Тархины харвалтаар дэлхийд жилдээ 17 сая хүн, зургаан секунд тутамд нэг хүн өртдөг байна. Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг. Манай улсын хувьд зуун мянган хүн тутамд 290 харвалт тохиолдож, 49 нь нас бардаг гэсэн статистикийг салбарын мэргэжилтнүүд өгч байна. Гуравхан сая хүн амтай улсын хувьд маш аюултай өвчин гэсэн үг юм.
Өнөөдөр “Тархины харвалтын дэлхийн өдөр” тохиож байна.Энэ өдрийг “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэж байгаа юм. Одоогоор Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Тархины харвалтын төв ажилладаг. Тэнд жилдээ 1000 -1200 орчим хүн эмчлүүлдэг. Нэгдүгээр эмнэлэгт байгуулагдсан харвалтын нэгжид жилдээ 600-гаад харвалттай хүн эмчлүүлдэг байна.
ДЭМБ-аас манай улсын хүн амд хийсэн судалгаагаар архи, тамхины хэрэглээ хэт өндөр байгаагаас тархины харвалт нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Хүн амын дундах архи, тамхины хэрэглээг багасгах нь энэ төрлийн өвчинтэй тэмцэх гол арга болно гэж тус байгууллагаас манай улсад зөвлөмж хүргүүлсэн байна.
Тархины харвалтын гол шалтгаан цусны даралт ихсэх өвчин болдог. Иргэд цусны даралтаа хянаад сурчих юм бол харвалтын тохиолдол 30 хувиар буурах боломжтой гэнэ. Нийгмийн стресс, хүмүүсийн амьдралын буруу хэвшил нь даралт ихсэхэд нөлөөлж буй учир хангалттай нойр авах, архи тамхи хэрэглэхгүй байх, идэвхитэй хөдөлгөөн хийж спортоор хичээллэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм.
Тархины харвалтаас хүний амь нас, эрүүл мэндийг аврахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн чухал нь иргэд шинж тэмдгийг эрт таних, түргэн тусламж дуудах, анхны арга хэмжээг зөв авах, Харвалтын төвд гурван цагийн дотор хүргэгдэж ирэх ёстой бөгөөд алдсан минут бүрд тархинд эргэшгүй өөрчлөлт явагдаж буйг ойлгох явдал юм. Харвалт хоёр хэлбэрээр илэрдэг. Гэнэт ухаан алдаж, гар хөл татах, огих, нэг талын гар, хөл сулрах тохиолдлыг хүмүүс сайн мэддэг бол хараа гэнэт муудах, хацар ам муруйх, хэл тультрах шинж тэмдгүүдийг тэр бүр мэддэггүй, цаг алддагийг эмч нар хэлж байна. Ийм тохиолдол гарвал шууд 103-т хандах хэрэгтэй. Цаг алдах тусам тархины үхэжсэн эд эсийн тоо нэмэгдэх сөрөг үр дагавартай.
Хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан болоод зогсохгүй үхэлд хүргэх аюултай энэ өвчнөөс сэргийлэхийн тулд уншигч та амьдралын хэв маягтаа эерэг өөрчөлтийг өнөөдрөөс хийж эхлээрэй
tusgal.mn