Ууттай бэлэгнээс татгалзъя

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд томоохон худалдааны төв,  хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаалах боодолтой бэлэгийг та хүүхдэдээ авах гэж яарахаасаа өмнө дотор нь амттан хэмээх “хор”-ыг хэр их хэмжээгээр агуулсан болохыг нь  ажиглаарай. Бид хэзээ ч хүүхдэдээ хоёр стакан элсэн чихэр “Май үүнийг ид” гээд шууд өгөхгүй ч 8000-8500 төгрөгийн дундаж үнэтэй бэлгэнд ийм хэмжээний сахар агуулагддаг гэдгийг та мэдэх үү?

Боодолтой бэлгэнд багтсан 750 мл олон жимстийн жүүсэнд 82 грамм, “Эм энд эм” шоколадтай үрлэнд 85, 274 грамм, “Орео” хавчуургатай жигнэмэгт 112, 100, “Харибо” резинэн чихэрт 91, 50, “Киндэр” шоколаданд 26, 35, хөөсөн чихэрт 16 грамм чихэр тус тус агуулагддаг байна. Насанд хүрсэн хүний нэг өдрийн элсэн чихрийн хэрэглээ 25 грамм байх ёстой атал бага насны хүүхэд, бяцхан дүү нартаа бид ийм их хэмжээний цагаан хорыг нэг дор өгдөг байх юм.

Хэрвээ та хэн нэгэн найзынхаа хүүхдэд бэлэг өгөхөөр шийдсэн бол юу өгөх гэж буйгаа сайтар бодох хэрэгтэй болж байна. Нэгэнт чихэр болон өөр амттан худалдаад авчихсан бол хүүхдэд нь өгөхөөс өмнө эцэг эхээс нь заавал асууж байж өгсөн нь хамгийн ухаалаг шийдвэр гэдгийг санаарай. Учир нь тухайн хүүхэд ямар нэгэн хүнд өвчтэй, эсвэл чихрийн харшилтай, сахарын өвчтэй байж болно. Тэгээд та уг хүүхдэд аав ээжээс нь асуулгүй шууд л “гоё амттай” амттан өгчихвөл юу болохыг төсөөлөөд үз дээ. Аав ээж нь идүүлэхгүйг аль болох хичээнэ, бас таныг ч гомдоохыг хүсэхгүй. Бас нөгөө бяцхан хүүхэд маань нэгэнт л хүүхэд юм болохоор идэхийг хүснэ гэх мэтчилэн олон асуудал үүсэх боломжтой байдаг. Иймээс юу өгөх гэж буйгаа, яах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ бусадтайгаа ярьж зөвлөх нь соёлтойгоос гадна бусдыгаа хүндэлж буй хамгийн зөв хандлага юм шүү.

Иймд чихэр амттаны оронд оюун ухааны тоглоом ч юм уу, ном гээд өөр хэрэгтэй зүйлийг бэлэглэхийг хичээгээрэй. Дашрамд нь хэлэхэд багадаа чихэрт “цадаж” өссөн хүүхэд биеийн эсэргүүцэл султай, насанд хүрсэн хойноо архи, тамхи зэрэгт амархан дурламтгай хүмүүс болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэдгийг санаарай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн