Америкийн Техас мужийн Сан-Антонио хотоос холгүйхэн баптист сүмд зэвсэглэсэн этгээд гал нээж, доод тал нь 26 хүн амиа алджээ. Түүнчлэн хэдэн арван хүн шархадсан байна.
Урьдчилсан мэдээллээс үзэхэд халдлага үйлдсэн этгээд нь цагаан арьст, залуухан эрэгтэй бөгөөд тас хар хувцас, сум нэвтэрдэггүй хантааз өмсчээ. Энэ этгээд орон нутгийн цагаар 11:30 цагийн үед 400 орчим хүн амтай Сазерленд-Спрингс хотын сүмд орж ирж, гал нээсэн байна.
Энэ үед сүмд ням гарагийн мөргөл, уншлага болж байв. Цагдаагийн газрынхны мэдээлснээр амиа алдагсдын дунд 5-72 насны хүмүүс байсан гэнэ. Хэдийгээр зэвсэгт этгээдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч Америкийн ихэнх хэвлэлүүдэд халдлага үйлдэгчийг Дэвин Патрик Келли хэмээн бичиж байна. Тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс гутамшигтайгаар халагджээ.
Тойргийн цагдаагийн газрын комиссарын Уилсон Альберт Гейсзийн мэдээлснээр буудлага үйлдсэн этгээд гэмт хэргийн газраас машинаар зугтаж, дараа нь үхсэн байдалтайгаар олдсон гэнэ. Тэрээр цагдаад буудуулсан уу, эсвэл амиа хорлосон уу гэдэг нь тодорхойгүй байсан ч сүүлд нь цагдаагийн газраас зэвсэгтэй иргэн түүнийг буудсан гэсэн мэдээлэл өгчээ.
“Ийм зүйл гэнэт болдог. Миний зүрх яг л дэлбэрэх нь” хэмээн Геймз өгүүлсэн байна. Тэрбээр CNN теле сувагт 27 хүн амиа алдаж, 24 нь шархадсан гэж мэдээлжээ.
Түүнчлэн хэргийн гэрч Керри Матула “Бид хагас автомат буугаар буудахыг сонссон. Бид уг сүмээс ойролцоогоор 50 метрийн зайд байсан юм. Манай хот жижигхэн болохоор юу болж байгааг ойлгоход тун хялбар” хэмээн ярьсан байна. Нутгийн иргэдийн мэдээлснээр энэ сүмд ням гарагт 50 орчим хүн ирдэг бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байдаг гэнэ.
Буудалцаан болсон сүмийн пастор Фрэнк Помрой халдлагын улмаас 14 настай охин Аннабелл нь амиа алдсан гэж мэдэгджээ. Түүний хувьд энэ үед эхнэртэйгээ өөр хотод байсан аж.
Хэргийн газарт Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж байгаа боловч халдлага үйлдсэн этгээдийн цаад зорилгыг нь тогтоож чадсангүй.
Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудаар айлчилж буй. Тэрбээр “Твиттер” хуудсандаа “Бурхан Техасын Сазерлэнд-Спрингсийн хүмүүст туслаасай. Холбооны мөрдөх товчоо, хууль сахиулах байгууллагынхан хэргийн газарт ажиллаж байгаа. Би нөхцөл байдлыг Японоос ажиглаж байх болно” гэж жиргэжээ.
Техасын Лас-Вегасын тоглолтод ирсэн хүмүүс рүү гэмт этгээд гал нээсэн халдлагаас сарын дараа дахин ийм халдлага гарч байгаа юм.