Энэ сарын 1-ний өдөр Tushig Doyod гэх фэйсбүүк хаягтай нэгэн эрхэм Дорноговь аймагт явж байхдаа тэсэрч дэлбэрэх аюултай байж болох сум газар хэвтэж байхыг харж, улмаар ямар учиртай зүйл болохыг нь асуусан пост хийсэн байсан юм. Тус постыг харсан зарим иргэд “Тэсрүүлэгч нь тэсрээгүй байна. Аюултай хэвээрээ байх магадлалтай. Яаралтай мэргэжлийн байгууллагад ханд” хэмээн бичсэн байв.
Улмаар холбогдох албаныханд эл мэдээлэл шуурхай хүрсний үр дүнд Цагдаагийн газар болон Дундговь, Чойр, Сайншанд, Даланжаргалан сумдаас албаны хүмүүс холбогдож, тухайн сумууд хаана байсан талаархи мэдээллийг түүнээс авсан байна. Юу болсон талаар иргэн Д.Түшигээс тодрууллаа.
Д.ТҮШИГ: ЦАГДАА БОЛОН АЙМАГ, ОРОН НУТГААС НЬ ЯАРАЛТАЙ ХОЛБОГДСОН
-Та яг хаана явж байгаад цэнэгтэй байж болзошгүй сум харсан юм бэ?
-Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт явж байгаад тийм сум харсан. Намайг пост оруулсны дараа албаныхан маш их сандарсан байдалтай холбогдоцгоосон. Хажуу хавийн аймаг сумдаас нь ч манайд харьяалагдах газарт байсан уу гэж асуусан. Дундговь аймгаас хүртэл холбогдсон.
-Яг байршлыг нь та тодорхой зааж өгсөн үү, эсвэл та өөрөө хамт очсон уу?
-Хамт очоогүй ээ. Байршлыг нь зааж өгсөн. Холбогдох албаныхан очиж аюулгүй болгож, арга хэмжээ авсан байх гэж найдаж байна. Сумын төвөөс холгүйхэн байсан учраас олсон байх. Би түүнээс хойш хөдөөгүүр Хөвсгөлөөр явж байгаад ирсэн учраас өөр мэдээлэлгүй байна.
-Хэдэн ширхэг сум байсан юм бэ?
-Хоёр ширхэг сум байсан.
-Та огт гар хүрээгүй юу?
-Үгүй ээ. Болохгүй шүү дээ. Дээрээс онгоцноос шидсэн ч юм уу, ямар ч байсан дээрээс хаясан маягтай газарт зоогдчихсон байсан. Цагдаа нар сүүлд надтай холбогдохдоо надад бас анхааруулж байсан. Хэрвээ хажууд нь байгаа бол оролдож болохгүй. Аюултай шүү гэж.
-Цагдаа нар аюулгүй болгодог юм болов уу?
-Зэвсэгт хүчнийхэн л хариуцдаг байх. 082-р ангийнхан хариуцаж аюулгүй болгодог юм шиг байсан. Цагдаагийнхан болон онцгойгийнхон түүнийг аюулгүй болгож чаддаггүй юм шиг байсан.
-Харахад хуучны эд байсан уу?
-Тэр хоёр сумыг харахад бүр хуучны эд биш ээ. Зэвэрч муудаагүй байна лээ. Дээр нь 1970-аад онд үйлдвэлрэсэн гээд бичсэн байсан. Яг хэдэн он гэж байлаа. Санахгүй байна.
-ТАНКНЫ ТЭСРЭГ СУМ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-
Бид хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх эл сумыг аюулгүй болгосон эсэхийг албаны хүмүүсээс тодруулахыг хичээсэн боловч амралтын өдрүүд таараад мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ямартаа ч баттай эх сурвалжуудын мэдээлснээр, дээрх сумууд нь танкны сургалтын тэсэрдэг сум байх магадлалтай аж. Хэдийгээр сургалтын сум байж болох ч зарим нэгт үзүүрт нь дарь байдаг тул тэсэрч дэлбэрэх аюултай юм байна. Тодруулбал, Т-72 танкийн задран тэсрэгч сум байх магадлалтай бөгөөд холоос юмны цаанаас дурантай буугаар буудаж устгаж, аюулгүй болгодог гэв. Бид эл мэдээллийг албаны хүмүүсээс тодруулан эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=100017