ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтан ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны эмч П.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгаалалт хэрэглэхээс гадна ямар ямар аргууд байна вэ?
Хосууд болон гэр бүлийн хүмүүс нэгэндээ үнэнч байх, бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн архи согтууруулах ундаа, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Энэ нь өөрөө хүний хяналтыг алдагдуулдаг учир хүмүүс тохиолдлын бэлгийн харилцаанд орох тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаасаа үүнийг өсвөр үе хүүхдүүдэд гэр бүлийн нандин харилцааг ойлгуулах, ямар үед тэвчих вэ гэдгийг ойлгуулж, чиглүүлэх хэрэгтэй байна. Он гарсаар ХДХВ-ын халдвараар бүртгэгдсэн хүмүүсийн 50-иас илүү хувь нь гэр бүлтэй байгаа нь нийгмийн асуудал болж байна. Үүний цаана гэр бүл салалт их байгаа гэсэн үг. Бид өнөөдөр 15 настай хүүхэд ХДХВ-ын халдвар авлаа гэж шуугихаасаа илүү гэр бүлийн үнэнч харилцаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ халдварыг ганц бие, гэр бүлийн амьдрал нь тогтвортой биш хүмүүс авч байна.
Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын судалгаа ямар түвшинд байнэ вэ?
Бэлгийн замаар дамжих халдварын судалгаа бол сүүлийн таван жилээс харахад өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ нь сэргийлж болох өвчин мөртлөө амьсгалын замын халдварт өвчнөөс өндөр бүртгэгддэг. Бид амьсгалын замын халдвараас сэргийлж чадахгүй. Гэр бүлийн хүний нэг нь ханиадтай байлаа гэхэд үлдсэн бүх гишүүд уг халдварыг авч байдаг. Гэтэл бэлгийн замын халдварт өвчин зөвхөн дотно харилцаанд орсноор халддаг. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдээс тэмбүүтэй хүүхэд төрөх болсон нь монголчуудын бэлгийн харилцаа замбараагүй байгаа нь харагдаж байдаг. Өнөөдөр дэлхий нийтээр тэмбүү өвчний эсрэг уриа гаргаж, тэмцэж байна. Жирэмсэн эмэгтэй гэдэг бол нийгмийн хамгийн цэвэр ариун бүлэг байх ёстой атал жил ирэх тусам төрөлхийн тэмбүүтэй төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээ гарсан ч энэ нь байж болохгүй зүйл юм. Бид нарын амьдралын гол зорилго эрүүл саруул хүүхэд төрүүлэх байхад төрөлхийн халдвартай хүүхэд төрж байгаа нь нийгмийн эмзэг асуудал. Жирэмсний хяналтанд орохгүй байгаа ээжүүдийг анзаараад үзэхэд амьдралын нэн боломжгүй, хөдөө орон нутгийн оюутанууд байдаг. Тэд хөдөө орон нутагт л хандах ёстой гэж буруу ойлголттой явсанаас болж хяналтанд орж амжилгүй төрөх хугацаа нь болсон байдаг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсэн эмэгтэй тухайн хороо, дүүрэгт үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах ёстой. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдэд бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн талаарх ойлголт мэдээлэл тааруу байгаа нь ирээдүйд үргүйдэлд хүргэж байна. Учир нь аймаг, суманд цөөхөн хүн амтай учираас нэгнийгээ таньдаг. Эмнэлэгт хандъя гэхээр хүмүүсийн ярианаас ичиж зовсноос болоод эмчлүүлж чаддагүй зэрэг асуудал их гардаг.
ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн 50-иас илүү хувь нь гэр бүлтэй хүмүүс байдаг гэлээ. Энэ талаарх шалтгаан нөхцөлийг судалдаг уу?
Нарийвчилсан судалгаа байхгүй. Гэхдээ бид статистик мэдээлэлийг байнга хардаг. Энэ жил гэр бүлтэй хүмүүс ХДХВ-ын халдвартай гэж бүртгэгдлээ. Өмнө нь хамтран амьдрагч, ганц бие, гэр бүлийн амьдрал нь тогтмол биш хүмүүс бүртгэгдэж байсан. Өнгөрсөн жилийн статистик мэдээнээс гэр бүлтэй хүмүүс халдварт өвчинөөр өвчлөх тохиолдол нэмэгдсэн нь гэр бүлийн нандин харилцааг хүмүүст ойлгуулж, мэдлэг мэдээлэл өгөх нь чухал гэдгийг харж байна. Архидалт, ядуурал бол эрсдэлт хүчин зүйлс юм. Архи уух үед хүний хяналтын систем алдагддаг. Хүмүүс бэлгийн замын өвчиний талаар мэддэг хэрнээ алддаг. Учир нь манай улсад бэлгэвч хэрэглэх нь дадал болоогүй. Хүүхдийг насанд хүрсэнийх нь дараа энэ сэдвээр ярьдаг. Гэтэл энэ нь дадал болоогүй байдаг. Тухайлбал, Барууны орнуудад хүүхдийг бага байхад нь энэ талаарх ойлголт мэдээллийг хангалттай өгдөг учираас амьдралынхаа хэвшил болгосон байдаг. Гэр бүлийн хосууд гэхэд зөвхөн хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн үедээ хамгаалалтгүй харилцаанд ордог. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг дахин сэргээх хэрэгтэй.
Бэлгийн замаар дамжин халдварладаг ямар ч өвчин эдгэдэг. Энэ өвчиний эсрэг уудаг эм, тариаг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгодог уу?
Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын эм тарианы төлбөрийг төрөөс 100 хувь дааж, үнэ төлбөргүй олгож байгаа. Манайд оношилогдсон хүмүүсийг бид эмчилгээг нь хариуцдаг. Тэдний эмчилгээний зардал Засгийн газараас санхүүжилтээр орж ирнэ гэсэн үг. Бэлгийн замын халдварт өвчнөөс илүү бид элэгний B, С верусээс айх хэрэгтэй. В верус бол цус, бэлгийн замаар дамждаг верусын гаралтай өвчин. Энэ нь маш олон төрлөөр хүнд халдаж болно. Хөмсөгний шивээс, шүдний эмнэлэг, персинг зэрэг нэг удаагийн бохир тариурыг дахин хэрэглэхээс шалтгаалан цусаар дамжинд хүнд маш хурдан халдварладаг. Ариутгалын тоног төхөөрөмжтэй эмнэнэлэгт орох, нэг удаагийн зүү тариур хэрэглэж байна уу зэргийг хувь хүн өөрөө анхаарч, мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.