Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар өчигдөр (2017.10.23) зохион байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы содон үзэгдлийг хэвлэлүүд дэлгэж байна. Тухайлбал өдөр тутмын сонинууд үндэсний чуулган хуралдсан “Их танхимын хойморт Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зэрэгцэв. Монголын төрийг жолоодохоор сонгогдсон хийгээд томилогдсон хоёрын нөхөрлөл сүүлийн үед ихээхэн “зузаарсан”-ыг монголчууд анзаарч байгаа. Тэдний хамтран зохион байгуулсан анхны том ажил утааг бууруулах санаачилга байлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын “нөхөрлөл” утааны бизнесийг зогсоож чадах уу” хэмээн егөөдөн бичжээ.
Утаа угаас Улаанбаатарчуудын эмзэг сэдэв. Утаа хөндсөн улстөрч болгон ард иргэдээ гэсэн хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй байгаагүй. Утаа гэж дуугарсан болгон түүнийг бууруулах гарцыг голтойхон олж харахыг хүсээгүй. Утаа харин улстөрчдийн хэтэвчийг зузаалах шалтгаан болсон. Үе үеийн Засгийн газар утаа нэр орсон тусгай төсөл хөтөлбөрөөр дамжуулан их хэмжээний мөнгө үрсэн. Түүнийг нь тосон авч угаасан хүмүүс бүр ч олон. Улаанбаатарын утааны зовлон явсан “Утааны найр” болсон гэвэл харин үнэнд арай ойртох биз ээ.
Энэ намрын утааны найрны ард мөн л төсвийн болон хандивлагчдын хөрөнгө их хэмжээгээр зарцуулагдах бололтой. Хэрхэн яаж зарах тухай Засгийн газрын төсөөлөл одоохондоо цаасан дээр буучихсан байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ирэх намар гэхэд тэрхүү төсөөллийн зэс дөнгөж л цухуйж эхлэх юм. Энэ бол утаатай тэмцэх хөрөнгийг үргүйдүүлсэн олон жилийн туршлага билээ.
Үүнээс гадна энэ жилийн утаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд зарим нэг албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх шалтаг болж өгч мэдэхээр байна. Арванхоёрдугаар сарын тачигнасан хүйтэн өдрүүд, Улаанбаатарын иргэдийн утаанд хордсон хоолойн зовлон хоёр зарим нэг албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхэд гайхах хэрэггүй.
Нэг зүйлийг онцлоход утаа ярьж байгаа эхний Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх биш юм. Энэ удаа утааны талаар үе үеийн Ерөнхий сайд нар юу ярьж байсныг түүвэрлэн хүргэе. Тэдний яриаг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжтэй харьцуулаад харвал бүр ч сонин байх болов уу.
Дээрх зөвлөмжийг энд дарж үзнэ үү.
Стандартын шаардлага хангасан, чанарын өндөр үзүүлэлттэй коксон түлшний үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ
С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2008 оны нэгдүгээр сарын 16-нд Монгол Улсын Засгийн газрын 14 тоот тогтоол гарган, үүндээ дээрх мөрийг шингээсэн байдаг. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бүсчлэлийг тогтоож, их, бага тойруугийн нутаг дэвсгэр болон орон сууцны хороололд нүүрс түлэх, хог хаягдлыг ил шатаах явдлыг 2008 оны I улирлаас эхлэн таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд даалган ч байгаа.
С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын тогтоолыг энд дарж бүрэн эхээр үзнэ үү.
Агаарын бохирдолд зарцуулж байгаа хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлнэ
УИХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн чуулган дээр тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд утааны талаар ийм байр суурь баримталж ажиллах гэж байгаагаа мэдэгдэж байв.
С.Батболдын Засгийн газрын бодлогыг энд дарж бүрэн эхээр үзнэ үү?
Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь
Агаарын бохирдолтой холбоотой асуудалд хамгийн их орооцолдож, нэр холбогдсон Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг. Тэр 2013 оны яг өдийд “Улаанбаатарыг 2014 он гэхэд утаанаас салгачихна. Сайхан зуух, сайн түлш тараалаа. Одоо нийслэлчүүдээ хямдхан нүүрсээр хангах гэж байна” хэмээн мэдэгдэж, гэр хороололд очин нүүрс үүрч, хувьдаа оноо цуглуулж амсан билээ. Үүнээс гадна тэр “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” хэмээн ам алдсан удаатай. Гэвч төд удалгүй агаарын бохирдолтой тэмцэх тусгай төсөл “Цэвэр агаар” сан, “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд илэрч түүний хувийн рейтинг унасан.
Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх таван тэрбум төгрөгийг шахмал түлш авахад зориулна
Ч.Сайханбилэг 2014 оны төгсгөлд Засгийн газрын тэргүүнээр томилогдмогцоо Агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ мэдэгдэж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хуралдуулан шуугиан тарьсан. Хурлын дараагаар хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж, шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа авч шөнийн тарифыг 50 хувиар буурууж иргэдээс гайгүй үнэлгээ авсан билээ.
Ч.Сайханбилэг 2015 оны дөрөвдүгээр сард агаарын бохирдол утаатай тэмцэх гол хоёр стратеги бол хийн хэрэглээнд шилжих, орон сууцжуулах явдал. Үндэс сууриас нь шийдэх үндсэн хоёр том стратеги бүрэн хэрэгжих хооронд, ойрын хугацаанд бид гурван чиглэлээр дараах ажлыг хийнэ.
- Нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд туслана.
- Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх 5 тэрбум төгрөгийг 10 хүртэл мянган өрхийн шахмал түлш авах татаасанд зориулна.
- Утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулж, 1 квт/цагийн үнийг 77 төгрөгийг 38,5 төгрөг болгож энэ 12 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд гэр хорооллын айлууд боловсруулсан түлшээр хангаж, хийн түлшийг хэрэглээнд нь нэвтрүүлэх ажлыг удирдан байснаа гэнэтхэн эдийн засаг хямарсан, тийм учраас эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжгүй болсон хэмээн мэдэгдсэн. Ингээд шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх асуудлыг хүчингүй болгож орхисон юм.
Ч.Сайханбилэгийн энэ тухай хэлсэн үгийг энд дарж үзнэ үү.
Утаа бууруулах ажилд эрдэмтэд “дайчлагдав”
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат агаарын бохирдолтой тэмцэх ажлыг Шинжлэх ухааны академитай хамтран эхлүүлж байв. Академийн гишүүдийг агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, бохирдлыг бууруулах хамгийн үндэслэлтэй боломжит шийдлийг ол гэж хэмээн үүрэг өгсөн. Одоо эрдэмтэд тэрхүү ажлын явц, агаарын бохирдлыг бууруулж болох гарцыг олон нийтэд танилцуулах хэрэгтэй болох байх.
Үүнээс гадна өмнөх Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн утаа үйлдвэрлэдэг түлш, уурын зуухнаас татгалзаж, цахилгаан дулаан үйлдвэрлэх чиглэлийг баримтлахаа мэдэгдэж байв. Мөн 2016 оноос эхэлж шөнийн тарифыг тэглэ чиглэлийг Нийслэлийн удирдлагуудад өгч, шилжилт хөдөлгөөнийг хориглосон юм. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн импортыг үе шаттайгаар хориглох талаар хэлж байв. Энэ нь 2002 он ба түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн машинуудын насжилт дууссан гэж үзэж бүгдийг нь хураах , цаашлаад шөнийн тариф 0 болгосон учраас айл бүрийг халаагуураар хангах гэх мэт асуудлыг хөндөж байсан юм.