[starbox id=3]
ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ (2017.03.13-19)
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хурал болж, шүүх энэ хэрэгт буруутгагдсан хүмүүст анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээснийг эс тооцвол хаврын салхи үлээсэн жирийн нэг долоо хоног өнгөрлөө. Харин үйл явдлын хөшгийг сөхөж үзвэл удахгүй өрнөх чухал үйл хэргийн бэлтгэл өрнөв. Өнгөрч буй долоо хоногт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхогчид зэрэг зэрэг гарч ирэв. Ичигсэд хөдөллөө.
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд дорвитой оролцоно
Н.Энхбаяр даргатай МАХН өнгөрсөн долоо хоногт байн байн сэтгүүлчдийг цуглуулан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн өргөтөгөсөн хөтөлбөр, МАХН-ын бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ж.Эрдэнэжамъяан НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн домогт 60 тэрбум төгрөгийг сөхсөн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойргийн сонгогчид нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял авсанд харамсаж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчид бичиг илгээв. Үүний хамт 2015-2016 онд МАХН-ын квотоор Шадар сайдын албыг хашсан Ц.Оюунбаатар “Төрийн албанаас 20 мянган хүн халагдсан” талаар мэдээлж, Н.Энхбаяр өөрөө Хөгжлийн гарц сэдвээр лекц уншив.
Шадар сайдаар ажиллах үед нь төрийн албанаас 22 мянган хүн халагдчихаад байхад ганц үг дуугараагүй Ц.Оюунбаатар дуу алдаж, Н.Энхбаяр лекц уншиж, ерөнхийдөө МАХН нийгмийн анхаарал татсан, тодорхой хэмжээнд шуугиан тарьсан сэдэв бүрийг гээхгүй хамж байгаагаас харвал тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд дорвитой оролцохоор шийдсэн үү гэлтэй.
Сонгуулийн кампанит ажлаа албархуу эхлүүлсэн МАН
Засгийн эрх барьж байгаа МАН ч энэ долоо хоногт зүгээр суулгүй “Ерөнхийлөгчийн сонгууль-2017” кампанит ажлаа эхлүүллээ. Өнгөн талаас хэнд ч үл анзаарагдам, албархуу эхэлсэн сонгуулийн дэвсгэр ажлын хүрээнд Ж.Эрдэнэбатын танхимын хэдэн сайд нар нийслэл болон орон нутагт тарж ажиллав.
Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэд ажилласан бол Шадар сайд У.Хүрэлсүх Увс аймаг болон Баянзүрх дүүрэгт, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Баянголд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн Туул тосгонд, Эрчим хүчний сайд П.Ганхүү Сүхбаатар дүүрэгт, Зам тээвэр, хөгжлийн сайд Ганбат нисэхэд ажиллалаа.
Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох вэ гэсэн иргэдэд санаа тавьсан, сэтгэл зовнисон шинжтэй хийгдсэн уулзалтууд үнэн хэрэгтээ айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн тандалт, иргэдийн сэтгэл зүйг татах, дасгах арга хэмжээ болов.
АН-ын хувьд амаргүй даваа
“Ерөнхийлөгчийн сонгууль-2017” хаяанд ирсэн ч нэгдсэн бодлого, байр суурьгүй, ирээдүй нь бүрхэг байгаа ганц нам бол АН. 2016 оны зунаас хойш тасралтгүй сонгуульдаж байгаа энэ намын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль амаргүй даваа болж хувирах төлөвтэй. Дотоод сонгууль нь ирэх сарын 2-нд болно. Намын даргыг түшиж байгаа З.Энхболд гэх мэт цөөн хүнийг эс тооцвол Ардчилсан нам “С.Эрдэнэ ба бусад” гэж хуваагдсан байгаа.
Өнөөдрийн байдлаар шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй фракциуд нь дотоод сонгуулийн өрсөлдөөнөөр улам сэдэрсэн шархаа эдгээж чадахгүй шаналж байна. Энэ шарх нь тэднийг хаваржин халууруулж, АН Ерөнхийлөгчийн сонгуулиар цэвэр ялагдал хүлээх нөхцөлд хүрчихээд буй.
