Монголын баялагийг харийнханд зарсан 30 гэр бүлийн нэг гэсэн шошго нааж өгөөд Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохгүйн төлөө зүтгэсэн Ерөнхийлөгчийн байр суурь УИХ дахь МАН-ын бүлгийн зөрчлийг ил тод болгов. Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулган битүү хэрүүлээр хачирлагдав. Тэдгээрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын маргаан хамгийн топ хэрүүлийн нэгд тооцогдож байна. Яг одоо нийгмийн сүлжээг тэдний хэрүүл “чимэж” байгаа юм.
Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг. Энэ мөнгөнөөс У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар авч Солонгост казинодсон гэсэн дуулиан хэдэн жилийн өмнө хэвлэлүүдээр ид хөвөрч байв. Энэ үед бие биенээсээ хэзээ ч урвахгүй мэт бат бөх харилцаатай байсан У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын дунд эвлэж нийлэхийн аргагүй ан цав үүсчээ. Чи хаан юм уу, заан юм уу. Монголын төрөөс чи ч бас дээрэм хийгээ биз дээ. Чиний авлига авч томилсон албан хаагч болгоныг хална хэмээн хөвөрсөн тэдний хэрүүлийг харж суусан Лу.Болд гишүүн инээдээ барьж ядан байгаа нь бичлэгт тод үлдэв.
Харин АН-ын гишүүн Д.Эрдэнэбат “Та нар 65-уулаа шүү дээ. Асуудлаа шийдээд яв л даа. Та нар Ерөнхийлөгчийн ганц хориг дээр Зандаахүүгийн Энхболдод дээрэлхүүлж байгаа бол хохь чинь. Сүүлийн бүтэн сар УИХ ажил хийсэнгүй, дахиад ийм байдал гарвал би шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд энэ УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэв. Д.Эрдэнэбатын энэ үг 65 бүлэгт байтугай юм улс төр сонирхдоггүй хүний ч чихний хажуугаар гарчихааргүй содон дуулдав.
Уг нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн МАН-ын бүдүүн бүлгийн тал нь багтсан 32-ийн бүлэг УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, Ч.Хүрэлбаатарт тавьсан түүний хоригийг хүлээж авах байр суурьтай орсон юм байна. Тиймээс энэ байр сууриа хатуу хамгаалахаар Ж.Мөнхбат, Ч.Улаан нарын цөөнгүй гишүүд Ч.Хүрэлбаатарын эсрэг хатуухан үг чулуудацгаажээ. Гэхдээ тэднийг АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлсэн үг арагш нь суулгаад авчээ. Эрх биш намын эв нэгдэл, гадагшаа муу муухай харагдахгүй байхыг бас ч гэж хичээдэг МАН-ынхан ингэсхийгээд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хүлээн авахгүй гэдэг дээр санал нэгдэцгээжээ.
Ч.Хүрэлбаатар бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оройлон оролцсон хүн. Засгийн газрыг огцруулах УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажил эхлэхэд тэр хамгийн түрүүнд шахуу гарын үсэг зурсан. Үүгээрээ У.Хүрэлсүхийн “хайр”-ыг татаж Сангийн сайдаар “шагнуулсан” гэж УИХ-ын гишүүд ярьж байгаа. Хэдийгээр тэр Ерөнхий сайдад таалагдаж байгаа ч Ерөнхийлөгчид таашаагдсангүй. Цаана нь чухам ямархуу улс төр нуугдаж байгааг Ерөнхийлөгч болон ЗИ хоёр л илүү сайн мэдэж буй. Одоо асуудал нь улам хүндэрч МАН-ыг хоёр хувааж байгаа хэрүүлийн гол алим болчихоод байж байна.
Чухам үүнээс л болж У.Хүрэлсүх чуулганы танхимд гудамжны авир гаргав. УИХ-ын чуулганы танхим, Ерөнхий сайдын сэнтий дээрээс өмнө нь хэн ч ийм бүдүүлэг авир гаргаж байгаагүй юм. Н.Алтанхуягийн үе үе хазайдаг сул үгийг эс тооцвол Сү.Батболд, С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат зэрэг үе үеийн Ерөнхий сайд нар хичнээн чанга хатуу шүүмжлэл сонссон ч асуудлыг намдуухан шийдэж ирсэн. Ерөнхий сайдаа тайван байлга МАН-ынхаан. Эс бол шанд нь УИХ-ын чуулганы танхимд шанаа авч мэднэ. Үүнийг тэдэнд сануулахад илүүдэхгүй цаг иржээ.
6 comments
Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байх шиг. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг.
Хүрэлсүх сайд угаасаа бусармаг зүйл хийх хүн биш. Үнэний төлөө тэмцэж чаддаг ардын баатар шүү дээ.
Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарчихлаа гэж хартал тамын тогооны үлгэр үргэлжилсээр л байх шив. Энэ хүмүүсийн ажлаа хийж, ахиц гаргахыг харах юмсан
Ерөнхий сайд ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.
Хурцад хариуцлага тооцож чадахгүй болтолоо нээмтэглүүлж байна шудрага хүн гэх үү. Аман дээрээ ямар их том дуугардаг юм бэ. Боловсролын сайд нь 2 хоноод үгнээсээ тэс өөр үг хэлж байх жишээтэй. Ер нь сайхан ярьдаг хүмүүст 30 шахам жил хууртаж улс орон элгээрээ хэвтэлээ. Буруутан олддоггүй. Бүгд дансандаа тэрбум төгрөгтэй болчихсон байх юм.
Gurelsuh saidaa taiban baij zoruson zorilgodoo hur !!!