Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдтай болох дуулиан эхэлсэн наймдугаар сараас хойш УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. Эв түнжингүй болсон 65-ын бүлгийг У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нар толгойлж байгаа. Ерөнхий сайдын албан тушаалыг Ж.Эрдэнэбатаас салгаад Засгийн газарт нь Шадар сайдаар нь ажиллаж байсан У.Хүрэлсүхэд өгөх. Шинэ Ерөнхий сайдын танхимын Б.Бат-Эрдэнийн албан тушаалыг МАН-ын УИХ дахь өөр нэг гишүүн Ж.Бат-Эрдэнэд өгөх зэрэгт чанарын ямар ч ялгаа байгаагүй. Энэ бүхэн ердөө эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн үүнийг ил хүлээн зөвшөөрч зүрхлээгүй юм. Бүлгийн гишүүд аль хэдийнэ хоёр хуваагдан эрх мэдлийн төлөөх тэмцэлд эргэлтгүй орсон гэдгийг аль болох нууцалж байв. Бүлэг эв зүйгээ олно, олчихно, болно хэмээн үе үе мэдэгдэж байсан МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн үг итгэл үнэмшил төрүүлээгүй. Харин өглөө (2017.10.18) эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ МАН-ын бүлэг эрх мэдлийн төлөөх тэмцэлээс болж аль хэдийнэ хоёр хуваагдсан гэдгийг нотлов. Түүний үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Б.Бат-Эрдэнэ: Би Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшин гишүүнийгээ дэмжиж байгаа. Би нэг юмыг гайхаад л суугаад байна. Одоо ингээд албан тушаалаа хуваагаад 60:40-ийн харьцаатай тохироо хийгээд, эрх барьж байгаа намын 65-ын бүлэг нам дотроо хамтарсан Засгийн газар байгуулаад, амар сайхандаа болчихож байгаа юм бол эхнээсээ хэл ам, хэрүүл хийж, энэ бүлгийг хоёр хуваах шаардлага байсан юм болов уу даа гэж би бодоод байгаа юм.
Салшгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл гэж монголчууд хэлдэг. Муу үг бол хэрээс хэтэрсэн. Занал зүхэл, өс хорсол туйлдаа хүрсэн шүү дээ. Би хэвлэл, сошиал үзэхгүй юм болохоор тэрүүгээр юу болсоныг мэдэхгүй. Дийлдэхээ болиод бүлгийн хурал дээр би хэд хэдэн удаа та нөхөд минь одоо болиоч дээ гэж хэд хэдэн удаа би гуйсан. Бүлэг хоёр хуваагдаад хоёр тусдаа хурал хийгээд хичнээн хонов доо. Сар лав болсон байх. Ийм нөхцөл байдалд хүрээд, ийм хэмжээний Засгийн газраа байгуулах байсан юм бол ийм ажил хийх хэрэг байсан юм болов уу даа. Үнэхээр харамсаж байгаа би хэлье.
Энэ нөхцөл байдал эхэлмэгц би хамгийн түрүүнд би Ерөнхий сайд дээр орж хүсэлтээ хэлсэн. Ийм үед би нэрээ татаад хойшоо сууж чадна. Ингээд сэлгээ хийгээд Засгийн газраа эмхлэн зохион байгуулвал яасан юм бэ гэж. Өнөөдөр бол бүх юм болчихсон, бүтчихсэн л гэж байна. Ингээд бүтдэг бол сайн л байна.
2 comments
Undseer urchil
Man namiin xanaj caddaggvi xeden xulgaich ard tvmniig arai l basamjilj uls orniig min elgeer n xebtvvlex zamdaa shuudarlaa yandaa ard tvmen min