– Р.Очирбатын Цэцэд илгээсэн өргөдөл нь ХХБ-ыг төлөөлсөн зарга-
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүйд тооцсон УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн иргэн Р.Очирбат Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
УИХ “Монголын зэс” корпорацийн мэдэлд очсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээний тухай хуулийг зөрчсөн. Үүнээс гадна Олон улсын гэрээний тухай хуулийн УИХ Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хэмжээнд хадгалж, шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан явдал. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газар Олон улсын гэрээг цуцлах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн УИХ бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч нь байна гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн үзэж дээрх эрх зүйн баримтуудыг эш татсан байгаа.
Өнгөрсөн сарын 23-нд (2017.02.23) Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан энэ Ажлын хэсэг “Монголын зэс” корпорацитай хэлэлцээр хийх ёстой юм.
Гэвч иргэн Р.Очирбат гэгч хүн Үндсэн хуулийн цэцэд хандсанаас харвал Засгийн газрын Ажлын хэсэг ажлаа урагшуулж чадаагүй байгаа бололтой. Р.Очирбатын Цэцэд илгээсэн өргөдөл нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпораци болон ХХБ-ыг “төлөөлсөн” зарга. Засгийн газрын Ажлын хэсгийг гацаанд оруулах, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хүлээж авах, хүлээлгэж өгөх хоёр талын хэлэлцээрийг удаашруулахад дэмжлэг үзүүлэх баримт болж байгаа юм.
Д.ХАЛИУН