Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор галт тэрэгний зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Иймд Улсын Онцгой омиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэр гаргалаа, гэж тусаймгаас мэдээллээ. Мөн тус суманд БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг өчигдөрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэжээ. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгосон байна.
Мандал сум буюу Зүүнхараад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан энэ үед ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм.