Таван настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг нийгмийн анхаарлыг татахтай зэрэгцэн иргэд, эцэг эхчүүд сая л нэг хүүхдүүд рүүгээ анхаарав. Тэд олон нийтийн сүлжээнд бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлж эхэлмэгц улстөрчид сая л нэг нойрноос сэрж, жагсаал цуглаан зохион байгуулах, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуульд байх заалтыг чангатгах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлалаа.
Дуулиан шуугиан эрчээ авч байхад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө зарлан тунхагладаг Төрийн бус байгууллагууд ганц үг ганхийж, байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь жигтэй. Монгол Улсад 29 000 Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 3000 нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа өрнүүлдэг гэсэн албан бус мэдээ бий.
Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн зовлон бэрхшээлийг дэлгэн гадна дотны байгууллагаас мөнгө саахдаа сайн Төрийн бус байгууллагууд адал балмад хэргүүдийг түрүүлж мэдээд, таслан зогсоох ажиллагаа өрнүүлж, нийтэд дэлгэдэггүй юм гэхэд хэрэг явдал олны анхаарлыг татаж байхад байр сууриа илэрхийлж баймаар… Гэвч тэд хаачив?
Албаны баримт 1:
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15.0 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Мөн 2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна.
Дээрх баримт хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөнийг өгүүлэх аж.
Албаны баримт 2:
2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна гэсэн баримт Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд дурджээ.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хохирогчийн танил болон итгэж болохуйц ойрын хүн, итгэдэг хүн гэх мэт хүмүүс үйлддэг бөгөөд хүүхдийг эрхшээлдээ оруулахын тулд итгэлийг нь эвдэн хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар дээр дурдсан үйлдлүүдийг хийдэг байна. Өнгөрсөн онуудад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх үзүүлэлтүүдээс харахад бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд нуугдмал хэлбэрээр, удаан хугацааны туршид үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байна.
Тохиолдол 1: |
… Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулсан бөгөөд тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байна. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална гэх зэргээр сүрдүүлсээр байгаад гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн.
Энэ мэтчилэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, гэмт хэрэгтнийг шийтгэх зохицуулалт хангалтгүй байна. Хохирогч бүх зүйлээрээ хохироод дуусах тохиолдол гарсаар байна. (Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын даргатай хийсэн ярилцлагын хэсгээс …) |
Тохиолдол 2: Комисст хандаж иргэн Н 2016 онд “… 2012 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй. Тус гэмт хэргийн хохирогч 4 хүүхдийн 3-т нь 10 сая төгрөг, харин миний хүү А-д 5 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.
… хүү маань өөрийн хүн байх үнэ цэнэ, ирээдүйгээ тодорхойлох итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон. … хохирогч хүүхэд төдийгүй манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна. …тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна… ” гэх гомдол ирүүлжээ (Комисст ирүүлсэн иргэн Н-ийн гомдлоос …)
|
Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна. Тухайлбал Монгол Улсад 2017 оны 1 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний 2 тохиолдол буюу 15 настай 2 хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.
Хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчлөл, охидын эрт жирэмслэлт, үр хөндүүлэх болон төрөлтөд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгаатай холбоотой юм. Мөн нийгэм дэх ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт болон эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалж байгааг Хүний эрхийн комиссын илтгэлд дурджээ.
Иймд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ аль болох богино хугацаанд хохирогчид сэтгэл санааны дарамт учруулалгүй тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, ийм төрлийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байна. Мөн шүүхэд сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна тус тус газрынхан дүгнэжээ.
Д.ХАЛИУН
1 comment
манайд байгаа төрийн бус байгууллагуудын ихэнхи нь албан тушаалтнуудын кармааных. тэд төсөвлөсөн мөнгийг идэж уухын тулд л байдаг. тенд р энэ тэр зарлаж сургалтын эрх өгдөг ухаантай. гэхдээ өөрсдийн хүмүүстээ өгөөд хувааж иддэг.