Уулчдын цогцсыг цасан нурангиас олсон аврагчид металл хайгч захижээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр (2017.10.23) өглөө 06.24 цагт эхэлсэн байна. Эрлийн эхний баг уулыг зорьсны дараа 08.20 цагт эрлийн өөр нэг бүлэг гарсан гэж 16.00 цаг хийсэн шуурхай мэдээний үеэр ОБЕГ-ын албаны эх сурвалж хэлэв.
Эрлийн баг 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг далайн түвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна.
Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр явсан хүмүүс 30-уулаа байсан. Гурван машины жолооч авиралт хийгээгүй. Ууланд 27 хүн авирсан. Тэдний 7 нь эмэгтэй, 20 нь эрэгтэй байсан гэж албаны эх сурвалжууд урьдчилсан байдлаар өгч байна. Уулнаас цуварч бууж ирсэн 10 иргэний 3 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй. Тэд уулын оргилд 21-ны 14.30 цагт гарсан бөгөөд тэнд 30 минут болоод бууж ирсэн. Бууж байх явцад нуранги үүссэн. Бид их айсан хэмээн хэлсэн байна.
Эрлийн багийн нисдэг тэрэг өнөөдөр өглөө Отгонтэнгэр хайрхан дээгүүр тандалтын нислэг хийсэн боловч цастай уулаас тоймтой зүйл олж илрүүлээгүй байна. Уулчдын цогцосыг ослын бүсэд очсон аврагчид болон уулчид цасан нуранги үүссэн ул мөрөөс хөөж олсон гэнэ.
Цогцосыг 3200 метрийн өндрөөс олсон учраас буулгаж, Онцгой байдлын хээрийн штабт авч ирэхэд хугацаа шаардана. Тиймээс станцаар мэдээ авч байгаа. Мөн цогцсыг таних ажил эхлэх боломжгүй. Эрэл хэр зэрэг удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Оройн цагаар цастай ууланд эрэл явуулах боломж бага тул шөнөдөө эрэл зогсох байх хэмээн мөн албаныхан мэдэгдлээ.
Завхан аймгийн Отгон суманд Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой байдлын комисс, Завхан аймгийн онцгой байдлын комисс, Нийслэлээс очсон ОБЕГ-ын баг, баруун бүс болон Завханы Онцгой байдлын албаныхан, ЦЕГ болон аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг, эмнэлгийн ажилчид, цэргийн ангийн 100 гаруй хүн ажиллаж байна.
Орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх ажлыг аймгийн Онцгой комисс хариуцаж байгаа юм байна. Эрлийн бүсэд ажиллаж байгаа аврагчид металл хайгч захижээ.
Манай улсад 20 гаруй уулын спортын клуб үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний арав нь албан ёсны зөвшөөрөлтэй, Үлдсэн нь сайн дурын сонирхлын клубууд байдаг аж. Уулчдын багт “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” нэртэй уулчдын клубынхан багтсан бөгөөд уулын спортын мастер Н.Сүрэнжав гэх хүн удирдаж явсан байна. Гэвч тэр уулнаас эсэн мэнд бууж ирсэн арван уулчны дунд байхгүй байгаа гэнэ.
Уулчдын ар гэрийнхэн өчигдөр орой гурван машинтай Отгон сумыг зорьжээ. Тэд бас мэргэжлийн уулчид авч яваа гэнэ. Өчигдөр орой ОБЕГ ямар дугаартай машинд, ямар утасны дугаартай, хэн гэдэг иргэд Отгон сумыг зорьж байгаа вэ гэдэг мэдээллийг авсан байна. Ослын улмаас ар гэрийнхэн хямарсан тохиолдолд зөвлөгөө өгөх сэтгэл зүйчид ослын газарт ажиллаж байгаа аж. Мэдээллийн төгсгөлд ОБЕГ мэдээг цаг тухайд нь шуурхай хүргэж байна гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү осолтой холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гурван их эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилсон байна. Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээлэл солилцож, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх гурван функтийг тухайн газарт байгуулаад байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын эрүүл мэндийн төвөөс гурван эмч мэргэжилтэн ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан бөгөөд газар нь мөн сэтгэл зүйчдийг ажиллуулж байна.