Өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар хороотой болсон билээ. Тус түр хороонд гишүүнээр элссэн нийслэлийн 39 дүгээр сургуулийн багш нартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Д.Нармандах: Өргөн хэрэглээний барааны үнэ хоёр дахин нэмэгдчихээд байхад цалин хэвэндээ байна

-Багш нарын гар дээр хэчнээн төгрөгийн цалин авдаг вэ?

Д.Нармандах: Би үндсэн цалин 603 мянган төгрөг авдаг. Багш нар дундаа хамгийн өндөрт нь тооцогддог. Үүнээс 370 мянган төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд өгдөг. Цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварт багагүй мөнгө суутгадаг. Багш нарын цалинг нэмэхгүй бол хүндхэн байна. Энэ мэргэжилдээ дуртай болохоор л багшийн ажлаа хийж байна.

-Багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариуд ирэх оноос 30 хувь хүртэл үе шаттайгаар нэмэх боломжтой гэсэн хариу өгсөн. Уг хариутай санал нийлж байна уу?

-Одоогоос хэдэн жилийн өмнө багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Тухайн үед эрх баригчид үе шаттай 30 хувь нэмнэ гэж хэлээд 20-25 хувь л нэмсэн. Гол нь тухайн үеэс хойш өргөн хэрэглээний барааны үнэ хоёр дахин нэмэгдчихээд байхад багш нарын цалин хэвэндээ л байна.

Ц.Долгорлхам: 2012 онд багш нар 440 долларын цалин авдаг байсан. Харин өнөөдөр 200 доллар болсон

-Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагад он гараад 25-30 хувь, тухайн жилдээ 50 хувь нэмнэ гэсэн хариу ирсэн. Багш нар энэ хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ сарын 5-нд болсон Багш нарын онц их хурлаар “Багш нар энэ оныг дуустал цалингаа 50 хувь нэмүүлнэ. 2018 оны нэгдүгээр улиралд 50, дөрөвдүгээр улиралд 50 хувь нэмүүлэх хэрэгтэй гэж ярилцсан. Ингэж нэмбэл шаардлага тавьсан сая 600 мянга төгрөгийн цалинг авах боломж бүрдэж байгаа. Багш нарын цалингаа нэмэгдүүлэх тэмцэл цаашдаа үргэлжилнэ. Би бол энэ тэнд жагсаал, цуглаан оролцдог хүн биш. Өнөөдөр багш нарын амьдрал маш хүнд байна. Тиймээс би сургуулиа төлөөлөөд Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны тэмцэлд оролцож байгаа. Өнөөдөр миний цалин амьдрал ахуйд хүрэлцэхгүй учраас энэ тэмцлийг дэмжиж байгаа. 2012 онд багш нар 550 мянга төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед ам.доллар 1250 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өнөөдөр долларын ханш тухайн үеийнхээс хоёр дахин нэмэгдчихээд байхад багш нарын цалин хэвээрээ байна. Багш нар цалингаа өм цөм нэмүүлэхгээд байгаа бус 2012 онд 440 долларын цалин авч байсан. Өнөөдөр долларын ханшаар тэр хэмжээний цалингаа авъя л гэж тэмцээд байгаа юм.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Улсын төсөв хүнд байгаа энэ үед багш нар энэ асуудал дээр буулт хийх үү?

-Багш нар буулт хийхгүй. Яагаад гэвэл өнөөдөр багш нар зарим байгуулагын цэвэрлэгчээс бага цалин авч байна. Мөн улсын сургуулийн нэг багш 30-60 хүүхэдтэй ажилладаг. Ийм нөхцөлд ажиллаж байгаа багшийн мэдрэл, үе мөч, хоолой ам бүх л эд эрхтэн өвддөг. Ихэнх багш үе мөч, зүрхний өвчтэй болдог. Миний хувьд 50-60 хувийн тархины нарийсалтай гэсэн онош гарсан. Цаашлаад багш нар ар гэртээ өр зээл үлдээгээд нас барах нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс гадна дан ганц бага ангийн багш гэлтгүй боловсролын салбарын ажилтан, ажилчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ багш нарт хариуцуулах болсон.
Үүнээс гадна багш нарын цалинг нэмэх эдийн засгийн бололцоо байгаа гэж боддог. Жишээлбэл, Бондын мөнгөнөөс зээл авсан улстөрч, томоохон бизнес эрхлэгчид улсад өрөө төлөх хэрэгтэй. Засгийн газар зөв менежмент хийж уул, уурхайгаас орж ирж буй мөнгөнд хэмнэлт хийж, хэрэгцээгүй газар зам тавих, барилга байгууламж барихаа зогсоож, дэд сайдын албыг бүр мөсөн байхгүй болгох хэрэгтэй. Одоо нийгэмд багш нарын тэмцлийг дагаад эрүүл мэнд, соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавиад эхэллээ. Гэхдээ багш нар цалин нэмэх тэмцлийг эхлүүлдэг тэдний цалин хамгийн бага дүнгээр нэмэгддэг. Бид барьцаж байгаа юм биш. Гэхдээ зарим мэргэжил, тэр дундаа шүүгчдийг авлигад өртөж мэднэ гээд цалинг нь өндөр маш болгосон. Гэтэл багшийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмж муудсанаас багшлах хүнгүй, багшийг хүндлэхээ больсон. Мөн бүх бурууг багшид тохдог, багш нарыг дуртай нь дарамталдаг үзэгдэл бий болсон. Бүх л мэргэжлийн хүмүүс багштай, багшаар дамжуулан эрдэм мэдлэг, мэргэжилтэй болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Багш нар ОУВС-гийн байрны гадаа жагсаал хийхээр төлөвлөсөн гэсэн. Ямар шаардлага тавих вэ?

-Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017-2018 оныг хүртэл ямар ч салбарын цалин нэмэхгүй гэсэн тохиролцоо хийсэн. Бид ОУВС хэлэлцээрээ эргэн хараасай. Цалин нэмэхгүй гэсэн тохиролцоонд өөрчлөлт оруулах, нээлттэй ханд гэсэн шаардлага тавина.

-Засгийн газар болон Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хэрхэх вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт гэрээ хэлэлцээрийн хариунаас хамааран багш нар хугацаагүй ажил хаях эсэх асуудал шийдэгдэнэ. Гэхдээ багш нар цалингаа нэг сая 600 мянган төгрөг болгох талд хатуу зогсоно. Бид ийм хэмжээний цалин авч байж ар гэрээ боломжийн авч явж чадна. Ирээдүйд улс төрчдийн хүүхдүүд гадаад руу явчихаж болно. Гэтэл энэ улсад чинь бидний үр хүүхдүүд үлдэнэ шүү дээ. Тэгэхээр багш нар зөвхөн өөрсдийнхөө төлөө бус ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ.

Б.Долгорсүрэн: Хүүхдэд хайртай, сургуульд ажиллах сонирхолтой учир багшилж байна

-Багш нарын цалин 30 хүртэлх хувиар үе шаттай нэмлээ гэж бодоход та нарын амьдрал ахуйд хүрэлцэх үү?

-Б.Долгорсүрэн: Би боловсролын салбарт 29 жил ажиллаж байна. 608 мянган төгрөгийн цалин авдаг. Олон засгийн нүүр үзлээ, цалин нэмэх болов уу гэж горьддог байсан. Хүүхдэд хайртай, сургуульд ажиллах сонирхолтой учир энэ ажлаа хийсээр ирсэн. Улс орон мөнгөгүй байна гэдгийг харж үзээд өдий хүртэл ухамсартай хандсаар ирсэн. Багш нарын цалинг 30 хувь нэмлээ гэхэд миний цалин 180 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Гэтэл миний гар дээр авах мөнгөнөөс тэр хэмжээний мөнгийг улс шимтгэлдээ эргүүлээд авна. Мөн би ипотекийн зээлийн эргэн төлөлтөө төлнө. Үүнээс гадна би хүүхдүүд сургаж байгаа хүн. Тиймээс тэдэнд аль болох чанартай боловсрол олгохын тулд хэрэгцээтэй хичээлийн үзүүлэн, техник хэрэгслээ өөрийн мөнгөөрөө худалдаж авдаг. Хавар болоод ангидаа засвар хийлээ гэхэд эцэг эхчүүд мөнгө хураалгах тал дээр хойрго. Зарим нь өгнө, бүр огт өгөхгүй хүмүүс байдаг. Тэгээд өнгөрсөн зууны гэмээр орчин нөхцөлд хүүхдүүдээ сургах хэцүү. Цэвэрхэн саруул сургалтын орчныг бүрдүүлэхийн тулд багш нар өөрсдөөсөө мөнгө гаргадаг. Би өөрөө гурван оюутан хүүхэдтэй байсан. Өмсөж байгаа хувцсаа солихгүй шахуу өдөр хоногийг өнгөрөөсөөр тэднийг төгсгөсөн. Хань ижил минь ажил хийдэг учир тэр хүнд үеийг давсан. Одоо тэтгэвэрт гарах хугацаа дөхлөө. Насаараа боловсролын байгууллагад ажиллаж хүний хүүхдийн төлөө явлаа. Миний төгсгөсөн хүүхдүүд өндөр цалинтай ажил хийж байна. Тэд надтай уулзахаар ирэхдээ цалин чинь хэвээрээ байгаа юм уу гэдэг. Зарим үед хүн амьтнаас ичих юм. Багш гэдэг хүний нэр хүнд унаж байна. Цалин бага учир ихэнх төгсөгч багшийн ажил хийдэггүй. Үүнээс үүдэн ажлын байрны эрэлтээс хамаараад C, D үнэлгээ авдаг оюутнууд төгсөөд багшаар ажиллаж байна.

Р.Эрдэнэ: Нэг хүний цалингаар өдий хүртэл ар гэрээ авч явсан

-Цаашдаа Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос зохион байгуулсан арга хэмжээнд оролцох уу?

Р.Эрдэнэ: Би мөн л боловсролын салбарт 28 жил ажиллаж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүн. Ганц хүний цалингаар өдий хүртэл ар гэрээ авч явсан. Тэвчээр барагдсандаа л тус хорооноос зохион байгуулсан ажил хаялтад оролцсон. Цаашдаа ч нийт багштай нэгдэн тэмцэлд орно гэж бодож байна.
Ц.Долгорлхам: Төр засгаас багш нарын цалинг нэмэхийг дэмжихгүй бол Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо тэмцлийн хурц хэлбэрт орж, өлсгөлөн зарлана. Цаашлаад Засгийн газар багш нарын цалинг нэмэхийг дэмжихгүй бол огцруулах санал хураалт олон нийтийн дунд явуулна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Ханшийн өсөлтөөс хамаарч багшийн цалин 2012 оныхоос 50 хувиар “буурчээ””

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн