Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар зүү орох зайгүй нөхөрлөх болсон нь олны нүдэнд аль хэдийнэ ил тод болсон зүйл. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олны ярианд хэвшил болгох гэж зүтгэсэн “Монгол ялна” уриа лоозон тэдний нөхөрлөлийн тангараг байсан бололтой юм. Энэ холбоо хэлхээ эрчүүдийн нөхөрлөл талаасаа донжлог харагдаж байгаа. Харин улс төрчдийн дотносол, үерхэл талаас ажихад хөгшин хонины насгүй байх магадлал өндөртэй.
УИХ дахь МАН-ын бүлгийн 33 хүний дэмжлэгийг авч чадаагүй У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч сэвхийтэл өргөн, УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дэмжүүлэн Ерөнхий сайдын сэнтийд залчихсан. Тэгсэн хэрнээ танхимын Сангийн сайдыг нь удтал таашаасангүй. Ч.Хүрэлбаатарт Монголын баялгийг гадныханд зарсан 30 гэр бүлийн нэг гэсэн шошго нааж өгөөд хориг тавин тохуурхаж сууна. Эвгүй байдалд орсон Ерөнхий сайдыг хэдийгээр хэрүүл тэмцэлтэй байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тулж түшин, сайд нарыг нь тодруулж өгсөн.
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд амаргүй асуудалтай нүүр тулгарлаа. Сайд нар тамгаа аваад ердөө хоёр өдрийн дараа Отгонтэнгэр ууланд уулчид олноороо осолдсон харамсалтай мэдээ дуулсан билээ. Залгаад парламент 2018 оны улсын төсвийг хэлэлцэж, Засгийн газрын санаачилга, төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөг улстөржилтийн бай болов. Ерөнхийлөгч араас нь 30 гэр бүлийн нэг гэсэн шошго наасан Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригоо чангатгасан нь одоо улс төр орчимд халуун сэдэв болон өргөжиж байгаа. Төрийн албан хаагчдад энэ хэмжээний мөнгийг олгохын тулд төсвөөс 55 тэрбум төгрөг гарах юм. Гэвч энэ нь цалингаа нэмэгдүүлэхээр нэн түрүүн шаардаж байгаа багш, эмч нарт таалагдсангүй.
Эмч нарын тавьж буй шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмнэ гэвэл улсын төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг гаргах шаардлагатай. Харин цалингаа 1.6 саяд хүргэнэ хэмээн бухимдаж байгаа багш нарыг цалинг нэмнэ ээ гэвэл улсын төсвөөс багадаа 450-500 тэрбум төгрөг гаргах шаардлагатай байгаа. Өнөөдөр багш нар цалингаа нэмүүлэх хэлэлцээр хийх гэнэ.
Хүлээн зөвшөөрөхгүй бол 1000 багш өлсгөлөн зарлана хэмээн сүрдүүлж байна. Араас эмч нар өлсгөлөн зарлана гэж хэлж ч магадгүй. Ядруухан байгаа эдийн засагт одоохондоо ийм боломж хараахан бүрдээгүй. 2012-2016 онд засгийн эрхийг барьсан Ардчилсан нам нийгмийн салбаруудын цалинг нэмж болох байсан эдийн засгийн бүх боломжуудыг тэглэчихсэн билээ.
Олон нийтийн сүлжээнд багш нарын тэмцэл жагсаал цуглааныг Ерөнхийлөгчийн талаас дэмжиж байгаа гэсэн мессеж түгээд удсан. Энэ тэмцлийг оройлон манлайлж байгаа Чулуунбаатарын Чулуунцэцэг гэх эмэгтэй Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсоныг хэвлэлүүд мэдээлж байлаа. ЕТГ-аас энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ч багш, эмч нарын цалинг нэмэх ёстой гэсэн бодолтой байгаа нь ил болсон.
Мэдээллүүдийн холбоос Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тосон угтаж байсан, одоо ид өрнөж буй боловсрол, эрүүл мэнд гэсэн нийгмийн хоёр том салбарын бухимдлыг Ерөнхийлөгч бэлтгэсэн байх магадлалтай биш үү гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм.
Өнөөдөр өглөө (2017.10.30) АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийх тухай мэдээ хэвлэл мэдээллүүдээр тарсан юм. АТГ-ыг хянана хэмээн ярьж яваа, дүр эсгэсэн эх оронч энэ эмэгтэй сүүлийн үед авлигын гэмт хэргийг шалгадаг эрх бүхий этгээд шиг авирлах болсон. Гайхалтай нь түүний хэвлэлийн хурлын зарыг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны ажилтан тарааж байх юм. Г.Баасан Ерөнхийлөгчөөс томилолт өвөртлөөд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга болсон. Одоо бол тэр АТГ руу довтолж, тэнд ямар нэгэн шоу дэгдээх болсон. Арай Ерөнхийлөгч Г.Баасан мэтийг турхираад байдаг юм биш биз дээ. Хэрвээ тийм биш бол нэр хүндээ сэвтэхээс өмнө дүр эсгэсэн эх оронч энэ эмэгтэйн үйлдлийг хязгаарлах нь зөв болов уу.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын үерхэл болон нийгэмд өрнөж буй дуулиан шуугиант үйл явдлууд нэг иймэрхүү өнгөөр ажиглагдаж байна. Ингэхэд Ерөнхийлөгч маань нэг гараараа Ерөнхий сайдын толгойг илчихээд, нөгөө гараараа хоолойг нь боогоод байна уу? Хэрэв тийм бол эцсийн үр дүн нь тэгээд юу юм бэ. 2020 оны УИХ-ын сонгууль уу. Ирэх парламентын сонгуулиас өмнө У.Хүрэлсүх төдийгүй МАН-ын хэд хэдэн Засгийн газрын хойдохыг унших ажиллагаа үүний цаана нуугдаад байна уу?
