Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Ээж минь “Террористууд орж ирээд, буудвал Дээгий дээрээ хэвтчихнэ дээ” гэж бодсон гэсэн

Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх… Ийм онцгой тохиолдлуудад хүн ер нь яадаг бол?

Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа.

Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз. Гэхдээ өөрийн биеэр туулж мэдээгүй л бол яаж ч таамаглаад тухайн зүйлийг мэдэрсэн хүнийх шиг сэтгэгдэл, мэдрэмж төрөхгүй нь гарцаагүй. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонир­холтой байх нь мэдээж.

Хачирхалтай, сонин, бахархам, бас аймаар гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдуулах зорилготой “Мэдрэмжийн шок” энэ удаа амьд явах хэчнээн сайхныг улам мэдэрсэн нэгэн бүсгүйтэй холбогдлоо. Тэр бол монголчуудын нэгэн бахархал болсон хийлч Ч.Дэлгэрцэцэг. Энэ сарын дундуур Австралийн Сидней хотод зохион байгуулсан буяны тоглолтод оролцоод тэрбээр Индонезийн Бали арал руу “AirAsia” компанийн онгоцоор нисчээ. Түүний сууж явсан онгоц хөөрснөөсөө нэг цаг орчмын дараа буюу тодорхой хэмжээнд өндрөө авснаас хойш техникийн саатлын улмаас ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрчээ.

Хүн айхаараа үйл хөдлөлөө хянах чадвараа алдаж, сэтгэл хөдлөлөөр хандсанаас байдлыг улам дордуулдаг болохыг судлаачид онцолдог. Тэгвэл Дээгий амь дүйсэн эгзэгтэй мөчид айж сандрахаас илүүтэй нөхцөл байдлыг зөв хүлээн авч, самбаачлан гар утсаараа зураг авч, баримтжуулж амжжээ. Энэ нь түүний бас нэгэн мөн чанарыг харуулсан явдал. Үхэл ойрхон байгааг мэдрэх ямар байдгийг, тэгээд бүр хайртай ээж, эгч, ханьтаыйгаа хамт явж байгаад ийм зүйлтэй учрахад хүний сэтгэл юу мэдэрч, яадгийг түүнээс асуулаа.

-Та фэйсбүүк хуудсандаа “Онгоцны үйлчлэгч чанга дуугаар хашгирч, зорчигчдыг айлгаж, шоконд оруулсан” гэж бичсэн байсан. Дотоод дүрмээрээ бол онгоцны бүхээгт ажил үүрэг гүйцэтгэж буй нисгэгч, үйлчлэгч нар орилж хашгирах нь хориотой. Гэнэт л үйлчлэгч бүсгүй чанга яригчгүйгээр зүгээр л хашгираад унахаар та чухам юу бодсон бэ?

-Би ээж, эгч, нөхөртэйгөө онгоцны сүүл хэсэгт сууж таарсан юм. Үйлчлэгч учиргүй орилж, хашгираад эхлэхээр гайхаад, хүмүүс хоорондоо хэрэлдэж, муудалцаж байгаа юм болов уу гэж бодож байтал “Бүгдээрээ тонгой, толгойгоо доошлуул” гэсэн үг их тод сонсогдсон. Тэгэхээр нь л “За, буутай нөхдүүд ороод ирж” гэж бодлоо. Ер нь гэнэтийн зүйл гэдэг их сонин байдаг юм билээ. Ёстой л шоконд орно гэдэг нь тэр байх. Ээж ч гэсэн “Нөгөө террорист гэдэг нь ороод ирсэн юм болов уу” гэж бодсон гэсэн.

-Хүмүүс сандарч, юу болж буйг ухаарах сөхөөгүй шахуу байхад хүчилтөрөгчийн баг автоматаар задрахад та нөхцөл байдлыг зөв ойлгож эхэлсэн үү?

-Зорчигчид шуугиад, онгоц дайвалзаж эхлэхэд суудлын дээрээс хүчилтөрөгчийн баг буугаад ирсэн. Тэгэхэд л “Юу билээ” гэж сэрхийсэн. Онгоц далай дээгүүр нисэж явсан болохоор хүмүүс суудлынхаа доороос ослын хантааз гаргаж өмсөөд, бүсээ бэхлээд, багаа зүүцгээсэн.

