Итгэхэд хэцүү ч гэлээ Жулия Робертс 10 дугаар сарын 28-нд 50 насыг зоогложээ. Жүжигчин бүсгүй энэ өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрүүлсэн бөгөөд Холливудэд албан ёсны баяр, үдэшлэг зохион байгуулсангүй. Тэр ч бүү хэл хүмүүс түүнд баярын мэнд хүргэсээр байгаад маш их дургүйцжээ.
Жулия үнэндээ насны ялгаагаа олж харахгүй байгаа гэнэ. Уг нь түүний хувьд төрсөн өдрөө тэмдэглэх дуртай бөгөөд 50 насныхаа ойг ч “баяртайгаар” угтан авсан аж. Тэгтэл энэ төрсөн өдрөөрөө “Болиоч. Юу нь ичгэвтэр байгаа юм бэ. Брэд Питт, Жорж Клуни нарыг 50 нас хүрэхэд яагаад тэдэнд баяр хүргээгүй байж надад хүргээд байгаа юм бэ” хэмээн ундууцжээ. Ийнхүү тэрбээр эмэгтэйн хүний хувьд хүндхэн байдаг насны ойгоо тэмдэглэсэн байна. Жулиягийн хувьд залуудаа жинхэнэ аашны тулам, зөвхөн өөрийгөө л боддог байснаа нуудаггүй. Үүнийг ч олон жүжигчин, найруулагч баталдаг бөгөөд түүнтэй ажиллахад хүндхэн байсан гэдэг билээ. Жулия хэтэрхий түргэн ууртай, ааштай, бусдын асуудлыг тоодоггүй нэгэн байв. Энэ бүхнийг тэрбээр хайр дурлалын асуудал нь бүтэлгүй байсантай холбон тайлбарладаг. Харин оператор Дэнни Модертой гэрлэснээс хойш Жулия жинхэнэ хайраа олж, амар тайван болсон гэнэ. Гурван ч хүүхдийн ээж болсон бөгөөд ихрүүд нь өдгөө 13 настай, бага хүү Хенри нь 10-тай болжээ. Энэ зун Робертс нөхөртэйгөө хуримласны 15 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.
Хэдийгээр тэдний гэр бүлийн асуудал тааламжгүй байгаа тухай цуу яриа их гардаг ч Жулия Дэннигүйгээр хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй хэмээн ярьдаг. Тэрбээр “50 насандаа хэрхэн аз жаргалтай, амжилттай байх вэ?” гэсэн асуултад “Хорвоо дээр цорын ганц гэсэн хүнтэйгээ гэрлэж, улаан шаргал үстэй хүүхдүүд төрүүл. Бас багаасаа бие биеэ мэдэх охидтой найзал” хэмээжээ.
2 comments
БаБайдлага юм. Монголд ирээд биднийг сайн сурталаа биз. Би Жулиа д баярладаг. Ямар Халтар цйрат биш.
КVaran. Үг үсгийн алдаа гаргажээ. Уучил.