У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын түрүүч ажлаа аваад долоо ч хонолгүй бүдэрч, Засгийн газраа ичээж эхэллээ. Энэ танхимд Н.Энхболд, Д.Цогтбаатар, Г.Занданшадар нарын МАН-ын урдаа барьдаг часхийсэн гишүүд багтсан. Гэвч үг, үйлдэлээрээ алдаа хийсэн сайд нар нь танхимынхаа онооноос зулгаах маягтай болов. Сайд нарын болчимгүй үг, үйлдэл хэтэрвэл У.Хүрэлсүхийн танхим оршин тогтнох хугацаагаа тоолуулах муу үр дагавартай юм.
Иргэдийн дургүйг хүргэсэн хамгийн болчимгүй мэдэгдлийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа УИХ-ын чуулганы танхимд хийсэн талаар олон нийтийнхэн шуугиж байна. Тэнд сайдыг “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй. Тэрэн шиг 300 мянган төгрөг тараахад татгалзах багш гарч ирэхгүй байх” гэж хэлсэн тухай гомдлууд хөвөрч байгаа юм.
Харин сайдын хэлсэн үгийг шүүрдэж үзвэл тэр “Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад, хүнд хэцүү цагт нь урамшуулал хэлбэрээр бодит орлогыг нь нэмэх гэж байна. Энэ нэг удаагийн буцалтгүй тусламж биш. 2018 оны төсөвт энэ хэмжээний мөнгө тусгагдсан байгаа. Улс орны нийт эрх ашгаас давсан нэг салбарын эрх ашиг гэж байхгүй. Хүнд ажиллаж байгааг нь ойлгож байна. Тэгээд мөнгө шийдээд өгч байхад хүлээж авахгүй бол ёсзүйн хувьд ярих асуудал. Мөнгө өгөхгүй гэсэн бол яах вэ. Өгнө гэж байхад ажил хаяна гэж байгааг яаж ойлгохоо би мэдэхгүй байна” гэсэн мөрүүд үлджээ. Олон нийтийн сүлжээнд одоо ч үргэлжлэн шуугиж байгаа дээрх үгийг Ц.Цогзолмаа хэлээгүй ч байж болно. Гэсэн хэдий ч нийгэмд тархсан гомдлыг тэр мөддөө зогсоож чадахгүй нь үнэн билээ.
Өнгөрсөн өдрүүд шинэ Засгийн газарт багтсан сайд нарын дунд хамгийн өндөр рейтингтэй орж ирсэн Ц.Нямдоржид ч ээлтэй байсангүй. ЦЕГ-ын томилгоо хийсэн өдөр ТЕГ-ын мэдэгдэл хийж, Хууль зүйн сайдыг таван удаа улс төрийн зорилгоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан Ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийг өөрчилсөн гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Ц.Нямдорж тайлбар хийсэн боловч тэр нь хангалттай итгэл үнэмшилтэй сонсогдоогүй.
Нөгөө талаар ТЕГ-ын дарга улс төрийн бүлэглэл, тодорхой хэлбэл Н.Алтанхуяг, Ц.Нямдорж, Д.Дорлигжав тэргүүтэй Увсын бүлэглэлийн тухай хөндсөн байгаа. Үүнийг Хууль зүйн сайд үгүйсгэсэн мэдэгдэл хийснээс хойш нэг цагийн дараа тодорсон ЦЕГ-ын шинэ дарга олны анхаарлын төвд орж ирсэн юм. Тэр бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ЦЕГ-ын даргаар томилогдож, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ажиллаж эхэлсний дараа албан тушаалаа өгч байсан С.Баатаржав байсан юм.
Олон нийт ТЕГ-ын дарга худлаа хэлэх учиргүй хэмээн үзээд эхэлжээ. Одоо Хууль зүйн сайдад өөрийнхөө буруугүйг нотлох ганц л боломж үлдээд байгаа. Энэ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсгийг хэн хэн сайд тарааж байсан бэ гэдгийг харуулсан Хууль зүйн сайдын тушаалыг ил болгох явдал. Энэ нь Ц.Нямдоржид ч, У.Хүрэлсүхэд ч нэмэх оноо авчирах юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тойрсон асуудал мөн л халуун сэдэв болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг анхнаасаа У.Хүрэлсүхийн танхимд багтаах сонирхолгүй байсан. Үүнийг Ч.Хүрэлбаатар өнгөрсөн дөрвөн жилийн турш Х.Баттулга гэдэг хүнд төмөр замын луйварын асуудлыг сануулж ирсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан бол ЕТГ-ын дарга З.Энхболд огт өөр сэдэв хөндөх болсон. Одоо Ч.Хүрэлбаатар Монголын байгалийн баялагийг хуваан авсан 30 гэр бүлийн нэг гэдэг нэр хоч зүүгээд байгаа. Сангийн сайдад дахин тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын УИХ дахь бүлэг авч хэлэлцэхгүй байх. Гэхдээ үүнийг даган Ч.Хүрэлбаатарын факт гэхээр баримтууд олноор дэлгэгдэж эхэлбэл гайхах хэрэггүй юм. Ийм үйл явц МАН-ын шив шинэхэн Засгийн газрын нэр төрд нэмэр биш нэрмээс болох нь тодорхой.
1 comment
manai tagnuuliin gazar ih sain ajilladag gej sonsson yum bna.Nyamdorj Hurts halagdhaasaa aij hudlaa medeelel tsatsaad bna gej helj bhiin yag unendee Hurts gedeg hun hezee ch aihgui harin odoo l ene busarmag yavdliig il gargaj tavihgui bol bas daragdaad ajliin heseg soligdood ehlene gedgiig medeed yaraltai hevleliin baga hural hiisen gej itgej bna.ene hergees gadna Erdenetiin SHAHAA 49 say dollariin hereg gej bas yarigdaj bna .Bagshiin huu Anhbayr gegchiig shalgah heregtei yahaaraa iim ih mungunii SHAHAA hiideg hun garaad irevee.ERDENETIIN 49%avchihlaa geed uheh geed bsan saindaa bish shahaanii bizness bhgui bolchih geed baij gej bodoj bna ternees NYAMDORJ shudraga tuldaa butsaasan yum bish ingej uursdiinhuu tuluu l ajilladag bolohoos uls ard tumniihee tuluu shudraga tsarailsan yum bish baij gej bododgoj bna .Odoo ch HUU ANHBAYR DUU ANHBAYRIIN shahaa ch tsetsegleed ehleh bhdaa