-За, ямар ч байсан амь дүйсэн мөч ирлээ гэдгийг бүгд ойлгожээ. Тийм байдалд орохоороо хүн яадаг бол. Зарим хүн туулсан амьдралаа кино үзэж байгаа мэт харсан гэдэг. Эсвэл хэнийг гомдоосон билээ гэж бодсон гэж ярьсан нь бий. Та тэр мөчид юу бодсон бэ?

-Тэрүүхэн зуурт янз бүрийн сонин бодол толгойд зурсхийдэг юм билээ. Манай нэг дуучин Австралид дуулчихаад надаас түрүүлээд ниссэн юм. Тэр хүртэл санаанд ороод “Ямар азтай юм бэ” гэж бодогдсон шүү. Би хамгийн хайртай, дотнын хүмүүстэйгээ хамт ингэж үхэх тавилантай байж дээ гэж ч бодсон. Үйлчлэгч англиар юу ярьж байгааг би ойлгож байсан учраас яг юу болж буйг ойлголгүй, сандарсан шинжгүй байгаа 80 гарсан ээжийнхээ төлөө илүү айсан. Ээж онгоцноос буусныхаа дараа “Террористууд орж ирээд, буудвал Дээгий дээрээ хэвтчихнэ дээ” гэж бодлоо” гэсэн. (Түүний хоолой зангирав). Эх хүн ийм л сэтгэлтэй.

-Мэдээж, хүчилтөрөгчийн багт тодорхой хэмжээний л агаар байгаа. Тэр нь дуусчихвал яах вэ гэж бодсон уу?

-Онгоц хөөрөөд нэг цаг орчмын дараа, 7000 гаруй метр өндрөөс огцом доошилсон. Агаар дутахаар хүний бие их сонин болдог юм билээ. Яг л өрөөний гэрлийг бүдгэрүүлээд байгаа юм шиг хачин болсон. Тиймээс тэр багийг зайлшгүй зүүх ёстой. Агаар нь дуусах болов уу гэж үнэндээ бодоогүй ээ. Харин яаж ч сандарсан амьсгалаа зөв авч, гаргах хэрэгтэйг маш сайн ойлгож, мэдэрсэн. Хүн айхаараа өөрийн мэдэлгүй хэт хурдан, хүчтэй амьсгалдаг юм байна л даа. Тэгэхээр хангалттай хэмжээнд хүчилтөрөгч авч чаддагүй учраас амьсгал нь улам давчдаж, боогддог. Энэ тал дээр би йогоор хичээллэдгийнхээ давуу талыг ёстой мэдэрсэн.

-Аюул ард үлдэж, онгоц газарсаны дараа хүмүүсийн царай ямар байсан бол. Та тэр мөчид юу мэдэрч, юу хийхийг хүссэн бэ?

-Тийм үед хүмүүс уйлдаг юм байна. Би ер нь уйламхайг ч хэлэх үү, нулимс зүгээр л асгарчихсан. Их сонин, тэр онгоцонд явсан бүх хүн тэрхэн мөчид ах дүүс шиг болж, нэгнийгээ тэвэрч, үнсэж, уйлж, алга ташицгаасан. Эгч маань “Би бүх хүмүүсийг хайрласан” гэж хэлсэн. Хөөрхий дөө, муу ээжийгээ их өрөвдсөн. “Ээж, Та айсан уу” гэж чинь “Айгаагүй” гэдэг юм. Тэгээд “Миний охин залуу, хөгшин байх нь хамаагүй. Ямар ч юмнаас хэт чаргууцалдаж, найдах хэрэггүй. Цаг нь ирвэл хэн ч өнхөрнө шүү дээ” гэсэн. Ямар ухаантай, гүн утгатай үг вэ гэдгийг одоо ч бодоод л байна.

-Нэлээд самбаатай, сийрэг ухаантай хүн л амь дүйсэн, аюултай нөхцөлд зураг авах байх. Хэрэв муу зүйл болж, онгоц осолдсон бол таны авсан зураг чухал нэгэн баримт болох нь гарцаагүй. Тэгж самбаачилж чадсандаа өөрийгөө яаж урамшуулав. Зураг авч байхдаа юу бодсон бэ. Таны авсан өрөг зураг дэлхийн томоохон хэвлэлүүдийн нэгдүгээр нүүрт гарсан байна лээ.

