Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 4000 орчим өрхийг орон сууцжуулах боломжтой

Хүйтний эрч чангарч, нийслэлийн иргэд утаандаа дарлуулж эхэллээ. Үе үеийн Ерөнхий сайд, эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлсэн ч аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. Өнгөрсөн хугацаанд “утаа”-нд нийт 135.5 тэрбум төгрөгийг залгиулсан байдаг. Үүнд, гадны өндөр үнэтэй утааг бууруулах цахилгаан халаагуур, тоног төхөөрөмж, утаагүй зуух зэрэгт бүтэлгүй туршилтууд багтана. Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт жагсаж буй гол шалтгаан нь гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ гэдэгт хэн ч маргахгүй.
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц бол дэд бүтцийн өөрчлөлт, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал тулгамдсан асуудал болоод буй. Гэтэл зах зээл дээр 80 мянган орчим барилга баригдсанаас 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орж, эзнээ хүлээж бай. Харин нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа юм. Эзнээ хүлээж байгаа эдгээр орон сууцанд иргэдийг хамруулахын тулд ипотекийн зээлийн төрлийг өөрчлөх шаардлагатай болохыг Барилга хот байгуулалтын яамын сайд Х.Баделхан хэлж байв. Иргэдийн хувьд урьдчилгаа 30 хувиа төлөөд байранд орох нь сүүлийн жилүүдэд цөөрсөн аж. Харин Монголбанк өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр дахин зээл олгох боломжтой. Урьдчилсан тооцоогоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлт 200 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдөх бөгөөд энэ мөнгөөр эргэн ипотекийн зээл олгож, ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой юм байна.