Хэдийгээр нам нь дотооддоо тод зөрчилтэй байгаа ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой ганц хоёр улстөрч МАН болон МАХН-тай зэрэгцэн бие даасан тоглолтоо далдхан эхлүүлсэн нь энэ долоо хоногийн содон үйл явдал байв. Тэдний нэг бол Э.Бат-Үүл. Пүрэв гаригт Нийслэлийн АН-ын дарга оны өмнө нийслэлийн гудамжаар “Ард түмний сонорт” нэртэй ухуулах хуудас нааж, хуулийн байгууллагынханд шалгагдав” гэсэн мэдээ түгээн олон нийтийн анхааралд орж ирэх гэж хичээсэн Ардын их хурал хөдөлгөөнөө хөтлөн тайзан дээр гарч ирж улстөр хийв.
Тэдэнтэй өмнө хойноо орж МоАХ угшилтай хүмүүс багтсан Ард түмний онц түр зөвлөл ТББ “Оффшорт 17 тэрбум ам.доллар байна” гэж мэдэгдэв. Энгийн харцаар харахад олны эрх ашгийг төлөө үг хэл мэт сонсогдох эдгээр сүржин мэдэгдлийн ард ямар нэгэн улстөр нуугддаг. Эцсийн дүндээ Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Наадам дөхөхөөр наадамд сойлгон, олон жил хурдалсан морь зөнгөөрөө өөрийгөө сойж, барианы зурхай руу зүтгэдэг шиг сонгуулийн сургаар улстөрчид бас гэгэлздэг юм байна гэдгийг эндээс олж харж болох биз ээ.
Э.Бат-Үүлтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч бяцхан хувийн тоглолт хийж амжив. Н.Алтанхуягын тухайд “Ууланд гэмтээд эмнэлэгт хэвтсэн” гэх мэдээ дуулдаж байсан ч тэрбээр саяхан хорихоос суллагдсан найз Л.Гансүхийн хамт караокед дуулж байгаа бичлэгээ өөрийн цахим хуудастаа баасан гаригт байршуулжээ. Энэ нь найз нөхрийн хүндлэл, эр хүний ёс, сайн андын жудаг мөн ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн олон нийтийн сүлжээнд халамцуу бичлэгээ түгээх нь харин хэр зохимжтой, залууст хэр үлгэртэй байдаг юм бол.
Хоёр тэрбум ам.долларын чимээ
Энэ долоо хоногт дуулдсан хамгийн гэгээтэй мэдээ бол Монгол Улс Өмнөговь аймгийн Ханбогд суманд жилд нэг сая тонн баяжмал боловсруулах үйлдвэр барьж, 2020 гэхэд ашиглана гэсэн Засгийн газрын мэдэгдэл. Үйлдвэрт Оюутолгой болон Хармагтай, Цагаан суврагын ордын зэсийн баяжмалыг боловсруулж, жилд ойролцоогоор хоёр тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөн хөрөнгийн эргэлтийг дотооддоо шингээх боломжтой гэнэ.
Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн ярьж ирсэн үе үеийн Засгийн газар боловсруулах үйлдвэрийн талаар дорвитой шийдвэр гаргаж байгаагүй. Хэрвээ энэ үйлдвэрийг барих бол одооноос “Дотооддоо олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт давуу эрхтэйгээр авна” гэсэн заалтыг Ашигт малтмалтын тухай хуульдаа суулгаж, уул уурхайн хөрөнгө оруулагчидтай үг хэлээ олж эхлэхгүй бол хоосон балгастай үлдэх вий.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газар энэ үйлдвэрийг Хэнтийн Бор-Өндөрт барих талаар шийдсэн ч энэ нь сонгуулийн шоу, популист амлалт болоод төгссөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ үйлдвэрийг мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу, популист амлалт болгочихгүй бол Оюутолгойгоос олох орлогоо алдчихсан суугаа монголчуудын амьдралд нэмэртэй, үүн шиг гэрэл гэгээтэй мэдээ гэж үгүй биз ээ.
Монгол цэргийн өдөр
Долоо хоногийн бямба гаригт Монгол цэргийн өдөр болж өнгөрөв. Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр.
Зэвсэгт хүчний 96 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор цэрэг цагдаа, хууль хүчний байгууллагын цөөн хүнд одон медаль гардуулсныг эс тооцвол Монгол төрийн төлөө тангараг өргөсөн жинхэнэ эх орны манаач Монгол цэрэг эрчүүдийн баяр тун даруухан болж өнгөрлөө.