УИХ-ын сонгуулиас хойш усанд хаясан чулуу шиг алга болсон “босоо” С.Ганбаатарын сураг хаврын урьтай зэрэгцэн гарав. Түүнийг МАХН-д элсэж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн нь энэ долоо хоногийн цоо шинэ “бор шувуу” болж байна. Хэсэг чимээгүй алга болчихоод, хэвлэлээр болсон болоогүй үг, сүртэй сураг чимээ дайлган гарч ирдэг улстөрчдийн нэг тогтсон арга бий. Энэ удаа С.Ганбаатар ч уламжлалт энэ аргыг хэрэглэсэн байж мэднэ.
УИХ-д ганц суудалтай МАХН-ын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн нүдний гэм болсон. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөх таамаг бий ч түүнд оноосон ялын хугацаа 2018 онд дуусах тул энэ удаагийн сонгуулийг горьдоод нэмэргүй нь тодорхой байгаа. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн уралдааны талбайд гэргий О.Цолмонгоо хөтлөөд гарч ирэхгүй л юм бол Ч.Улаан ч үгүй, Д.Тэрбишдагва ч үгүй ганцаар шахуу хоцорсон хүн.
Тиймээс Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан С.Ганбаатарт МАХН-ын даргатай хэлж ярьсан яриа, хийсэн тохиролцоо байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн бор шувуу нисгээд хувийн нэр хүнд болон Н.Энхбаярын ааш авирыг тандаж байж ч болох. Үйл явдал хаашаа эргэх болон мэдээллийн аль нь үндэстэй болохыг ирэх өдрүүд харуулах биз ээ.
2 comments
өндөр дээрээс унах ямар байдгийг үзлээ.ганцаардхын зовлон,гацаа боолтонд орохыг үзлээ,ноён урваач нохой шарваач гэж хулхидуулахыг үзлээ.хүн хүнээ барьж иддэгийг үзлээ,хүчтэйн өмнө хүчгүйн нь мөхөсддөгийг үзлээ энэ хүн эхэ хэдэн жилд амьдрал ямар байдгийг маш сайн ойлгосон байх.хүн алдаж болноо алдаагаа давтвал тэр хүн тэнэг гэдгийг энхбаяр дарга яс махандаа ортол ойлгосон байх таныг дэмжинээ элдүүр чин одоо л ханасан байх
С.Ганбаатар зөв сонголт. Монголчуудад өөр ямар ч боломж алга