“Саусгоби Ресурсес” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг Хятадад баривчилсан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 11-нд тус улсын Рижао хотын хорих ангид саатуулжээ. Б.Аминбөхийг мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр шалгаж байгаа юм байна. Харин “Саусгоби Ресурсес” компанийн ТУЗ-өөс долоо хоногийн өмнө Б.Аминбөхийг үндсэн ажлаас нь чөлөөлж, Бин Ван гээчийг оронд нь түр томилжээ.
Тэрбээр 2015 оны наймдугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд сарын дараа Гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Үүнээс өмнө, тэрбээр National United Resources Holding компанийн захирлаар ажиллаж байжээ. Залилангийн хэргээр хоригдоод байгаа Б.Аминбөх нь ӨМӨЗО-ны Алшан аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашдаг нэгэн аж. Тэрбээр нүүрсний уурхайн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол, Хятадад дамнасан үйл ажиллагаа явуулдаг Нейшнл Юнайтед Ресурс Холдинг Лимитед (“NUR”) компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байсан. Үүний өмнө мөн л Монгол, Хятадыг дамнан нүүрсний худалдаа эрхэлдэг Эжина Жин Юун Кун Тай Индустриал Девелопмент компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Мөн Өвөр Монголд байрлах Ронг Чун Коал нүүрсний уурхайг эзэмшдэг гэнэ.