Мянганы суут хүн Чингис хааны тухай дэлхий нийт өнөөдрийг хүртэл сонирхон судалсаар байдаг. Сүүлийн жилүүдэд түүнийг таниулах зорилготой түүхийн музейг улс орнууд дэлгэн үзүүлэх болжээ. Өнгөрсөн хоёдугаар сард Голландад “Чингис хаан морин дэл дээрээс” үзэсгэлэн нээгдсэн байна.
Үзэсгэлэнд Чингис хааны эдэлж хэрэглэж байсан алтан эмээл, хатдын гоёл чимэглэл, торгон хувцас, баатруудынх нь дайн байлдаанд хэрэглэж байсан зэр зэвсэг гэх мэт 200 гаруй үзмэрийг байршуулжээ. Эдгээр түүхийн эд өлгийн зүйлийг БНХАУ-ын Хөх хотоос авч ирсэн. Европт анх удаа олон нийтийн үзмэр болон хүрч байгаагаараа онцлог аж.
Үзэсгэлэнгийн тайлбарт “Чингис хаан тоолж баршгүй их аян дайн хийж байсан бөгөөд зуун мянган цэргийн хүчээр Монголоос Данубе хүртэлх газар нутгийг эзэлсэн. Түүхэн хамгийн том эзэнт гүрнийг тогтоосон тэрээр морин дэл дээрээс Голландыг ч эзэлж байсан юм” хэмээн бичжээ.
Үзэсгэлэн зургаан сар үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнг зорьсон хүмүүс Чингис хааны тухай илүү мэдээлэлтэй болж, нум сум харвах, одой морь унах, монгол хоол зооглох зэрэг үйлчилгээг авч болох юм байна.