Үл мэдэг инээмсэглэл тодруулан, аядуу намуухан ярих нь түүний тухай бодлыг өөрчилсөн гэж болохоор. Учир нь сайнтай, муутай олон мэдээлэл цацагдаж, нэгэн үе хэвлэлийн баатар болж байсан цаг саяхан. Гэвч энэ цагийн Монголын сонгодог урлагийн ноён оргил, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, авьяас нь бялхсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар мөн.
23-хан насандаа төрийн хайр хүндэтгэлийг хүлээхдээ баярлах биш эмээж, улам илүү уран бүтээл хийгээрэй гэсэн ташуур боллоо хэмээн тунгааж зогссон залуу өнөөдөр уран бүтээлчийнхээ хувьд илүү өсч, дэвшжээ. Балчир бага наснаасаа урлагт дурлаж, дуу хуураар даль жигүүр хийн, оргилын өөд тэмүүлж, хөдөлмөрлөж яваа залуухан гавьяатын хувийн амьдралыг сөхөх гэж хүчилсэнгүй. Гагцхүү өнөөдрийн дуурийн дуучин Г.Ариунбаатарын үнэн түүх, уран бүтээлийн замнал уншигч танд сонирхолтой байх болов уу.
ОВООНЫ НААДМЫГ ӨНГӨЛЖ, ЗОРГОЛХАЙРХАНЫ ЭНГЭРТ ӨССӨН БАГА НАС
Энэ цагийн эгэлгүй авьяастан маань Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул. Бага нас нь монгол хүүхдүүдийн адил хурга ишиг, адуу малтай хөөцөлдөж, Зорголхайрханы энгэрт өнгөрчээ. Ижий аав нь одоо ч нутагтаа малаа маллаж, хүүгийнхээ араас сүүгээ өргөн, бурхандаа залбирч сууна. Дуучин маань эх орондоо буух бүртээ нутгийн зүг хүлгийн жолоо залж, Зорголхайрхандаа мөргөж, ээжийнхээ гарын хоолыг идэж, санасан сэтгэлээ дэвтээдэг. Монголын хөдөө бол амар амгалангийн орон билээ. Нутгийнхаа агаарыг амьсгалж, цээж дүүрэн амьсгаа авч, цэлгэр уудам талаа ширтэн зогсоход энэ л нутагтаа морин дэл дээр дэрвэлзэж, салхи сөрөн дуулж явсан хүүхэд насандаа эргээд очсон юм шиг гэгээхэн бүхэн сэтгэлд нь буудаг ажээ. Ганбаатарынх зундаа зусландаа бууж, сумын төвд өвөлждөг байжээ. Г.Ариунбаатар тав, зургаан наснаасаа хурга ишиг хариулж, арай томрох үеэсээ моринд эрэмгий болжээ. Мөн хурдны морь унаж явсан сайхан дурсамж ч түүнд бий. Овооны наадмыг өнгөлж, сумынхаа наадамд айраг түрүү авч, улсад хүртэл дээгүүр давхижээ. Харин багаасаа өсгөлүүн биетэй учир арай эрт унаачийн тооноос хасагдсан гэнэ. Гэсэн ч монгол эр хүний хүлэг морио хүндлэн дээдэлж, хайрладаг жудгаар одоог хүртэл хурдан моринд хорхойтой зан түүнд бий. Дуучны сурагч нас нь Зуунмод хотын 10 жилийн сургуульд өнгөрчээ. Энэ үеэс дуу хөгжимд дурлаж, уран бүтээлч болох замнал нь эхэлснийг тухайн үедээ бяцхан хүү хэрхэн анзаарах билээ. Ангийн найз “дэлдэн” Ганаа нь түүнийг сайхан дуулдаг юм. Урлагийн үзлэгт оруулаач гэж багшдаа санал тавьснаар анх удаа ангийнхныхаа урд “Завхан гол” дууг дуулснаар нүүр хагарсан түүхтэй. Энэ үеэс урлагийн үзлэгтээ түрүүлж, сургуулийн аварга дуучин гэсэн үнэмлэх өвөртлөх болов. Энэ бол өнөөгийн дэлхийн дуучин Г.Ариунбаатарын уран бүтээлч болох замналын дөнгөж эхлэл нь байсан юм.