-Өөрийн дотоод ертөнцтэй ойрхон хүн үймэрч, “пааникдах” нь бага байдаг юм болов уу. Тиймээс л тухайн мөчид болж буй үйл явдлын баримт үлдээхийг хүссэн байх. Нөгөөтэйгүүр би тэр үед утсаа “маажаад” сууж байсан учраас гялс зураг дарах завшаан болсон. Самбаачлаад мессеж бичиж, онгоц осолдох нь гэдгийг мэдээлсэн хүн олон байсан гэдгийг буусан хойноо мэдсэн. Австралийн нэг гэр бүлийн хоёр хөгшин бие биетэйгээ салах ёс хүртэл хийгээд, үр хүүхдэдээ мессеж явуулсан талаараа хэвлэлийнхэнд ярьсан.

Хүний амьдрал алга урвуулахтай адил гэдэг үнэн юм байна. Харамсахааргүй амьдрах ёстойг би ахин дахин ойлгосон, залбирсан. Тиймээс л үүнийг хүмүүст ойлгуулж, мессеж өгөхийг хүссэн. Хэтэрхий сэхүүн яваад яах юм бэ, өөрөөрөө л бай. Эцсийн эцэст үхэх цагт чи хэн ч, юу ч биш шүү дээ. Амьдралд юу ч тохиолдож болно. Тэгэхээр зүгээр л мөрөөдөх биш, зорьсон, хүссэндээ хүрэхийн төлөө богинохон амьдралаа хичээх ёстойг ойлгоосой. Одоо ингээд бодоход, тэр онгоцны үйлчлэгч нар дэндүү мэргэжлийн бус ажилласан нь хүмүүсийг илүү айлгасан байх. Манай агаарын тээврийнхэн тэдний хажууд жинхэнэ мэргэшсэн, боловсон үйлчилгээтэй. Тийм нөхцөлд манайхан ямар ч байсан ухаалаг хөдөлнө дөө гэж би сүүлд бодсон.

-Ийм явдлын дараа дахиад онгоцоор ниснэ гэхээс айж байв уу?

-Ослын буулт хийснээс хэдэн цагийн дараа бид Бали руу ниссэн. Яана аа, яах бол гэж нэг их айж, элдвийн зүйл бодоогүй. Онгоц бол орчин цагийнхны зайлшгүй хэрэгцээ болсон учраас дахиж нисэхгүй гэх боломжгүй. Хүн ямарваа нэгэн өөрчлөлтийг хийж чадах байсан бол санаа зовно. Харин өөрчлөлт хийж чадахгүй, чамаас үл шалтгаалах зүйлд дэмий санаа чилээгээд нэмэргүй. Тэр онгоцонд л найдахаас өөр аргагүй шүү дээ.

-Үхэлд ойртож үзсэн хөгжимчин бүсгүй тэр нэгэн мөч, шокийн талаар уран бүтээлдээ тусгах болов уу?

-Би эл явдлын талаар фэйсбүүктээ бичисэний дараа маш олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байсан. Би найзуудтайгаа үргэлж хошигнож, инээлгэж байдаг зантай хүн. Тэгээд “Та нартаа дандаа сайхан хандаж байна аа” гэж бичсэн чинь нэг хүн “Илүү олон сайхан уран бүтээлээр хүмүүст бэлэг барьж, сайхан хандаарай гэж бурхан чамайг үлдээжээ” гэсэн байна лээ. Тэр үг намайг бас нэлээд “хатгасан”.

“Мэдрэмжийн шок” энэ удаа өөр нэгэн хүний сэтгэл рүү өнгийсөн товч ярилцлагыг хүргэнэ. Америкийн Калифорни мужийн иргэн, өдгөө 49 настай Дэрил Ирвиний амьдардаг байшин дээр онгоц унасан аж. Өглөө эрт кофе уунгаа цонхоор цаг агаар ямар байгааг шинжсэн шигээ сууж байтал тэнгэрээс том “төмөр” яг өөрийг нь чиг­ лэн ирэхийг хараад тэрбээр юу мэдэрч, яасан бол?

ДЭРИЛ ИРВИН: Би онгоцтой “мөргөлдсөн” гэхэд гайгүй үлдсэн шүү

Тэр өглөө тэнгэр ер бусын цэлмэг, агаар жигтэйхэн сайхан байлаа. Гайхалтай өдөр болох шинжтэй.

