Долоон уулчны цогцосыг олжээ

2017-10-23 14:56
UUL

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний эрлийн ажиллагаанд оролцохоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар үдээс өмнө (2017.10.23) Завхан аймгийг зорилоо. Эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. 14.00 цагт дахин гурван хүний цогцос олсон мэдээ мөн сонсогдож эхэллээ. 15.30 цагийн үед дахин нэг хүний цогцосын олжээ. Гэвч Онцгой байдлын ерөнхий газар орой болтол албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэв.

Туршлагатай уулчид сураггүй болсон уулчдыг хайрханы өвөр талаас авирахаар явсан гэсэн мэдээллийг аваад “Нөхцөл байдлын хувьд авиралт хийх улирал биш. Цас сайн нягтраагүй байна. Тийм болохоор цасан нуранги үүсэх магадлал мэдээж өндөр. Гэхдээ одоо энэ тухай ярих цаг биш. Эрсдэлийн байдлыг үзэхэд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Сураггүй болсноос хойш 2 хоног өнгөрлөө. Оргилд гарсан хугацаа 16.40 цаг гэдэг орой байна. Ганц зүйл дээр харамсаж байна. Яах гэж олуулаа нэг олсонд орж явав даа. Яагаад яг ийм цаг агаартай үед авиралт хийв ээ. Цас аль тал руугаа нурсныг мэдэхгүй. Хавцал руу нурсан бол аюултай. Магадгүй бууж байгаа тал руу гаа нурсан бол бэртэж гэмтсэн байх магадлалтай. Дундын кэмп байгуулаагүй байх. Бэртэж гэмтсэн байлаа гэхэд бие биенээ чирээд явахад хэцүү” хэмээн мэдэгдээд байна.

Ослын газрыг зорьсон эрлийн багийнхантай Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр ахлагчтай мэргэжлийн долоон уулчин багтсан байгаа.