ЦАГДАА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ СУИС-ИЙН БОСГООР АЛХААД БУЦАВ
Г.Ариунбаатар цагдаа болох мөрөөдөлтэй байв. Тухайн үед Цагдаагийн академид шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл нь замхарчихсан юм шиг бодож явахад нь “Миний хүү сайхан дуулдаг юм чинь урлагийн хүн бол” гэж ээж, аав нь зөвлөснөөр дэлхийн тавцан руу тэмүүлэх дараагийн замдаа орсон нь СУИС-ийн босгоор алхаж орсон явдал байв. Анх Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь болсон байна. Сайн зохиолын дуучин болох бодолтой байсан хүү урлаг гэдгийг улам ойр, сэтгэл зүрхнээсээ мэдэрч эхлэхдээ дуурийн урлагт татагдах болжээ. Гэвч хоёрдугаар дамжаанд байхад нь Д.Банди багш нь өөд болж. Шавь нь амьдралын шалтгаанаар сургуулиа орхиж, энэ хугацаанд олон ажил хийж үзсэн ч дуучин болох хүслээ тэр орхиж, гээсэнгүй. Цагдаагийн “Сүлд” чуулгат шалгалт өгөөд тэнцжээ. Энэ үед чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаа заавал сургуулиа төгс гэж үүрэг өгснөөр эргээд СУИС-даа орж, эчнээ ангийг төгссөн аж. Оюутны амьдралтай холбоотой сайхан дурсамж түүнд бий. Гавьяат маань хотод эмээ, өвөөтэйгөө амьдардаг байж. Хааяа унааны мөнгөгүй болчихоод сургуулиасаа гараад гэрлүүгээ алхах үе олон. Одоо ч сургуулиас нь талбай хүртэлх зам түүний нандин дурсамжийг өгүүлэх мэт сэтгэлд нь нэг л тодхон, дотно санагддаг гэнэ.
МӨРДЭС ЗҮҮСЭН ТӨРИЙН АЖИЛТАН
Одоо ч түүний амьдралын нэгээхэн хэсэг болж яваа хамт олон бол Цагдаагийн “Сүлд” чуулга. Г.Ариунбаатарт төрийн сүлдэндээ залбирч, ард түмнийхээ тайван амьдралын төлөө өдөр шөнөгүй зүтгэж явдаг энэ байгууллагын нэгээхэн хэсэг болсон нь эр хүн болж төлөвших, дуучныхаа хувьд илүү боловсроход нөлөөлжээ. Тэрээр энэ чуулгад зөвхөн дуучин байсангүй. Төрийн албан хаагчдын нэгэн адил давхар үүрэг биелүүлж, харуул манаа, эргүүлийн ажилд хуваарилагдаж, үүргээ “онц” биелүүлдэг байв. Одоо гавьяат маань “Сүлд” чуулгынхаа уран сайхны удирдаачийн албыг хашиж байна. Үе үеийн залгамж халаа болсон дүү нар болон нэгэн үеийн уран бүтээлчидтэйгээ хамтарч, чуулгынхаа ирээдүйн төлөө олон сайхан ажлыг эхлүүлчихсэн эхнээсээ үр дүнгээ өгч байгаа тухайгаа хуучилсан. Дөнгөж 18, 19 насандаа энэ чуулгатай амьдрал хувь заяагаа холбосон нь тэр чигээрээ ололт гэж дүгнэж байна. Учир нь эр хүн болсныхоо хувьд төрийн сүлдээ тэргүүндээ залж, мөрдэс зүүгээд, дээд тушаалтнаа болон ард иргэдээ хүндлэнэ гэдэг хувь хүнийх нь төлөвшилд олон дэвшилтэд зүйлийг авчирчээ. Түүнээс гадна цагдаагийн амьдралд түүнд цаг нарийн барих, хүнд хэлсэн амлалтаа биелүүлэх ёс зүйн зарчмыг сургажээ. Тиймээс ч эр цэргийн адил эх орон дуудахад хэзээд бэлхэн зогсох сэтгэлийн хүч түүнд бий.
ДЭЛХИЙН ХОЁР ТОМ ШАГНАЛЫГ ӨВӨРТӨЛСӨН АНХНЫ МОНГОЛ ДУУЧИН
2015 онд дэлхийн дуурийн урлагийн өнгийг тодорхойлж, дэлхийн дуучныг тунхагладаг П.И.Чайковскийн олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар анх удаагаа эх орондоо “Тэргүүн байр”-ын шагналыг авчирч, дэлхийд данстай дуучин болсноо харуулсан юм. Монгол дуучны хоолойг дэлхий биширч, өргөн уудам тал нутагт өссөн монгол хүний хоолой гайхалтай юм гэж магтацгааж байв. Үүний дараахан тэрээр Их Британийн Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд дахин тэргүүлж, амжилтаа баталгаажуулсан. Ийнхүү тэрээр дэлхийд хамгийн нэр хүнд зэрэглэл өндөртэйд тооцогддог хоёр тэмцээнд тэргүүлсэн анхны монгол дуучин гэж дэлхийн дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн гавьяатай. Үүнээс цааш түүнийг урлагийн дардан, гэгээн зам хүлээж буй.
