм лдаа. Гэхдээ тэдний буру нь юу байхав дээ. Цусанд нь тийм бүтэц байгаа юм чинь. Тэд буцалж явдаг юм.

  4. Худаа ш,,сан байна шүү. Ornella Muti гэдэг жүжигчин тэр кинонд нь хамт тоглосон.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн