Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг угтан өнөөдөр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр талыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Улсын ерөнхий прокурорын туслах, тамгын газрын дарга Ц.Арвинбуудай нар гарын үзэг зурж, “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал байлцлаа.
Тус хамтран ажиллах санамж бичигт сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах болон бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцохоор болсон.
Улсын Ерөнхий прокурорын туслах, тамгын газрын дарга Ц.Арвинбуудай ингэж ярилаа.
-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэхүү санамж бичгийн гол зорилго бол сэтгүүлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид тусгагдсан байдаг.
Тэр талаархи мэдлэг ойлголтыг прокурорт олгох, хэвлэл мэпээллийн хэрэгслүүдээр гарч байгаа гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч, олон нийтэд хүргэх. ЮНЕСКО-гийн чиг үүргийн хүрээнд соёлын өв бусад түүх дурсгалын үнэт зүйлс, хил дамнан худалдаалагдсан гэмт хэргийн талаархи мэдээллийг солилцож хамтран ажиллах чиглэлээр прокурор, ажилтны дунд сургалт зохион байгуулна.
Улсын Ерөнхий прокурорын газрын хүлээсэн үүрэг бол сэтгүүлчдийн аюулгүй байдлын хангах талаар санамж зөвлөмж өгөх, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хэвлэл мэдээллийн байгууллагатай прокурорын байгууллага ажиллах гэж байна гэж ойлгож болохгүй. Аливаа төрийн байгууллага хэвлэл, мэдээллийн байгууллагатай өөрсдийн чиг үүргийн хүрээнд хамтарч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна гэв.
Эх сурвалж: Б.АМАРТҮВШИН