Д.ХАЛИУН
11 comments
Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж хүний нэр төрд халдах ямар шаардлага байна аа.
Баасан бол энэ гийтлэлийг бияигчээс илүү эх оронч тэмцэгч хүн шүү
Ямар ч зүйлийг эерэгээр хүлээж авах сэтгэхүй дутмаг хүмүүс юмдаа
Үнэнийг хэлжээ цэцэглэх үед нь АН гарч идэж уугаад ард түмнээ доройтуулаад, эдийн засаг эерэг гарангуут байнга цуглаан үймээн хийдэг нь хууль шүү дээ. Эргээд харахад бүгд ойлгомжтой даанч манайхан сайхан бялуу идээд өнгөрсөн хойно нь муулдаг муухай зуршилтай. Баян байхдаа цалин нэмж чадаагүй хүмүүс ядууруулчихаад мөнгө нэм гэх зөв үү.
Baasan tegeed temtsehgui suugaad bval tanii bichseneer bol zov um uu te ?????
Buruu buhentei temtsen hun buriin ard Battulga bgaa gej heleh geed bgaa um uu ???
Zugeer l iim teneg um bichihee bolichihoo
Ard tumen ooriin gesen tarhitai!!!!
Temtsel uchir baina aa. Henii toloo yunii tuldhol oiriin zorilogo geed bodoh,naygtlah, hardah asuudal baina aa.Baasan avgai ongonoos ni harval temtsegch ard tumnii duu hooloi geh hun garah baih aa. tumen geh neriig mon olon hun olon udaa hudaldaj idej baina gedgiig l bodoh tsag bolson .Baasan avgai choloot ahmadiin holboo gej garch ireed baahan shuugij baigaad heseg dugui l bolson Hojim surag duulahnaa shantaajilj baigaad bair , jiip mashintai bolson surag duuldsan. Odoo henii tulheeseer garchsen ni todorhoi. Eronhiilogch uyaa, ugaadas 2-iig ni taaruulj baigaa gesen.
Баттулга Баасан авгайг АТГ юмуу ТЕГ ын даргаар тавьж магадгүй.Одоо ч АТГ гийн ажлыг Прокурорын ажилтай давхар хийгээд явж байх шиг байна. Хийх ёстой ажлаа хийж чаддаггүй хууль хяналтынханы илрүүлээгүй тойроод байсан хэргийг илрүүлж чадсанаараа Баасан авгай илүү, илүү илүү. Дэмжинэ.
4 jil uls orniig dampuuruulchihaad odoo sain hun bolohgeed baigaa an iihan bolidoo
Баасангийн хийж байгаа үйлдлийг яагаад буруутгаад мөрөөрөө ажлаа хийж байгаа ерөнхийлөгчтэй холбоод байгаа юм бэ? Ойлгомжгүй байна. Үүнийг бичигч эрхэм та хөлсний бичээч юм уу? Баасангийн хийж байгаа ажил зөв, Маш дайчин сайн ажиллаж байна. Энэ эрчээрээ улам сайн ажиллаарай
Женкогийн ард ЗИ хорчин байгаа. АН-ын дарга , УИХ-ын дарга байгаад навс ялагдан зөөлөн суудал, хааны эрх мэдлээ алдсан энэ этгээд угийн муу санаа, хорон сэтгэл, өш хонзон үргэлж өвөрлөж явдаг төрөлхийн натуртай хүн тул Ерөнхийлөгчийн институцийг ашиглан , Баттулгын мэдлэг чадваргүйг далимдуулж МАН-аас өс хонзонгоо авах том хор төлөвлөн зүтгэж явна. Түүнд ард түмэн хэрхэн амьдрах нь чухал биш , түүнд энэ засгийг хэд дахин унагах, УИХ-ыг тараах, ажлыг нь хийлгэхгүй боймлох, “хийсэн бүхнийг харлуулах замаар сонгогч олноос өшөөгөө авч хорслоо тайлах нь гол зорилго юм. Цаашдын үйлдлийг нь сайн ажиглаарай хүмүүсээ.
баасан ч яахав ЗИ-гээс АТГ-т тавигдсан түүний мэдээлэгч төдийн , тоглоомын хүүхэлдэй.