Засгийн газрын сайд нарыг томилох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн Б.Пүрэвдорж гишүүний үгийг хүргэж байна.
Ханаа нохойн амаар эргүүлээд барьчих юм бол тоон нь эргээд сарьчихдаг юм. Зүүн тийшээ эргэх юм бол муу ёртой, буулгахаас өөр арга байхгүй. Баруун тийшээ эргүүлэх юм бол жаахан тэсгээнэ. Гэхдээ анхны салхинд л унаад өгдөг юм. Засаг байгуулж байгаа процесс нэг ийм л хэмжээнд явж байна. Ерөнхий сайдаа томилсон. Сайд нараа томилох явц хөшигний ард нууц хуйвалдаанаар л явлаа. Нам дотроо хамтарсан Засгийн газар байгууллаа. Нэг хэсэг нь засгаа муу муухай харагдуулах бүх л юмыг хийж байна л даа. Ингээд явах юм бол нохойн амаар орно оо л гэсэн үг.
Та нар нэг муу 65 хүнтэй отрын гэр л барих гэж байгаа шүү дээ. Зуны отрын гэрийг хичнээн ч давхарладаг юм. Отрын гэр нэг баганатай байдаг. Тэгсэн хоёр баганатай, 65 хүнээ гэрийнхээ хоёр талд 32, 33-аар нь хуваачихсан. Хэн нь ч сайд болох гэж байгаа юм мэдэгдэхээ байсан, ийм л болчихсон байж байгаа. Засгийн газар байгуулж байгаа энэ үйл явц нохойн амаар ороод явах юм бол АН, ард түмэн жаахан дэмжээд тэсгээх байх.
Сүүлийн үеийн байдлаар харах юм бол зүүн тийшээ эргээд 60 тэрбумтайгаа нийлээд алга боллоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр томилогдохдоо хууль хүчний байгууллага хуулийнхаа дээр гарсан, шударга ёс тогтооно, төрийн албанд хариуцлага тогтооно гэсэн. Одоо шүлс нь хатаагүй байхад 60 тэрбумтайгаа нийлээд алга боллоо. Отрын гэрийг 3 сар болоод буулгадаг. Хаврын хавсарга гэхэд та нар энэ Засгаа хийсгэчих вий. Та нарын энэ засгаа булаалдсан хэрүүлээр аав ээж нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхгүй, малчид өвлийг өнөтэй давахгүй, багш эмч нар цалингаа нэмэхгүй.