Манай байшин онгоцны буудлаас холгүй учраас төмөр “шувуудын” дуу чимээнд бүр дасчихсан. Заримдаа цочиж, түвэгшээдэг үе байсан л даа. Тэр өглөө онгоцны хөдөгүүрийн чимээ яг л чихэн дотор гарах шиг болоод гайхаж, цонхоор харлаа. Тэгтэл нэг онгоц намайг чиглээд яах ийхийн зуургүй ойртож байна. “Яадаг билээ, гэрээсээ гарах хэрэгтэй” гэж бодоод үүд рүү гүйж байтал “Тас няс, тар түр” гээд л явчихсан. Айсандаа толгойгоо дараад, өвдөглөөд суучихлаа. Аминдаа өөрийгөө хамгаалж байгаа хэрэг. Нөгөөх дуу чимээ арай намдахаар нь толгойгоо болгоомжтой өргөөд хартал байшингийн маань зүүн тал тэр чигтээ алга болчихсон байна. Хүн аминд тулахаар тэр байшин, машиныг огт боддоггүй юм билээ. Зүгээр л амьд байгаадаа баярлаад, гэрээсээ гүйхээрээ гарсан. Нэг хэсэг цочролоос гарахгүй зогссон санагдана. Тэр өдрийн өмнөх шөнө найз бүсгүй минь манайд хоносон юм л даа. Бид өглөө хамт цай ууж сууснаа саналаа. Тэгээд л ухаан орж Регина гэж хашгирлаа. Тэрбээр надаас түрүүлээд гэрээс гарсныг би дараа нь мэдсэн. Түүнийг үүдээр дөнгөж гартал нөгөөх төмөр “шувуу” манай байшин дээр унаж таарсан юм билээ. Би нэг хэсэг шокноос гараагүй. Чичрээд л, нүд минь гөлийчихөөд суугаад байсан гэж Регина ярьсан. Тэгээд жаахан сэхээ ороод, хартал нэг нүд бүрэлзээд бүдэг бадаг л харж байна. Хүмүүсийн ам хөдлөөд, над руу заагаад л байна. Юу ч сонсдоггүй ээ. Чих рүүгээ хуруугаа хийтэл юу ч мэдэрсэнгүй. Дүлийрчихлээ гэж бодож байтал болор тавагны жингэнэх чимээ шиг зүйл сонсогдож байснаа чих хангинаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа хүмүүс орилолдож, машины дохио дуугарч байгааг сонсов. Юутай ч би амьд, бас гэмтэж бэртээгүй байна. Гэтэл үнэндээ толгой минь хагарч, цус гоожиж, нүд рүү урссан юм байна. Регина надад “Эмнэлгийн машин ирлээ. Яаралтай явах хэрэгтэй” гэсэн. Эмнэлэгт надад анхны тусламж үзүүлсэн, таньдаг сувилагч эмэгтэй “Онгоцтой мөргөлдсөн гэхэд гайгүй үлджээ” гэж хошигносон. Үнэхээр л онгоцтой “мөргөлдсөн” гэхэд гайгүй үлдсэн азтай хүн, би.

Эх сурвалж:

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Ээж минь “Террористууд орж ирээд, буудвал Дээгий дээрээ хэвтчихнэ дээ” гэж бодсон гэсэн

  1. Хуухай лөй 2017-11-03 11:33 at 11:33

    Эргүү мал вэ одоо моодноос гарсан шүү дээ модондоо авир хуухай чавга

    Хариулах
  2. Зочин 2017-11-03 12:57 at 12:57

    Өөрөө мал байна даа. Албатай юм шиг уншчихаад. Илүү юм донгосоод. Дургүй бол уншихгүй бай. Од гэж өөрийгөө боддог юмнуудын ов жив хэн нэгнийг муулсан хэнд ч хэрэггүй мэдээлэл биш байнаа. Хүн өөрт төрсөн мэдрэмжээ янз бүрээр илэрхийлдэг. Уншихад илүүдэхгүй сайхан ярилцлага байна. Дээгийд амжилт хүсье.

    Хариулах
    1. Нэргүй 2017-11-03 14:12 at 14:12

      харин зүгээр л сонирхолтой л зүйл бичсэн байна ш дээ, эх хүний агуу тэр сэтгэлийг дахин олж харлаа

      Хариулах
  3. Т.Д. 2017-11-03 15:01 at 15:01

    Илүү, дутуу юмгүй байдлыг л бичжээ. Зүгээр л уншчихад огт илүүдэхгүй мэдээлэл байна шүү дээ.

    Хариулах

Т.Д.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн