НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн иргэдийн газартай холбоотой асуудал, санал гомдлыг татан авч, үүнп үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Бараг л анх удаагаа гэж хэлж болох энэ хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын иргэд өөрсдөө оролцож, өөрсдийн асуудлаа шийдвэрлэх түвшинд ярилцах боломжтой болж байгаа юм. Хэлэлцүүлгээс өмнө НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргүүдийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн санал гомдлыг хүлээн авах юм. Авсан санал гомдолд тулгуурлан асуудлыг хэлэлцэх учир хотын иргэн бүрийн санал чухал ач холбогдолтой гэдгийг анзаарч харах хэрэгтэй болов уу.
Газартай холбоотой, маргаантай асуудал нийслэлийн иргэн бүрийн өмнө тулгардаг. Иймээс НИТХ-ын дарга С.Амарсайханы гаргасан энэхүү захирамж цаг үеэ олжээ гэж дүгнэж болохоор. Дарга нар ширээний ард суугаад ярилцдаг бус харин иргэд өөрсдийн асуудлыг хэлж, санал, гомдлоо уламжилж, шийдвэрлэх гарц, гаргалгааг сонгосон УИХ-ын гишүүд, төлөөлөгчид, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцах нь зөв шийдэл юм.
Хамтран гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгоод, өөрөө гар бие оролцож, газартай холбоотой асуудлаа шийдвэрлэх гарцаа олно гэдэг цаг хугацааг хэмнэх тун боломжийн санал гэж хэлж болох.
Хэлэлцүүлгийн зорилго ч үүнд оршиж байгаа болов уу гэж харж байна. Иргэдийн төлөөлөл нь иргэдтэйгээ л санал солилцдог, иргэдтэйгээ л хамтарч асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай юм. Түүнээс өндөр байшинд тухлаг өрөөнд суучхаад “Долоон буудлын Должингийн /жишээ авсан нэр/ асуудлыг шийдвэрлэнэ” гэж юу байх вэ. Иргэн Должин асуудлаа хэлж, санал солилцож, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа хэлэлцэж байж л зөв шийдэлд хүрэх юм.
Нийслэлийн иргэдийн хурал энэ зарчмаараа зөвхөн газар бус өөр олон асуудлыг шийдвэрлээд яваасай гэж хүсч байна. Нийслэл тулгамдаж буй асуудал олон бий. Түүнийг шийдвэрлэх боломж бололцоо иргэн бүрт бий. Хамтраад хэлэлцээд, шийдэлд хүрээд явбал, нийслэл маань удахгүй газар, утаа, замын түгжрэл зэрэг олон асуудлаасаа бага багаар салах боломж бүрдэнэ гэж гэдэгт ч итгэж байна.