МАН-ын Их хурлын ил ба далд

МАН-ын  ХХVIII дугаар Их хурал  өчигдөр эхэллээ.  Эрх баригч намын их хурал  олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Энэ хурлаар МАН-ынхан шинэ даргаа сонгоно. Мөн намын бага хурал, хяналтын хорооны гишүүдийн сонгож, намын генсекийн асуудлыг ч ярилцах юм.  Өчигдөр болсон  хурлын талаар мэдээллийг тоймлон хүргэж байна.

 “МАНАЙ НАМЫН ГОЛ ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ЭВ НЭГДЭЛ ЮМ”

МАН-ын 200 гаруй мянган гишүүнийг төлөөлж Их хуралд 1,283 төлөөлөгч сонгогджээ.  Тэд өчигдөр өглөө 08:30 цагт  Соёлын төв өргөөнд хурлаа эхэллээ.  Намын дарга М.Энхболд гишүүдэд баяр хүргэн хурлаа нээж, илтгэлээ хүргэв. Илтгэлээс онцолбол, Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна.

Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуу­чуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.  Мөн манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм” гэлээ.

100 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭХ САНАЛ ГАРГАВ

Үүний дараа хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ.

Энэ удаагийн Их хуралд 1,309 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 1,074 нь намын анхан шатны төлөөлөл болж, 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж оролцож байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.  Өнгөрсөн хугацаанд намын бага хурал 11 удаа хуралдаж, цаг үеийн болон зарчмын олон асуудал хэлэлцэж, 57 тогтоол гарган хэрэгжүүлсэн гэв.

Мөн намын Удирдах зөвлөл 79 удаа хуралдаж, 179 тогтоол батлан гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан гэв. Мөн тэрээээр мөн намынхаа түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхтэй холбогдуулан XXVIII Их хурал онцгойлсон уриалга гаргаж гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.

САЛБАР ХУРАЛДААНААР НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨР, ИХ ХУРЛААС ГАРГАХ УРИАЛГЫГ ХЭЛЭЛЦЭВ

Ийнхүү намын танхим дахь хурал түр завсарлаж,  төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Үүний дараа салбар хуралдаануудаар үргэлжилсэн.

Салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэл, МАН-ын мөрийн хөтөлбөрийн шинэчлэл, ХХVIII Их хурлаас гаргах уриалга зэргийг хэлэлцсэн юм. Салбар хуралдаанаас гаргасан шийдвэрээ  Их хурлаараа хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.  Их хурал өчигдөр дугаар шилжих мөчид үргэлжилж байв.  Ерөнхийдөө 24.00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг эх сурвалж мэдээлж байлаа.

ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙНХЭН ХООЛОНДОО ОРОХ УУ

Их хурал ил тод нээлттэйгээр ингэж үргэлжилсэн бол намын даргын сунгаа далд хэлбэрээр нэлээд ширүүн байгаа бололтой. Гол өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын дунд өрнөж буй. Тэднийг дэмжигч фракцынхан их хурлын төлөөлөгчидтэй уулзаж, энэ талаарх тохироог хийж байгаа талаар ч шар шувуу нисэж байна. МАН-ын дүрмэнд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт бий.

Хэрэв У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулж харин намын бүтэц зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орж нам дотор бужигнаан үүсэх нь тодорхой. Харин Д.Хаянхярваа сонгогдвол нам дотор хөдөлгөөн орохгүй ч Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх ийм л хоёр сонголттой их хурал үргэлжилж байна. Өчигдөр намын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваа мэдээлэл хийхдээ “Би намын дарга болсон ч Ерөнхий сайдаар ажиллахгүй” гэдгээ мэдэгдсэн.

Гэхдээ намын дүрмээ өөрчлөгдөөгүй байхад ийм мэдэгдэлд итгэнэ гэвэл дэндүү гэнэн болно. УИХ дахь 32-ын бүлэг ерөнхийдөө УИХ-ын гишүүн   Д.Хаянхярвааг намын даргад зүтгүүлж буй  гэсэн мэдээлэл бий. Ийнхүү сая байгуулагдсан Засгийн газар дахин унаж,  МАН доторх гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орж магадгүй байгаа юм. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дүрмээрээ ажиллах нь зүйтэй гэж үзэж буй бололтой.

У.Хүрэлсүхийн  танхимд багтсан, түүний талд баттай  зогсдог  гэх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхий сайд нь намын дарга байна гэсэн дүрмээрээ явах нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. 100-гаад жилийн түүхтэй намын түүхэнд ер нь Ерөнхий сайд болсныхоо дараа намын даргад дэвшиж байсан ийм тохиолдол байгаагүй байх. Тиймээс МАН-ын хурлын төлөөлөгчид эгзэгтэй цаг үед чухал сонголтын өмнө ирээд байна. Түүний дараа яригдах нэг зүйл нь намын генсекийн асуудал юм.

Их хурлаас шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд нь Д.Амарбаясгаланг намын генсекээр үргэлжлүүлэн ажиллах уу, үгүй юү гэдгийг шийднэ.

МАН-ын Их хурлын  бас нэг сонин зүйл нь МАН-ын гишүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлсэн явдал байв. Өмнө нь АН-ыг дэмжиж байсан түүнийг хэзээ энэ нам элссэн бэ гэдэгт хариулт өгөх хүн алга. Мөн намын даргад нэрээ дэвшүүлэхээр хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм гэвэл бүр ч худлаа болно.

 Тэгэхээр ямар учраас гэв гэнэт мэдэгдэл хийж нэрээ дэвшүүлэх болсон бэ гэдэг нь сонирхол татаж байна. Түүний  талаар олон таамгийг дэвшүүлж байгаагаас хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад шидсэн чулуу байж магадгүй гэдэг юм.  Ямартай тэр Их хурал оролцох мандатгүй ч гэсэн тэр намын даргад өрсөлдөж байна.

Харин Н.Дэмбэрэлийн тухайд  МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн. Тэрээр мөн л өчиг­дөр Д.Хаянхярваатай адилхан байр суурь илэрхийлсэн. “Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн дүрмийг өөрчлөх шаардлагатай“ гэж байв. Тэгэхээр түү­нийг 32-ын бүлгээс нэр дэвшүүлсэн байж болох юм. Харин МАН-ын их хуралд Ерөнхийлөгч  Г.Майцэцэгийг гэнэтийн бэлэг болгон илгээсэн байж болно.

Ямартай ч МАН-ын их хурлын төлөөлөгчид өнөөдөр намын даргаа сонгоно. МАН-ын  УИХ дахь бүлэг нь хоёр хуваагдсан, дотооддоо эв түнжингүй байдал үүссэн нь намын нэр хүндийг нийгэмд унагаж буй. Тэдний нэр хүндээ өсгөх, иргэдийн итгэлийг дахин хүлээх нэг боломж нь энэ удаагийн Их хурал юм. Өнөөдөр хурал үргэлжилж намын даргаа сонгоно

Эх сурвалж: 

One thought on “МАН-ын Их хурлын ил ба далд

  1. ЗОЧИН 2017-11-21 12:01 at 12:01

    Та нарын хов хэнд ч хэрэгггүй Мангаруудаа

    Хариулах

ЗОЧИН-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн