Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хөтөлбөрүүдийн хүрээнд Дархан дулааны цахилгаан станцад хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа төслүүдийн талаар танилцуулав. 1993-1997 онд “Дархан хотын эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах” хөтөлбөрийн хүрээнд “Дархан-1” ба “Дархан-2” төсөл, 2005 онд “Эрчим хүчний хөтөлбөр-1” төсөл, 2005-2009 онд “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төсөл, 2009-2010 онд зуухны өрлөг дулаалгын төсөл тус тус хэрэгжсэн бөгөөд эдгээрийн үр дүн, ач холбогдлыг тоон мэдээлэлд үндэслэн танилцуулсан.
Мөн ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийн хүрээнд байгуулагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан цахилгаан техник, гагнуур, өрлөг дулаалгын лабораторууд байгуулж, багш бэлтгэх, шинээр мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва герман мэргэжилтнүүдийг Монголд урьж авчран сургалт явуулах, монгол мэргэжилтнүүдийг ХБНГУ-д сургахад ямар ялгаа байгааг тодруулав. Германы сургагч багш нар эрчим хүч, дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүрт нэг сургагч багш бэлтгэсэн. Энэ нь тодорхой хэмжээний үр дүнтэй хэдий ч тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийн тухай бүр шинэчилж чаддаггүй. Харин ХБНГУ-д суралцаж, дадлагжиж буй мэргэжилтэн бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, тоног төхөөрөмж болон технологийн дэвшил, цаашдын хандлагын талаар мэдээлэлтэй болдог давуу талтайг станцын удирдлагууд тайлбарлав.
Үргэлжлүүлэн Н.Чимэддорж захирал УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад 1993 оноос хойш хэрэгжсэн төслүүдийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Үүний зэрэгцээ Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг цор ганц цогцолбор болох “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д хэрэгжиж буй ээлжит төсөл болох Дарханы дулааны цахилгаан станцын 35 МВТ-ын турбины шинэчлэлийн талаар танилцууллаа.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай, тогтвортой болгох, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор Дарханы дулааны цахилгаан станцад 35МВт-ын шинэ уурын турбиныг туслах тоноглолуудын хамт суурилуулах хэрэгжиж байгаа юм. 2018 оны эцсээр дуусах уг төслийн явц болон ойрын хугацаанд хийгдэх ажлууд, цаашид хийгдэх томоохон шинэчлэлийн ажлуудын талаар мөн танилцуулсан. Дархан дулааны цахилгаан станц нь 1950-иад оны үед баригдсан байгууламж учир орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэл хийх боломжгүй. Иймд дулаан цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих хүртэл найдвартай үйл ажиллагаатай байлгахын тулд цаашид тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай, харин үүнд Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээлийг олгох чиглэлээр холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг уламжилсан юм.
Дархан-Уул аймагт эрчим хүч, дулааны шинэ станц барих шаардлага үүссэн болохыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэмдэглээд тэр хүртэл одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор урт хугацаатай зээл авах нь ямар үр ашигтай болохыг тодруулав. Өнөөдрийн байдлаар тус станц цахилгаан эрчим хүчний горимыг 31-32 МВт-р, дулааны эрчим хүчний горимыг 2600-2700 тн усыг 9,0 ата даралттай 70-80 хэмээр халааж Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийг дулаанжуулалт болон хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байгаа бөгөөд хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа.
Станцын насжилт, ашиглалтын хугацаанаас хамаарч ойрын 20 жилийн дотор шинэ станц барих хүртэл дарханчуудын дулаан, цахилгааны хэрэглээг тогтвортой хангах шаардлага бий гэдгийг тайлбарлалаа. Энэ хугацаанд станцын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд тодорхой хэмжээний техник, технологийн шинэчлэл зайлшгүй шаардлага бий гэдэг хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг анхаарч, УИХ-ын түвшинд бүрэн дэмжиж ажиллана. Харин Монгол Улсын Засгийн газрын бодлогын түвшинд ХБНГУ-аас өгч буй хөнгөлөлттэй зээл, санхүүгийн тусламжийг нэн тэргүүнд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд үр ашигтай хэрэгжиж буй төслүүдийг үргэлжлүүлэхэд зарцуулах, тэр дундаа шат дараалан амжилттай, үр ашигтай төслүүд хэрэгжүүлсэн “Дархан дулааны цахилгаан станц”-д хэрэгжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл байх шаардлагатайг анхаараарай” хэмээн хэлэв.
Энэхүү уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн ажлын албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Ч.Батжаргал, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ, Турбины шинэчлэлийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр, төслийн зөвлөх Холгер Шварз болон албаны бусад хүмүүс оролцсон.
Дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ‘Дархан дулааны цахилгаан станц’-ын үйл ажиллагаатай танилцав.
Үүний дараа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, сургалтын үйл ажиллагаа, лабораториудын нөхцөл байдалтай танилцаж, оюутан сурагчидтай уулзав. ШУТИС-ийн Дархан-уул аймаг дахь политехник коллеж нь 2010 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн захирал Ш.Мөнгөндуулга УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад үйл ажиллагаа, сургалтынхаа талаар ерөнхий мэдээлэл танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй ажилтан, 800-аад оюутантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус политехник коллежийн элсэлт улсын дунджаас өндөр байгааг танилцуулсан. ХБНГУлсын Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлтэй 2012 оноос хойш сургалтын хөтөлбөр шинэчилэн боловсруулах, дадлагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг сайжруулах, мэргэжлийн багш нарын мэргэшүүлэх, сургуулийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаагийн үр дүн хэмээн тэрбээр онцолж байв.
Төслийн хэрэгжилт 86 хувьтай байгааг холбогдох байгууллагаас дүгнэсэн бөгөөд үүнд үндэслэн ХБНГУ-ын “Фесто” группын санхүүжилт олгон механик-програмчлал-электроник гэсэн шинжлэх ухаануудын цогц нэгдэл болсон мехатроник техникчид бэлтгэж байгаа аж. Мөн тус группын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх эрхийг олгосон бөгөөд энэ дагуу элсэлт авч байгаа юм байна. Мөн багш нарыг ХБНГУ-д дадлагжуулж, мэргэшүүлэхийн зэрэгцээ тус улсаас нарийн мэргэжлийн багш нарыг солилцох, бусад сургуулийн ижил мэргэжлийн багш, оюутнуудтай хамтын ажиллагаа, туршлага, мэдээлэл солилцох үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.
Танилцуулга мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн лабораториуд, сургалын үйл явцтай танилцлаа.
Мөн оюутан сурагчидтай уулзаж, сургалтын орчин, нөхцөл, онцлогийн талаар ярилцаж мэргэжилтэй боловсон хүчин гэдэг бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдгийг онцолж тэдэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Төгсгөлд нь коллежийн удирдлагуудтай уулзан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт, эрх зүйн орчны талаар санал солилцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
1 comment
Гайхалтай