ТОГЛОЛТЫНХ НЬ 40 ХУВИЙГ МОНГОЛ БҮТЭЭЛ ЭЗЭЛДЭГ
Эдгээр уралдаанд оролцохдоо дуучин маань монгол бүтээлээ дуулах дуртай. Тоглолтынх нь 40 гаруй хувийг монгол бүтээл эзэлдэг гэнэ. Энэ нь дэлхийд монгол урлагийг сурталчлах том боломж гэж тэр хардаг. Үүнийг нь дэмжих нэгэн байхад үгүйсгэх хүн ч цөөнгүй таарчээ. Гэвч залуу уран бүтээлчийн цагаахан хор шараар 41 мянган үзэгчтэй дэлхийн шилдэг тэмцээн “BBC Cardiff Singer of the World”-д монгол дуугаа дуулна гэсэн зорилго тавиад биелүүлжээ. Тэрээр нэгдүгээр түүвэрт Н.Жанцаноров гуайн “Чиний минь нулимс” романс, хоёрдугаар шатанд Б.Шарав багшийнхаа “Монголын тал нутаг” дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлсэн юм. Олон жил урлагийн шүүмжлэгч хийсэн мэргэжлийн шүүгчид түүний дуулахыг сонсоод нулимсаа барьж чадаагүй. Тухайн үед дуучин маань монгол гэж ямар орон байдаг, тэнд ямар агуу хөгжмийн зохиолчид байгааг дэлхийн сонорт хүргэж чаджээ. Тэрээр үүнийгээ цаашлаад дараа, дараагийн монгол дуучин хоолойн чадлаа дэлхийд таниулах, монгол бүтээлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хийж буй том хувь нэмэр гэж хардаг. Энэ нь ч үнэн. Г.Ариунбаатар одоо Буриадын “Марийнский” театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд тэрээр театрын урлагт дурлажээ. Театрын уран бүтээл хэрхэн бүтдэг, түүний ард ямар олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг, театрын дуучин хүн зөвхөн дуулаад зогсохгүй жүжигчний уран чадварыг эзэмших ёстойг мэдэрч. Үүнээс гадна тэрээр Английн хатан хааны ордонд дуулсан юм. Хатан хаан түүний хоолойны сайхныг биширч, талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
МОНГОЛ БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ ЗОРИЛГОТОЙ
Г.Ариунбаатарын “Монгол сонгодог III” тоглолт тун удахгүй болно. Тэрээр тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Бидний хувьд монгол сонгодог гэдэг далайцтай том ойлголт. Энэ нь монгол уран бүтээлчдийн бүтээлийг амилуулж, дэлхийд сурталчлах том зорилгыг тавьсан дуучин залуугийн хүсэл зорилгынх нь нэгэн үзүүр билээ. Зорилгоо биелүүлэх эхлэлээ анх 2011 онд “Монгол сонгодог I” тоглолтоороо тунхагласан юм. Харин 2015 онд ээлжит тоглолтоо тавьснаас хойш хоёр жил өнгөрчээ. Эхний тоглолт зөвхөн Н.Жанцанноров гуайн бүтээл эгшиглэж байв. “Монгол сонгодог II”-т Монголын сор болсон бүх хөгжмийн зохиолчийн шилдэг бүтээлээс түүвэрлэж байсан юм. Харин энэ удаагийн тоглолт дэлхийн ба монгол сонгодог гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Түүний тоглолтыг Үндэсний урлагийн их театрын дарга, шинэхэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл найруулж байна.
ЦАГ НЬ БОЛОХООР ЭХ ОРОНДОО ИРНЭ
Дуурийн урлаг Г.Ариунбаатарт амьдралын үнэ цэнийг ойлгуулжээ. Тэсвэр тэвчээр, амьдралын ухаан, алдаа оноо бүгдийг тэрээр энэ урлагаас мэдэрсэн. Хэдийгээр түүний хувийн амьдралын тухай олон таагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагддаг ч дуучныхаа хувьд тэрээр хэдийнэ өөрийн вант улсаа босгосон нэгэн. Дуучин маань өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо буусан юм. Тэрээр юуны өмнө төрсөн гэр, ээжийнхээ гарын хоолыг санасан гээд инээмсэглэв. Уран бүтээлээрээ дэлхийд танигдсан ч ижий аавдаа бага балчир хэвээрээ. Аав нь түүнд үнэний мөртэй яваарай гэж захидаг байжээ. Энэ сургаалийг нь хүү нь сэтгэлдээ санаж л яваа. Чөлөөт цагаараа хоол хийж, кино үзэх сонирхолтой. Сүүлийн үеийн уран бүтээл нь саяхан найзуудынх нь бүтээсэн “Зүрхний хилэн” киноны дуу. Дуучин Г.Ариунбаатартай ярилцах зуур их энгийн, хөгжилтэй хүн юм гэсэн бодол төрсөн. Үе, үехэн үл мэдэг инээмсэглэл тодруулан, ажил амьдралын түүхээ сөхөх дугаарын зочин маань цаг нь болохоор заавал эх орондоо суурьшина гэж байна лээ. Түүнийг урлагийн бурхан Янжинлхам үргэлж ивээг.
Ч.Гантулга