Испанийн засаг захиргаа Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемоныг албан тушаалаас нь огцруулсан билээ. Тэгвэл тэрбээр Бельги рүү гарсан тухай Бельгид түүний хөлсөлсөн өмгөөлөгч Поль Бекаерт мэдэгдлээ. Өмгөөлөгч нь Пучдемоныг Бельгид улс төрийн орогнол хүсэх гэж байгаа эсэхээр мэдээлэл өгсөнгүй. Түүний хэлснээр Пучдемон өөрийг нь хууль зүйн ямар нэгэн хамгаалалт хэрэг болж магадгүй хэмээн хөлсөлсөн гэнэ. “Хэрвээ түүнд хуулийн ямар нэгэн хамгаалалт хэрэг болбол би түүнийг төлөөлөх болно” хэмээх өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Испанийн прокурорын газраас Пучдемон болон түүний хамтрагчдыг өнгөрсөн сарын 1-нд Каталонд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, үүний улмаас бослого үймээн дэгдсэнтэй холбогдуулан буруутгаж, хэрэг үүсгэнэ гэж анхааруулсан билээ. Энэхүү бүх нийтийн санал хураалтыг Мадрид ч, Брюссель ч хүлээн зөвшөөрөөгүй юм.
Каталоны парламент баасан гарагт Испанийн бүрэлдэхүүнээс гарах тухай асуудлаар санал хурааж, тунхгийг дэмжсэн байна. Гэтэл үүний дараахан Испанийн сенатаас тус автономит улсыг Мадридын шууд удирдлагад шилжүүлжээ. Мөн Испанийн Засгийн газраас Каталоны Засгийн газрыг тарааснаа зарлаж, ээлжит бус сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 21-нд явуулна гэжээ. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемоныг албан тушаалаас нь огцруулснаа ч зарлаж, Каталоны тусгаар тогтнох тунхгийг хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Таван сайд зугтжээ
Өмгөөлөгч Поль Бекаертын хувьд Бельгид очсон ЭТА хэмээх баскийн салан тусгаарлах бүлэглэлийн гишүүдийг хамгаалах ажлыг 30 гаруй жил хийсэн туршлагатай хүн аж. Испанийн Засгийн газраас тэднийг шилжүүлэхийг шаардаж байсан удаатай. “Миний энэ туршлагаас Пучдемон надад хандсан нь илт байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Ийнхүү Пучдемон орогнол хүсэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр үлдээд байна. Харин Бельгийн цагаачлалын бодлого эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Тео Франкен үйл явдал ингэж өрнөхийг үгүйсгэхгүй гэжээ. Харин Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель энэ асуудлыг огт хэлэлцээгүй гэж мэдэгдсэн байна.
Испанийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Пучдемон Брюссельд “Шинэ фламандын альянс” хэмээх фламандуудын үндэсний үзэлтнүүдийн намын төлөөлөгчидтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Гэвч Бельгийн төрийн эрх баригч эвсэлд багтдаг тус намынхан энэ мэдээллийг батлаагүй байна.
Испанийн “EFE” агентлагийн мэдээлсэнээр Пучдемон Каталоны Засгийн газрын таван сайдынхаа хамт автомашинаар нутгаа орхиж, Францын зүүн өмнөд хэсгийн Марсельд хүрээд, тэндээсээ онгоцоор Бельгид ирсэн гэнэ. Тус агентлагийн мэдээллээс үзэхэд Пучдемонтой хамт Каталоны Удирдлага, институцийн харилцааны сайд асан Меритчель Боррас, Эрүүлийн хамгаалах асуудал эрхэлсэн сайд асан Антони Комин, Каталоны Засгийн газрын Дотоод хэргийн сайд асан Жоаким Форн, Хөдөлмөр, нийгмийн асуудал, гэр бүлийн сайд асан Долорс Басса, түүнчлэн Хөдөө аж ахуйн сай асан Меритчель Серрет нар Бельги рүү гарчээ.
Даваа гарагт Испанийн Ерөнхий прокурор Хозе Мануэль Маса Каталоны хуучин удирдагчдыг үймээн зохион байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэг үүсгэхийг уриалсан. Хэрвээ Карлес Пучдемон үймээн зохион байгуулсан хэрэгт буруутай нь тогтоогдох юм бол түүнд хуулиар 30 жилийн ял ногдуулах аж. Испанийн хуульд зааснаар прокурорын уриалгыг эхлээд шүүгчид хэлэлцэх ёстой юм байна.
Тайван даваа гариг
Хэдийгээр Мадрид албан тушаалтнуудыг огцруулах зарлиг гаргасан ч зарим хүн даваа гарагт ажилдаа иржээ. Гэсэн хэдий ч бүх зүйл тайван байлаа. Ажлын байрандаа ирсэн сайд нарт өрөөгөө цэгцэлж, хүлээлгэн өгөх хэдэн цагийн хугацаа өгчээ. Үүнийг зөрчсөн тохиолдолд орон нутгийн цагдаагийн газраас тодорхойгүй хугацаагаар хориг тавина гэжээ. Мадридын зүгээс Каталоны автономит засаглалыг Испанийн Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг үндэслэн түр зогсоосон. Ингэснээр мужийн өндөр албан тушаалын 150 хүн албан тушаалаасаа огцорч байгаа юм.
Карлес Пучдемоны хувьд Мадридын үйлдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан төдийгүй Каталоны иргэд л түүнийг албан тушаалаас огцруулах эрхтэй гэж мэдэгджээ. Испанийн Гадаад хэргийн сайд Альфонсо Дастис харин Пучдемоныг ирэх арванхоёрдугаар сарын 21-ний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэсэн байна. Гэхдээ энэ хугацаанд тэрбээр ямар нэгэн хэрэгт холбогдолгүй байх ёстой аж.
Э.ЗАЯА