“Монгол глобал” ХХК-ийн мэдлийн “Саруул” худалдааны төвд өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригт (2017.03.12) үүрээр гал гарсан. Өглөөний 05.00 орчимд гарсан галыг Онцгой байдлын шуурхай алба унтраасан. Тус худалдааны төв СБД-ийн нутагт Орос III сургуулийн баруун урд байрладаг, хотын төвд байдаг худалдааны төвүүдийн нэг. Өчигдөр тус худалдааны төв дээр гарсан галын шалтгааныг тогтоох албаныхан болоод цагдаагийнхан ажилласан. Урьдчилсан байдлаар худалдааны төвийн хоёрдугаар давхарт лангуу түрээслэж байсан түрээслэгчид 300 орчим сая төгрөгийн бараа материал шатсан гэх мэдээлэл байна.
Тухайлбал, галын уршигаар тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД-3 хороонд суух Б-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгний гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгийн хохирол учирчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Гал худалдааны төвийн хоёрдугаар давхараас эхлэн гарчээ. Энэ давхарт бичиг хэрэг, даавуун эдлэл борлуулдаг гэр ахуйн бараа, хүүхдийн хувцас, бэлэг дурсгалын эд зүйл худалдаалдаг 15-16 тасаг байдаг аж. Галын улмаас хоёр, гурван тасаг бүхэлдээ шатсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сард мөн энэ худалдааны төв шатсан. Үүний дараа хоёр тэрбум төгрөгөөр засвар хийж, 100 гаруй хүн түрээслэдэг байсан захыг дахин 100 хүн ажиллах боломжтой болгон өөрчилсөн юм байна.